Ц.Нямдорж: Намайг "маажаад" нэмэргүй

-Таныг Х.Баттулга сайдаас уучлалт гуйх ёстой гэсэн шүүхийн шийдвэр гарсан хэмээн мэдээлж буй. Та ер нь уучлалт гуйх уу?
-Дээд шүүхэд давж заалдах өргөдлөө бичээрэй гэж би өмгөөлөгчдөө хэлсэн байгаа. Дээд шүүхэд бүх баримтыг нь өгсөн ч дутуу байна гээд шалгаж байгаа гэсэн. Гэвч захиалгатайгаар шүүхийн шийдвэр гарсан. Би ер нь энэ шүүхээр тоглоод байгаа юм. Хан-Уул дүүргийн шүүхэд байхад нь би Чингэлтэй дүүрэгт шилжүүлэх хүсэлт гаргасан, үүнийг ёсоор болгосон. Чингэлтэй дүүргийн шүүх, хотын шүүх ямар шийдвэр гаргана гэдгийг би мэдэж байсан. Би энэ үйлдлээрээ Монголын шүүх хэн болсныг ард түмэнд ойлгуулах гэж шүүхээр жаахан тоглож байгаа юм. Одоогийн шүүхийн удирдлагууд шүүгчид биш улстөрийн захиалгат хуулийн "алуурчид".
-Таныг Хууль зүйн сайд байхдаа томоохон хэргүүдийг нуун даргадуулсан гэж АТГ-т шалгуулахаар өгсөн гэсэн. АТГ-аас танд ямар нэг мэдээлэл өгсөн үү?
-АТГ-т өгсөн гэж хэвлэлээс уншсан. Намайг АТГ-т өгсөн гээд байгаа Л.Цог, З.Баянсэлэнгэ нар бол хууль мэдэх ёстой хүмүүс. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах үйл ажиллагаанд Хууль зүйн сайд оролцдоггүй. Хэрэг болгоны дугаарыг прокурор өгдөг. Өөрөөр хэлбэл, таслан зогсоодог эрх нь прокурор эдэлдэг. Хууль зүйн сайд ямар ч хэргийг шалгасан мэдээлэл гадагшаа гаргадаггүй. Хэргийн талаархи мэдээллийг зөвхөн мөрдөн байцаагчийн зөвшөөрлөөр гадагшаа гаргана гэсэн хуулийн үг байдаг. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө "синдром" нь хөдөлсөн хүмүүсийн үйлдэл гэж би ойлгож байгаа. Ер нь бол 1990 оноос хойш би хууль зүйн салбарт ажиллаж байгаа. Тэгэхэд би хавтаст хэрэг бариад Хууль зүйн яам, Төрийн ордон руу ордог прокурор харж байгаагүй. Нуун дарагдуулсан гэдэг бол худлаа мэдээлэл. Намайг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө "маажиж" байгаа юм. Намайг "маажаад" нэмэргүй. АТГ-аас нэг ч удаа дуудаагүй. Хэрэв дуудах шаардлагатай бол дуудах л байсан.
-Сүүлийн үед МИАТ, Эрүүл мэндийн сайд, Ё.Отгонбаяр гишүүн зэрэг томоохон байгууллага, албан тушаалтны хэргүүд илэрч, шалгагдаж байна. Энэ нь хууль зүйн шинэчлэлийн үр дүн үү?
-Тийм зүйл байхгүй. Энэ хэргүүд эцэстээ шүүхээр яаж шийдэгдэхээс л үр дүн хамаарна. Шүүхийн шийдвэр гараагүй байхад хэнийг ч гэмт хэрэгтэнд үл тооцно гээд Үндсэн хуулинд заачихсан байгаа. Шүүхээр асуудал эцэслэн шийдэгдсэний дараа л гэмт хэрэгтэн болно. Миний хувьд анхаарал татаж байгаа зүйл гэвэл гэнэт Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө шил шилээ дарсан ийм хэргүүд цувраад байгаа нь гайхшрал төрүүлж байна. Жишээлбэл, сэйфэнд байсан 17 тэрбум төгрөгийг анх Баабар “Өдрийн сонин”-д бичсэн. Тэгээд энэ ямар учиртай юм бол гээд сураг ажиг тавихад юм мэдэгдээгүй гэж яригдаж байсан. Гэтэл одоо болсон чинь унтаж байгаад сэрсэн юм шиг хайгаад, эрэн сурвалжлаад л эхэлсэн байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ