
Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Хүүхдийн сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулья” сэдэвт сургалт зөвлөгөөн Эрүүл мэндийн яамны хурлын танхимд эхэллээ.
“Сувилахуйн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх стратеги”-ийн хэрэгжилтийг хангах, хүүхдийн сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээг зохион байгуулах зорилгоор хийгдэж буй уг зөвлөгөөний нээлтэд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сое Нюнт-Юү, НҮБ-ын хүн амын сангийн суурин төлөөлөгч Мухаммед Малик Фолл нар оролцлоо.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлсэн үгэндээ, олон жил эмч сувилагчдыгаа ажиллах хүчин гэж харж ирснээс биш хүн гэдэг талаас нь харалгүй иржээ. Энэхүү алдааг засаж хүний нөөцийн бодлогод анхааран ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын ажилчдын ажлыг нь үнэлж, сувилагч нэг тариаг хийхэд ямар өртөгтэй байх, кесарева хагалгаа хийхэд тусладаг сувилагч хэдэн төгрөг авах гээд нэгжийн өртөг зардлыг тооцож, эмч, сувилагч нарынхаа хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж, цалинг нь төрийн үйлчилгээний сүлжээнээс үе шаттайгаар гаргаж олон улсын жишигт нийцүүлэхээр зорьж байгаагаа дуулгалаа.
Түүнчлэн тэрбээр эрүүл мэндийн салбарын ажилчид, тэр дундаа сувилагчид бол эрсдэл өндөртэй, цалин багатай нийгмийн хамгийн чухал ажлыг гүйцэтгэж байдаг мэргэжил. ЭМЯ-наас санаачлан үйлчилгээний ажилтны хариуцлагын даатгалын механизмыг бүрдүүлэхээр ажиллаж байна. Ямар ямар үйлдлийг хариуцлагын даатгалд хамруулах вэ гэдэг судалгааг хийсэн. Хэрвээ ЭМД-ын хууль батлагдвал ямар нэгэн алдаа гарахад эрүүл мэндээрээ хохирсон эмч, сувилагч нар тэр сангаас нөхөн төлбөр авдаг болно. Өнөөдөр эмч, сувилагчдыгаа байгууллага нь ч хамгаалдаггүй, ЭМЯ нь ч хамгаалахгүй байна. Эрүүл мэндийн салбарынхан үйлчлүүлэгчдээсээ дутахааргүй өвчтэй болжээ. Эрүүл мэндийн байгууллагад В,С вирусээр халдварлах нь их, ажлын байрны стресстэй, архаг өвчтэй хүмүүс олон байна. Тиймээс ЭМБ бүр дээр эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг даалгаврыг өгсөн нь үр дүнтэй явж байна гэв.
Улаанбаатар хот, хөдөө орон нутгаас нийт 130 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд үдээс өмнөх хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргал Хүүхдийн сувилахуйн тусламж, үйлчилгээний аюулгүй байдалд хийсэн үнэлгээний дүнг танилцуулсан юм. Түүний дараагаар Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Н.Болормаа Эх барихын яаралтай, нярайн нэн шаардлагатай тусламжийн өнөөгийн байдал, хэрэгцээний үнэлгээ, түүний мөрөөр авах арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн бол Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ТДСА-ны албаны дарга С.Өлзийсайхан Хүүхдийн сувилагч бэлтгэж буй өнөөгийн байдал, хэтийн төлвийн талаар танилцуулж санал бодлоо чөлөөтэй солилцсон байна.
Үдээс хойшхи хуралдаанаар Төвийн бүсийг төлөөлж ЭХЭМҮТ-ийн Сувилгааны албаны дарга Д.Пүрэвдаваа Хүүхдийн сувилахуйн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар мэдээлэх бол баруун бүсийг төлөөлж Ховд аймгийн БОЭТ-ийн сувилахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн П.Мажигсүрэн, зүүн бүсийг төлөөлж Дорнод аймгийн БОЭТ-ийн сувилахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн мэдээлэл хийх юм байна.
Эрүүл мэндийн яамны Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлөөс Хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний стандарт үйлдлүүдийг видео хичээл болгон танилцуулах бөгөөд Хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдалд хийсэн судалгааны дэлгэрэнгүй дүнг танилцуулж асуулт, ярилцлага өрнүүлэх аж.
Уг зөвлөгөөн маргааш мөн үргэлжлэн явагдах бөгөөд хүүхдийн сувилахуйн чанар, аюулгүй байдлыг сайжруулах талаар авах арга хэмжээний төлөвлөлтийн талаар хэлэлцэх юм.

П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ