
Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) “Уур амьсгалын өөрчлөлт ба биологийн төрөл зүйл“ хөтөлбөр хамтран “МОНГОЛ ОРНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙ, ОЙН САЛБАРЫН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ӨРТӨХ БАЙДЛЫГ БУУРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ БОЛОМЖУУД” сэдэвт хоёр дугаар бага хурлыг 17 - 18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Бага хурлын зорилго нь Монгол орны хөдөө аж ахуй болон ойн салбарт уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, таагүй нөлөөллийг багасгах болон дасан зохицох арга замуудын тухай хэлэлцэнэ.
Бага хуралд гадаадын болон манай яам газрын ажилтнууд, эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, олон улсын хэмжээнд болон манай орны нөхцөлд уур амьсгалын өөрчлөлтийн мал аж ахуй, газар тариалан, бэлчээр, усны нөөц, ойн салбарт үзүүлж байгаа нөлөөлөл, энэ нөлөөллийг бууруулах талаар авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар хэлэлцүүлэх юм.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр манай орны уур амьсгал мэдэгдэхүйц өөрчлөгдөж, цаашид улам эрчимжих хандлагатай байна. Монгол орны газарзүйн байршил, эмзэг экосистем, ард түмний амьдралын хэвшил зэргээс шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нэн өртөмтгий юм. Манай орны хөдөө аж ахуй, ойн салбар уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж байна. Хэт халуун, хуурай цаг агаар зонхилох, мөнх цас, мөс, цэвдэгт хөрс эрчимтэй хайлах, усны нөөц хомсдох, бэлчээрийн гарц муудах, цөлжилтийн үйл явц идэвхжин, ой хээрийн түймэр, ган, зуд зэрэг байгалийн гамшигт үзэгдэл ойр ойрхон давтагдаж, учруулах хор уршиг нэмэгдэж, энэ нь улмаар улс орны эдийн засаг, нийгэм, ард иргэдийн амьдрал ахуйд таагүй нөлөө үзүүлэх хэмжээнд нэгэнт хүрээд байна.
2010 оны 11 дүгээр сард зохион байгуулсан Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох анхдугаар бага хурлаар уур амьсгалын өөрчлөлтийн улмаас тулгарч буй гол бэрхшээлүүдийг хэлэлцэж Монгол орны нөхцөлд хамгийн өртөмтгий салбарууд нь хөдөө аж ахуй, усны нөөц, бэлчээр, ойн салбар болохыг тодорхойлсон юм. Иймээс энэ жилийн хоёрдугаар бага хурлаар эдгээр салбаруудын уур амьсгалын өөрчлөлтөд өртөх байдал, эрсдлийг хэрхэн бууруулах, дасан зохицох ямар бодит шаардлага, боломж байгаа талаар хэлэлцэж зөвлөмж гаргахаар төлөвлөж байна.
Бага хуралд гадаад орны зочид, төлөөлөгчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиуд, хувийн хэвшлийг төлөөлсөн нийт 150 орчим эрдэмтэд, судлаачид болон холбогдох мэргэжилтнүүд оролцоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ