Бекхэм ”Тоттенхэм”-д ирэхээр тохирчээ
Америкийн “Лос-Анжелес Гэлакси” багийн тоглогч Дэвид Бекхэм Английн “Тоттенхэм”-д хавар өнгөртөл зээлээр тоглох болжээ. “Тоттенхэм”-ийн дасгалжуулагч Харри Реднапп энэ тухай “Тэр манай багт ирэхийг хүсч байна гэсэн. Энэ мэдээг удирдлагадаа би дамжуулсан. Ойрын хугацаанд Америкийн багтай зээлийн гэрээний тухай ярилцах болно” гэжээ. Америкийн лигийн тэмцээн өндөрлөсөн тул Бекхэм Европт түр зуур тоглохыг сонирхож байгаа юм. Тэрээр өмнө нь Италийн “Милан”-д мөн зээлээр ирж байсан билээ. Харин Харри Реднапп яагаад Бекхэмийг сонирхож буйгаа ийн тайлбарлажээ “Манай баруун захад тоглох хүн алга. Бентли байсхийгээд бэртчихнэ. Би Бекхэмийг бэлтгэл бүрийн дараа үлдэж нэг цаг заавал илүү бэлтгэл хийдэг гэж сонссон. Залуу тоглогчдод түүний энэ шаргуу зан өгөөжөө өгөх учиртай. Би урьд нь Тедди Шерингемийн бэлтгэл хийж буйг сайн хар гэж залуустаа захидаг байсан. Тэр бүх зүйлийг яг зөв хийдэг учраас тэр. Бекхэмийг ч би Шерингем шиг бодож байна” гэжээ. Гэхдээ Бекхэм “Би Англид очвол зөвхөн “Манчестер Юнайтед” л тоглоно” хэмээн мэдэгдэж байсан билээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ