Граффити зургийн уралдаанд 21 залуу өрсөлдөж байна

img

  Нэгэн цагт гудамж талбайд зураг зурдаг залуусыг эсэргүүцэж, зам талбайг бохирдуулдаг хэмээн буруутгадаг байв. Харин өнөөдөр дэлхий нийтээр гудамж талбайд өнгө алаглуулан өөрийнхөөрөө зурдаг залуусыг хүлээн зөвшөөрсөн. Тиймдээ ч гудамжны граффити урлаг хэмээн залуусын дунд эрчээ аван хөгжиж буй. Монголын залуучууд ч граффити урлагт нэгдэн хотын гудамж талбай, хашаан дээр зурах болсон. Тэгвэл авьяаслаг, эрч хүчтэй граффитчин залуу уран бүтээлчдийг дэмжих, бусад орны уран бүтээлчидтэй өрсөлдөх, туршлага солилцох хязгааргүй боломжийг нээж өгсөн  "Tiger translate-2013" наадам өчигдөр нээлтээ хийлээ. Нээлтэд оролцсон зочид энэ үеэр дуртай зургаа шилэн дээр зурж дурсгал үлдээж байсан юм.   Энэхүү наадам энэ сарын 12-ноос ирэх сарын 3-ныг хүртэл нийслэл хотод зохион байгуулагдах юм. Долоо дахь жилээ угтаж буй уг наадам энэ жил "Street graffiti" сэдвийн дор явагдах бөгөөд уран бүтээлчид "Grandkhan Irish Pub" дахь "Aсtion house"-д наадам дуустал долоо хоног бүрийн пүрэв, баасан гаригт үзэгчдийн өмнө уран бүтээлээ туурвиж өрсөлдөх аж.   Энэ удаагийн наадамд нийт 21 уран бүтээлч өрсөлдөхөөр эхний байдлаар эскизээ илгээгээд байгаа тухай наадмын шүүгчид танилцуулсан юм. Шүүгдийн бүрэлдэхүүнд Монголын урлагийн зөвлөлийн хөгжлийн асуудал эрхэлсэн гүйцэтгэх дэд захирал О.Одгэрэл, гудамжны граффити урлагийн төлөөлөгч уран бүтээлч С.Амгалан, "Монголиан Беверижс" компанийн маркетингийн захирал Патси Лим болон "Татум" стрийт арт наадам оролцож байгаа Францын уран бүтээлч Ное, Марио Аубуртин нар ажиллах юм байна. Наадмын ялагч Вьетнамд болох "Tiger translate-2013" дэлхийн наадамд оролцох аж.   Мөн энэхүү наадмын өдрүүдэд  Францын Ди-Жей “DJ No Breakfast”,  Германы Ди-Жей “Kid Gringo”  нар оролцож өөрсдийн шилдэг сэтүүдээс тоглож байгаа юм байна.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

одко:
Уралдаанд орсон залуучуудтай яаж холбогдох вэ
2013-08-16