Үлэг гүрвэлийн түр музей үүдээ нээлээ
Үлэг гүрвэлийн түр музейн нээлт өнөөдөр 09.30 цагтСүхбаатарын талбай дээр боллоо. Энэхүү “Би гэртээ ирлээ" арга хэмжээний нээлтэд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, АНУ-ын Элчин сайдын яамны бие төлөөлөгч болон албаны бусад хүмүүс оролцож, нээлтийн туузыг хайчилсан юм. Энэ үеэр Сүхбаатарын талбай дахь түр музейг барьсан “М-Ойл” компани, дотоод тохижилтыг хийсэн “Цэнхэр од” компани, харуул, хамгаалалтын асуудлыг хариуцан ажиллаж буй “Owl Security” хамгаалалтын албаныханд өргөмжлөл гардуулсан юм. Т-Батаарыг эх оронд нь авчрахад хамгийн анхны туслалцааг үзүүлэн ажилласан палеонтологич М.Болорцэцэгийг “Алтан гадас” одонгоор шагнаж, урамшууллаа. Тэрээр монголдоо цөөхөн хэдхэн палеонтологичдын нэг аж. Мөн түүнчлэн энэ үеэр “Монгол онгод” хамтлаг “Би гэртээ ирлээ” хэмээх шинэ бүтээлээ иргэдэд танилцуулсан юм.
.
Сүхбаатарын талбайд байрлах энэхүү Үлэг гүрвэлийн түр музейд баримтат кино, зарим нэг олдворыг мөн байрлуулж, энэхүү олдворыг эх нутагт нь авчрах хүртэл өрнөсөн үйл явцыг фото зураг болоод тайлбартайгаар тавьжээ. Нээлтийн арга хэмжээний дараа иргэдэд үзмэрийг сонирхуулж эхэлсэн юм. Түр музейг ирэх есдүгээр сар хүртэл төв талбайд байршуулж, Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн олдворыг олон нийтэд үзүүлэх юм. Ингэхдээ 0-6 насны хүүхдүүд, ахмад настнуудад үнэгүй, 7-16 насныхан 500, насанд хүрэгчид 1000 төгрөгийн тасалбар авч, түр музейд зочлох боломжтой юм.
.
Тираннозавр Батаар араас янз бүрийн цаг хугацаанд, агаараар, бас далайн тээврээр 20 гаруй тооны динозаврын олдворууд удахгүй Монголдоо ирэх юм.
Олдворыг түр музейд тавьсан нь шаардлага хангасан эсэх талаар холбогдох хүмүүс лавлаж байгаа. “Энэхүү олон сая жил хадгалагдсан, чулуужсан олдворын хувьд дэлхий нийтэд баримталдаг, тусгай, тогтсон стандарт гэж байдаг байна. Гэхдээ Монголын бахархал болсон зүйлээ ямар нэгэн хэмжээгээр үзүүлэх хэрэгтэй. Сүүлийн үед дэлхийн цөөхөн хэдхэн оронд л үлэг гүрвэлийн үзмэрийг дэлгэн үзүүлж байна. Тэдгээрээс Монгол эхний гуравт жагсдаг” талаар Шинжлэх ухааны академийн Палеонтологийн төвийн лабораторийн эрхлэгч, доктор Х.Цогтбаатар хэлж байсан юм.




















СЭТГЭГДЭЛ БИЧИХ