НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Ноён Мохамэд Фолл Сайд Н.Удвалд бараалхав

img

  Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн Сангийн шинэ Суурин төлөөлөгч Ноён Мохамэд Фоллыг Эрүүл мэндийн яаман дээр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Суурин төлөөлөгч Ноён Мохамэд Фолл Эрүүл мэндийн сайдад хандан хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлэв.   НҮБХС бол хүүхдийн эрүүл мэнд, эсэн мэнд амьдрахуй төдийгүй боловсрол, хүүхдийн эрхийг хамгаалах, эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулсан төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд Засгийн газарт дэмжлэг, туслалцаа үзүүлсээр ирсэн бидний томоохон түнш юм хэмээн Сайд Н.Удвал онцлов.   Түүнчлэн, НҮБХС-ийн дэмжлэгтэйгээр Засгийн газар, Хүүхдийн өвчний цогц менежмент, Хүүхдийг хөхөөр хооллох, Дархлаажуулалтын өргөтгөсөн хөтөлбөр, Хүүхдүүдийн дундах иодын дутагдлыг бууруулах зэрэг үндэсний хэмжээний томоохон хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлснээр манай улс хүүхдийн эндэгдэл өндөртэй орноос дунд зэргийн эндэгдэлтэй орны түвшинд шилжсэн ба Мянганы хөгжлийн эрүүл мэндийн зорилтуудад хүрэхэд ойрхон байгаа талаар тэмдэглэн хэлэв.   Суурин төлөөлөгч Ноён Мохамэд Фолл Монгол улсын Засгийн газрыг Мянганы хөгжлийн зорилтуудад хүрэхийн төлөө идэвхийлэн ажиллаж байгаад, түүнчлэн Мянганы хөгжлийн 8 зорилтын 6-д бараг хүрсэн буюу хүрэхэд маш ойрхон байгааг тэмдэглээд Засгийн газарт олсон ололт амжилтанд нь баяр хүргэв. Цаашид Монгол улсын хүүхдийн эрх, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хүрсэн амжилтыг бататган, хүүхэд нэг бүрийн эсэн мэнд амьдрах, эрүүл мэндийн үйлчилгээ авах, боловсрол олж авах эрхийг хамгаалах, нярай болон бага насны хүүхдийн эндэгдлийг эрс бууруулах, хүүхдийн хоол тэжээлийн дутагдлыг арилгах, цаашилбал 2015 онд Мянганы хөгжлийн зорилтыг дүгнэснээс хойшхи үйл ажиллагаанд Засгийн газрыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн, Монгол улсын хувьд сүүлийн жилүүдэд уул уурхайн үйлдвэрлэлтэй холбоотойгоор эдийн засгийн огцом өсөлттэй байгаа тул уул уурхай болон бусад салбараас олж байгаа ашиг, орлогын нэлээдгүй хэсгийг эрүүл мэндийн төрөөс даах санхүүжилтийг нэмэгдүүлэхэд, ялангуяа хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, сайжруулахад зарцуулах нь чухал юм гэдгийг хэлэв.   Уулзалтын төгсгөлд сайд Н.Удвал НҮБХС-тай олон жилийн хугацаанд бий болгосон нягт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр илүү ойр хамтран ажиллахаа тэмдэглэн хэлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ