
Манай соёлын өв гэх зүйл хятадуудын өмч болчих гээд сандаргаад байгаа мэдээ, мэдээ биш моод боллоо гэж хэлж болохоор байна. Монгол бөх эрийн гурван наадмыг “Хай манайхаа” гэж UNESCO-д бичиг цаас цуглуулж гүйсэн. Тэгэхээр нь манайх хаширлаад 6024 бөх бөхийн барилдаан хийж бөхийн эх орон гэдгээ зөрж мэдрүүлсэн. Гэхдээ өнөөх айхтар хятадууд түрүүнд нь 2000 бөх барилдуулчихсан л байсан.
Тэгтэл бас 555 тэмээний уралдааныг Өвөрмонголд хийчихсэн. Зорилго нь Геннисийн номд орох. Манайхан дор нь зөрөөд 1000 тэмээний уралдаан явуулсан байдаг. Үүн дээр нөгөө Үндэсний гэх монгол дээлийг мань бас танайх билүү, манайх билүү гэхгүйгээр “манайхаа” гээд л өмчилж бүртгүүлэхээр хөдөлж сандаргасан.
Энэ мэтээр Монголын гэх онцлогоо тэр дундаа өв соёлоо өнөөх муу хятадуудад алдчих вий гэсэн бухимдал Монголоо гэж омогшдог хүн бүрийг тайван суулгахгүй байна.
Хамгийн сүүлд Ц.Оюунгэрэл сайдын мэдэгдэж буйгаар “эмээл”-ийг бас өөрийн соёлын өв гэж бүртгүүлэх гэж яваа гэнэ. Энэ гайхлуудаас айх шалтгаан сургамж бас байна. Хэдэн жилийн өмнө энэ хятадууд манай хөөмийг бас л “манайхаа” гээд л бүртгүүлчихсэн шуугиан гарсан. Бид бас л араас нь яах вэ гээд сандралдсан. Одоо больё гэж байна. Соёл, спорт, аялал жуулчлалын яам байгуулагдсанаас хойш өнгөрсөн есөн сарын хугацаанд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулж, Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанд оруулахаар болсон байна. Энэ хуулийн төсөл нь бусад яамдаас дэмжлэг аваад байгаа ажээ. Энэ хууль батлагдсанаар соёлын өвийг хамгаалах, эрэн хайх цогц бодлоготой болох гэж байгаа талаар Сайд Ц.Оюунгэрэл хэлжээ. Энд бид Соёлын өв гэдгийг юу гэж ойлговол зохилтой вэ гэдэг талаар товч хөндөе.
Өнгөрсөн үеэс бидэнд өвлөгдөн үлдсэн, одоо бидэнд байгаа, ирээдүй хойч үе маань түүнээс суралцаж, түүнийг гайхан биширч, сэтгэлийн таашаал авч байх үүднээс бидэнд үлдээсэн аливаа зүйлийг “Өв” гэж хэлнэ гэх буюу хуульд томъёолж хэлснээр “түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлж чадах түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны ач холбогдол бүхий эд зүйлсийг нийтэд нь соёлын өв гэнэ” гэжээ. Соёлын өвийг биет, биет бус гэж хоёр ангилдаг ба биет өвийг дотор нь хөдлөх, үл хөдлөх гэж 2 хувааж үздэг байна. Хөдлөх дурсгал гэдэгт музейн үзмэр, сүм хийд, хувь хүнд хадгалагдаж байгаа эд өлгийн зүйлс, Үл хөдлөх дурсгал гэдэгт хээр хөдөө оршиж буй эртний булш хиргисүүр, хадны сүг зураг, бичээс хөшөө чулуу, эртний хот, сүм хийдийн туурь зэрэг археологи, палеонтологи, уран барилгын дурсгал хамрагддаг.
Биет бус өвд “Монголын ард түмний оюун санаагаар бүтсэн эх хэл, ардын зан заншил, мэдлэг ухаан, дуу хөгжим, наадам, ардын арга ухаан, уламжлалт технологи зэрэг соёлын өвийн олон төрөл багтана” гэжээ.
Хятадуудын бидэнтэй булаацалдаад өмчилчих гээд байгаа “Уртын дуу”, “Дээл”, “Эмээл” бүхэн энд тодорхойлж хэлснээр бол маргаангүй манайх байна.
Гэхдээ соёлын өв нь тийм, ийм зүйл байна гэхээсээ илүүтэй үндэстэн улсын маань тусгаар тогтнолын нэг том ялгарал дэлхийд өөр давтагдашгүй байдлаар тухайн үндэстэн оршин байж ирснийг нотлох баталгаа бахархал гэж ойлгомоор санагдана. Өвөг дээдэс эзэн Чингисийн баатруудын үеийн эмээлийг хятадууд авчихлаа гэхэд Монголоос хүчирхэг байсан дэлхийг эзэлсэн гэсэн түүхийн баталгаа болохгүй л байх. Харин Монголын бахархал нэгээр дундрах ба бид түүх соёлын их бичээсийн нэг тодоос тод мөрөө хятадуудаар хусуулаад бүдгэрүүлчихнээ л гэсэн үг. Тиймээс ч соёлын өвийг хамгаалж тэмцэж байгаа бүхэн эх оронч хандлага мөн. Гэхдээ бидний хэмжүүр ЮНЕСКО гэдэг газар Хятад гэж нөхдүүдээс түрүүлээд бүртгүүлснээрээ Өв соёлоо хамгаалаад байгаа хэрэг болохгүй юм. Энэхүү нэг талын туйлшралаар өв соёлоо хамгаалах ойлголт хэвших шинжтэй байгааг ч холбогдох яам мэргэжилтнүүд анхаарах ёстойг хэлэх гэлээ. Чөлөөт цагийнхаа ихэнхийг интернет орчин social network-д өнгөрөөж ганц уртын дуу тухтай сонсчих “завгүй “ яваа энэ цаг үеийн залуучуудад өнөөх өв соёлынхоо гайхамшиг мөн чанарыг яаж хүргэж тархинд нь суулгаж байх уу .
Дунд сургуулийн сурах бичгийн хөтөлбөрт нарийн тооцож суулгаж өгсөн л байж таарна. Гэхдээ оюун санаагаа хамгийн ихээр зориулж инээд хөгжөөнөө хайн бас танин мэдэхээр тэмүүлэн цаг зав хайрлахгүй суух тэр интернэт орчинд нь өнөөх бахархан хайрлах өв соёлынх нь талаарх мэдээлэл /conteng/-ийг суулгаж өгөх талаар түлхүү анхаарч харах хэрэгтэй болов уу, Ц.Оюунгэрэл сайдаа. Хууль тодорхой нэг харилцааг зохицуулах утгаараа өв соёлын хамгаалах асуудал ойлгомжтой цэгцтэй болно. Харин иргэдийнхээ тэр дундаа хүүхэд залуусынхаа оюун ухаанд өв соёлынх нь ойлголт бахархалыг хуулиар, бас багшийн 45 минутын уйтгартай хичээлээр шууд суулгахгүй л дээ.
Дэлхийд Монгол гэж байгааг бидний хөрслөг бордуу царай, хүрэн нүд, морь унасан жаалаар биш, хөлгүй мэт яригдах уул уурхайн баялгаар биш, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөр ч биш харин 4 цагийн талд шуранхайлах Уртын дуу, уул усанд өргөх цайны цацал, Эрийн гурван наадам, цээл сайхан морин хуурын татлага, хөөмий тууль, Орхоны буурал хөндийд байх цогцолбор газар, хөшөө цайдмууд түүн дээр бичигдсэн их түүхийн дурсгал бичээсүүд зэрэг нь харуулж хүлээн зөвшөөрүүлж чаддагийг хүн бүр, залуу үе маань мэдэж байгаа юу.
Эндээс өв соёлоо хэн нэгэнд овоглуулан алдахаасаа айх бага хэрэг. Харин өөрсдөө үл ойшоон, үр хойчоороо огоотон мартвал угаас өв соёл гэж байхгүй болох юм. Бид одооноос өв соёлоо дархлаажуулан үлдээх талаар бодож танин мэдэхүйн сургалт сурталчилгааг цоо шинээр харж түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй болоод байна. Толгой эргэм Медиа хөгжил мэдээллийн дунд бишрэн алмайран зогсох гартаа Iphone гэдгийг барьсан хүүхдийнхээ өмнө өв соёлын зурагтай ном бариад унш цээжил гээд зандраад байх цаг биш болсон байна.
Ер нь бид Хятадаас илүү гарч Гиннесийн номонд орох гэж дахиж 6024 бөх, 2000 тэмээ уралдуулах ч юм уу, 100000 морины эмээл хийх хэрэггүй юм. Өв соёл маань эндээ, туурга тусгаар Монголдоо үл мартагдаж гээгдэхээргүй, бидний оюун санаанд арчигдахааргүй дархлаатай байх нь л эрхэм чухал. ЮНЕСКО дэлхийн нэг өв Монголд байна гэж бүртгэж олон улсад таниулдаг, харин энэ бол Монголын ч юм уу, Хятадын өв соёл гэдгийг тэд нотолж баталдаггүй юм.
Өв соёлоо бид өөрсдөө л дэлхийд таниулж, сурталчилж, хүлээн зөвшөөрүүлж байх ёстой. Тэр цагт улайхгүй дайрдаг хятадуудыг хазаарлаж чадна. Яагаад гэвэл дэлхийн улсууд энэ өв соёл Монголынх гэж таньж мэдэн зөвшөөрч байхад тэд ЮНЕСКО-д очоод ч яах билээ, айлтгүй болно. Улсын баяр наадмыг бөх, морь, сураар хардаг жишгийг халж эрийн хийморь наадам төдийгүй монголын их өв соёлын нэгэн жилийн их наадам, их цугларалт, тоглолт сурталчилгаа болгон төгөлдөржүүлэхээс эхлэх хэрэгтэй юм. Заавал Чингисийн 900 жилийн ойн наадмыг хүлээж тэр үед л 900 уртын дуучин цуглуулахаар төлөвлөх хэрэггүй. Нэг бол хятадууд манай үндэсний дээлийг булаах гэхээр нь л гэнэт сэтгэж “Дээлтэй Монгол” өдрийг зарлах хэрэггүй юм. Жил бүр л 100, 200-гаараа чуулан дуулж бүжиглэж энэ нь зөвхөн нээлтийн концертоор бус, шавхагдашгүй их төрөл гайхамшгаар хэдэн өдөр шөнө үргэлжилж түүнийг бид болоод дэлхий харж л байг л дээ. Энэ хэрээрээ л соёлын өв маань хүлээн зөвшөөрөгдөж булаацалдах өлөн нүдтэнүүд цөөрнө. Миний л дуулж сонссоноор баяр наадмаар Хүй долоон худагт Монголын урлагийн зөвлөлөөс зохион явуулдаг соёлын арга хэмжээг солонгосчуудтай хамтарч хийдэг гэсэн. Жилдээ ганц наадмынхаа соёлын арга хэмжээгээ хүний нутгийн нөхдүүдтэй хөрөнгө харан хийж байхад Өв соёлыг минь хэн нэг нь булаах, худалдаж авах гэх нь энүүхэнд биз дээ. Ер нь энэ асуудлаар төрийн бодлого нарийн чанд байж, өөрийн соёл түүхээ гаднын эдийн засгийн болоод бусад нөлөөлөлд орж уусан шингэж алдагдахааргүй цогц хамгаалалттай байлгах ёстой.
Эндээс эхэлье Сайд аа, хууль батлагдана, энэ мэдээж чухал. Харин наана нь Монголын өв соёлыг үзүүлэхэд ядаж Монголд нь хэн нэг нь “авторлоод” зөвлөөд спонсорлоод байх хэрэггүй юм. Үүнийг зохицуулахад бас заавал хууль батлагдахийг хүлээх ч хэрэггүй байх.

Наадам хаяанд ирлээ. Хэнээр ч заалгахгүй уяачид шандаст хүлгүүдээ сойж эхэлсэн. Бөхчүүд галдаа гарч, эрхий мэргэд нумаа халаагаад эхэлсэн. Наадам цэнгүүнд цацаж цалгиах мөнгөний дүнгээ төр зарласан.
Харин өнөө гайт хятадууд өмчлөх гээд ирэхээр нь л санаж сандран дэлхийд ганц, манайх гээд байдаг урлаг, өв соёлын гайхамшгууд энэ наадмын хаана нь байна. Наадмын төсвийн 1 тэрбум 581.3 сая төгрөгнөөс 241,3 сая төгрөг буюу 15,3 хувийг урлаг соёлын арга хэмжээнд тавьсан байна. Үүн дээр Сосорбарам гавьяат дэглэж найруулдаг жил бүр л өвөрмөц шинэ болно гэсэн тодотголтой хийдэг дасал болсон нээлтийн концерт дангаараа 140 орчим сая төгрөг гэснээс өөр шинэ юм дуулдахгүй байна. Шинэ яамны шинэ сайдаар ахлуулсан баг их өв соёлоороо бахархсан, ирсэн зочин гийчин, дотоод гадаадынхныг алмайруулж бишрүүлсэн, шинэ өнгө төрхтэй наадам хийх болов уу гэсэн хүлээлт байнаа бидэнд. Өв соёлоо дэлхийд гайхуулсан наадам болох уу ...
П.Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ