
Өвөрмөц, европжуу төрхтэй хэрнээ “Би Монгол хүн” гэж ам бардам хэлэх Г.Золцэцэг сүүлийн үед Katya Zol нэрээрээ олны танил болоод байгаа. Тэрбээр Нью-Йоркийн “Fashion Week”-д оролцсон нь загварын ертөнцийн эрхмүүдийн дунд цахиур хагалсан гэж болно. Гэвч түүний ажлын амжилтаас нь илүүтэй хувийн амьдрал нь хүмүүсийн анхаарлыг татах болж. Katya Zol малайз нөхөртэй, эрлийз хүүхэдтэй гээд л баахан шуугив. Тэгвэл энэ асуудлаар түүнтэй ярилцсанаа уншигч таньд хүргье.
-Таныг нөхөр, хүүхдээ Малайзд хаяад ирсэн гэх мэдээлэл сүүлийн үед хэвлэлээр гарах болжээ. Энэ хэр үнэний ортой мэдээлэл вэ?
-Шар хэвлэл мэдээлэл хүний мууг дэлгэхийг илүүд үздэг юм шиг санагддаг. Энэ бол миний амьдралын нэг хэсэг л байсан. Би бага, залуу байхдаа хүнтэй амьдрал зохиож үзсэн, гэвч энэ амьдрал маань сайн сайхан, тууштай байсангүй. Гадаад хүнтэй гэр бүл болсон хүн цөөнгүй, тэр болгон нь бас алдаа байдаггүй байх. Тиймээс хүмүүс үүнийг шүүмжилж, буруутгах биш энэ хүний амьдралын нэг хэсэг байсан гэдэг өнцгөөс нь хараасай. Миний өнгөрснийг биш, би одоо юу хийж бүтээж байна вэ гэдгийг шинжихийг хүсэж байна. Katya хэн нэг хүнээр тэтгүүлээд, тэр хүнийхээ хүчээр гараад ирчихсэн юм байхгүй. Би ээжээсээ сургалтынхаа төлбөрийг авсан, түүнээс биш өөрөө хөдөлмөрлөж байж, өөрийн хичээл зүтгэлийн хүчээр өнөөдрийн амжилтад хүрсэн. Би бүр жижиг юмнаас эхэлж байсан. Өөдөө зүтгэхдээ хэн нэгний тусламжтай шат алгассан юм байхгүй. Түүгээрээ ч бахархаж, бардамнаж явдаг. Би хөөрхөн хүүхэдтэй. Одоо залуу байна, хүүхэд маань надтай хамт өснө. Үүнийг би аз завшаан гэж ойлгодгоос өөрийгөө хэзээ ч буруу зүйл хийсэн гэж боддоггүй.
- Танай нөхөр малайз, бас ахимаг настай учраас хүмүүс таныг тэтгүүлсэн гэж боддог байх?
-Надаас ах нь үнэн. Гэхдээ үе мултарсан ч юм уу, өвгөн болчихсон хүн биш. Ний нуугүй хэлэхэд миний араас хоёр жил шахам хөөцөлдсөн л дөө. Эмэгтэй хүн дасаж дурладаг гэдэг үнэн юм билээ. Нас залуу байсан болохоор амьдралын уртыг ухааралгүй, арай наагуур харчихсан юм уу даа. Гэхдээ хүмүүс хайр сэтгэлтэй хүнтэйгээ л суудаг байх. Олон хүн алдаж, энддэг шүү дээ. Би тэдний нэг. Гэнэн байж дээ гэж боддог ч би үүнийгээ хэзээ ч алд дэлэм алджээ гэж боддоггүй. Харин амьдралын нэг сургамж гэж хардгаа дахин хэлье. Түүнээс биш тэр хүн намайг ивээн тэтгээд өдий зэрэгт хүргэсэн юм огт байхгүй гэдгийг баттай хэлнэ. Би анх нохойны хувцас оёж эхэлж байсан юм. Өөрөө хөөцөлдөж байж л загварын агентлагт орсон. Мөнгө гуйсан хүн гэвэл эцэг, эх хоёр маань л байгаа байх. Би өөрийн хөдөлмөр өөрөө юманд хүрээд байна уу, хүн надад тусалж байсан уу гэдгийг цаг хугацаа харуулах биз дээ.
-Нөхрөөсөө яагаад салчихсан юм бэ. Нууц биш бол?
-Нэг их таарч тохирохгүй зүйл байгаагүй. Katya сурч боловсорч, хийж бүтээх ёстой юм байна гэдгийг би мэдэрсэн. Гэтэл тэр хүн намайг хүүхэд гаргаад, гэртээ суулгахыг хүссэн. Үзэл бодлын зөрчил гэх үү дээ. Намайг ойлгож, дэмжээгүй юм даа.
-Та яагаад хүүхдээ орхиод Монгол руу ирсэн юм бэ?
-Монголд бүр ирнэ гэж бодоогүй. Сургуулиа төгссөнийхөө дараа хэсэг хугацаанд амьдарчихаад буцна даа гэсэн бодолтой эх орноо зорьсон. Тэгсэн ар араасаа ажил ундраад буцаж чадахгүй байна. Би монгол хүн учраас Монголд амьдрахыг хүсэж байна, сайн сайхныг хийж бүтээхээр тэмүүлж байна. Хүүхдийн амьдрах орчин нь илүү сайн гэж үзээд тэнд үлдээсэн. Олон хүн хүүхдээ гадаадад төрүүлээд, амьдруулаад болж л байна. Энэ бол хувь хүний, эцэг эхийнх нь гаргах шийдвэр болов уу.
-Хүүхэд тань Монголд ирж байсан уу?
-Монголд төрсөн, Монголд нэг хэсэг байсаан. Хааяа эмээ өвөө, хамаатан садан дээрээ ирдэг.
-Одоо та хүүхэдтэйгээ ямар харьцаатай байдаг вэ?
-Манай хүүхэд сайн боловсрол эзэмшихээр суралцаж байгаа. Англи, хятад, малайз, мэдээж монгол хэлтэй, мундаг боловсролтой хүн болгоно. Хүмүүжилд нь их анхаардаг. Би нэр алдрын төлөө зүтгээгүй, нийгэмдээ, үр хүүхэддээ сайн үлгэр дуурайл болохын тулд хичээдэг. Хүүхэд минь том болоод ээж нь яагаад ажил, сургуульдаа ихэнх цагаа өнгөрөөж байсныг ойлгоно гэдэгт итгэлтэй байна.
-Хүү тань том болсныхоо дараа “Та яагаад намайг орхисон юм бэ?” гэж асуувал юу гэж хариулахаа бодож байсан уу?
-Орхиогүй шүү дээ. Бид өдөр бүр утсаар ярьдаг, интернэтээр харилцдаг, байнга очиж уулздаг, үргэлж сэтгэл зүрхээрээ хамт байдаг. Ээж нь хүүгийнхээ төлөө л явж байгаа шүү дээ. Хүүхэд минь юугаар ч дутагдаж гачигдахгүй байгаасай л гэж хөдөлмөрлөж байна. Би хүүгээ чадахаараа л ээжийн хайранд умбуулж өсгөж байгаа учраас тийм асуулт асуухгүй байх аа. “Ээжээ танд баярлалаа” гэж хэлнэ гэдэгт итгэлтэй байна. Тухайн үеийн золиосыг ойлгох байх. Хүмүүс ч заримдаа хатуу шүү. Хүүгээ маш их санадаг. Би урьд нь аавыгаа яг ингэж санадаг байсан. Гэхдээ хийж бүтээнэ, би энэ бүхний ард гарах ёстой гэж өөрийгөө ирлэж амьдардаг.
-Баярлалаа.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ