Амар тайван эс амьдрах миний дундчуул

.
Намайг хүүхэд байхад “Эх орны алтан гурвуудаас” сургуулийн нүүр царай илэрхийлэгддэг байлаа. Одоогоор бол кредит үнэлгээний 65 орчим хувь юм уу даа. Дээшээ алтан онцчууд, доошоо нэмэргүй муучуудын нийгэм. Эргээд харах нь ээ алтан гуравтангууд гялалзаад онцчууд мэдсэн, сурсан мэдлэг нь амьдрал дээр биелэлээ олохгүйдээ бухимдан доошилсон гунигт үзүүлэлттэй л байх юм. Бодит амьдралаа ч мэддэг, эрдмийн зах зухыг гадарлахчаан болсон дундчуул яаж ийгээд л амьдралаа аваад явна. Өөрийн хөдөлмөр зүтгэлээр амьдралаа босгосон энэ дундчуул нь баяжлаа гэж илүү харж билүү долоогоогүй. Өөрсдийн жижиг дунд үйлдвэрлэлээ эрхэлж чадвал компани болгон өргөжүүлж хэнбугайд ч хэл балгүй бизнесээ өргөжүүлж явна. Басхүү хэдэн мянган хүнийг ажлын байраар хангаж байна. Төр засаг дарамтлахгүй л бол төд удахгүй босоод л ирнэ. Нийгэм энэ л хүмүүсээр бахархаж хүндэлдэг бол төр ямагт дайсагнасан шинжтэй үйл ажиллагаа явуулна. Улсын төсөвт гайгүй татвар оруулж байгаа томоохон компаниуд жижиг, дунд, том бүхий л тендер, бүтээн байгуулалтад оройлох үүрэгтэйг Засгийн журмаараа зохицуулж, дундчуул жагсаалтаас ямагт хасагдана. Ядаж л Тавантолгой, Оюутолгой мэтийн томоохон ордыг даган байгуулагдах үйлдвэр үйлчилгээний цогцолборт бүтээгдэхүүний нийлүүлэх бололцоог хязгаарлана. Улсад татвараа төлж, бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа тэднийг ийнхүү хяхан хавчиж байхад нийгмийн баялаг бүтээдэггүй хүмүүст төр энэрэнгүй гараа улам бүр сунгасаар байх. Тусламж тэтгэлэг өгөх нь зөв л дөө. Гэхдээ. Загас өгөхдөө биш загас хэрхэн барихыг зааж өгсөн нь илүү баймаар. Төр, олон улсын тусламжийн байгууллагууд түлээ нүүрсийг нь бэлдээд өгнө. Хүнсний картаар хоол хүнсэнд нэмэр болно. Харин бор гэдсээ божийлгочихоод үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээд явах дундчуул энэ бүхний гадна. Ажилтай мэргэжилтэй, авсан цалингаараа машин болон орон сууц худалдан авах боломжтой өрх айл нийгмийн дундаж давхаргад тооцогдоно гэсэн олон улсын жишиг байдаг.
.
Манайд үлгэр л дээ. Гэхдээ л нэмэх хасах 8 хувийн зээлээр 20 хүртэлх жилийн дотор барагдуулан орон сууцтай болох боломжийг Засгийн газар манууст дуулгаад 10-аад хоног өнгөрлөө. Сонгуулийн шоу юу үнэхээр хэрэгжүүлэх гээд байгаа эсэхийг өнөөдөртөө мэдэхгүй. Нарийвчилсан дүрэм журмыг түрүүчийн долоо хоногт танилцуулна гэсэн ч өнөө хэр нь чимээгүй л байна. Ямар нэгэн зээлд хамаарагдах гэхээр банкуудын тавьж буй өндөр шаардлагад тэр бүрий нийцэхгүй.
.
Аргагүй шүү дээ. Цалингийн хэмжээ, өрхийн орлого тань гүйцэхгүй, барьцаа хөрөнгө чинь хүрэхгүй гэсэн зүйл бүрийн шаардлагаар амаа таглуулна. Уг нь ажил хөдөлмөр эрхэлж улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүнд нэмэрлэж өөрийгөө өрх бүлээ цаанадаад жижиг аж ахуйн нэгжийнхээ хэд гурван ажилтны өрх бүлийг төрөөс хамааралгүй даагаад явчих тэнхээтэй болчих юмсан. Хэтэрхий их ярих хэрнээ хэтэрхий удаан асуудал ханддагаа “хэсэг нөхдүүд” бодмоор санагдах юм.
.
Бид бухимдалд дэндүү дасч байна. Шийдэж байгаа нь ховор болохоор ганцаараа, хэсэг бүлгээрээ, бүр олноороо бухимдацгааж эхэлнэ. Бухимдал хэзээ ч саруул ухааныг үгүй хийдэг. С.Зориг агсны “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэсэн үг XIII зууных шиг эрт дивангаравын цаг гэдэг шиг сонсогдох болсон.
.
-Төр юу ч хийхгүй байна. Олигтой удирдагч алга. Намын шинэчлэлийг түргэтгэж намгүй улс болно. Бэлэн мөнгөөр бид яах болж байна аа гэхчлэн... бүхний бурууг өөрөөсөө бус бусдаас хайна. Дийлэнх нь зөв л дөө. Гэхдээ энэ бүхний буруутан нь зөвхөн бид өөрсдөө. Ардчилал гэдэг зайлшгүй хэн нэгэнд хүлээн зөвшөөрөгдөх үүргээс гадна өөрөө хэн нэгэнд үг дуугүй захирагдах үүрэг. Дундаж давхаргынхан үүнийг маш сайн ойлгодог. Тэдний хийж бүтээсэн бүхэн бусдад таалагдахгүй бол өөрөө амьдрах эрхгүй болно гэдгээ сайн мэднэ. Бусдаар хүндлүүлэхгүй бол өөрөөрөө амьдарна гэдэг тун чиг бэрх. Тиймээс ч хувиараа хөдөлмөр эрхлэгчид том жижигтэйгээ нийлээд татварын орлогын 72 хувийг бүрдүүлж байна шүү дээ. Ердөө хорин жилийн өмнө дөнгөж 5 хувь байсан гээд бод доо. Гол нь төр та бүү дарамтал... Ялангуяа татвараараа, янз бүрийн хяналт шалгалтын дарамтаараа бүү хохироо. Бидэнд хандаж байгаа дүр эсгэсэн ардчиллын дарангуйллаа эргэж бодмоор байх юм. Нөгөө Нобелийн шагналт Ан Сан Су Чи хэлсэн юм шүү.
.
Үнэндээ энэ улс төрийг улс төр биш бизнесийн таатай орчин гэж санах болж. Гишүүд нь ихэвлэн том том бизнесмен эсвэл тийм бүлэглэлийн нөхдүүд. Үнэн хэрэг дээрээ дунджийг шахаж нийгэм эдийн засгийг цугт нь атгах бодол санаатай хүмүүсийн цуглуулга юм шиг харагдана. Тийм ч логик гаргалгаа гарна. Томилогдсон жулдрайнууд нь дандаа хөрөнгө мөнгөний асуудалтай. Эх орноо гэхээсээ илүү бизнесээ өргөжүүлэх гэсэн өдөр шөнийн бодол. Нэг талдаа ийм их мөнгө нөгөө талдаа тийм бага мөнгөний дундах нийгмийн дундаж давхарга хэзээ ч амар тайван амьдрахгүй ээ.
.
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ