Женни: Хүмүүс намайг эрэгтэй GEE-г дуурайлаа гэдэг байсан

.
-Анхны юм бүхэн хүнд нандин дурсамж үлдээдэг. Таныг долдугаар ангидаа анхны дуугаа гаргаж байсан гэж сонссон. Реппер охин юуны тухай дуулж байсан бол?
-2000 оны УИХ-ын сонгуулийн үеэр ангийн хаа охинтой “Сонгууль” гэж дуу хийж байсан. Одоо санахад сонгууль болохоор инээсэн, малийсан хүний зураг орц болгоны үүдэнд наагаад, намын бэлгэ тэмдэгтэй сагсны шит босгож өгөөд, их сайн хүн болчихдог гээд жаахан охин байж сүрхий хурц үгтэй дуу хийж байсан. Ер нь багадаа бичсэн дууны үгтэй дэвтрээ одоо харахаар шал өөр хүнийх юм шиг санагдаж, тэр жижигхэн охин надад сургамж, шинэ санааг өгдөг. “Сонгууль” дуугаа Монголын радиод бичүүлж байсан. Тэр үед одооных шиг дундуур нь зогсооно, хоолой засна гэсэн ойлголт байгаагүй. Нэг дуулаад эхэлсэн л бол алдах эрхгүй. Дуугаа бичүүлж байтал ангийн охины өмссөн өвлийн өмд хавирч чимээ гаргаад зад зэмлүүлж, трикотойгоо үглэсэн. Ингэж анхны дуугаа дамарт хальснаас кассетан дээр бичүүлсэн дээ.
.
-Таны урлагийн нэрийг “Дайн ба Энх” хамтлагийн Мсит өгч байсан гэсэн үү?
-Тиймээ. “Хоёр хүү”, “Эсэргүү” гээд олон хамтлагийн нэрийг Мсит ах өгсөн юм билээ. Тэгээд л би хүндэлдэг хүнээсээ нэр авахаар шийдсэн. Миний жинхэнэ нэр Б.Дуламсүрэн л дээ. Би нэрнээсэ ичсэн юм биш шүү. Гэхдээ тоглолтын үеэр “Реппер Дуламсүрэн дуулна аа” гээд зарлавал зохимжгүй биз дээ /инээв/. Мсит ах Женни гэдэг нэр өгөхөд дотроо юун ч нялуун нэр вэ гэж бодоод ямар утгатайг нь асуутал genius гэдэг үгийг толиноос хараарай гэсэн. “Суу билэг, удамшил” гэсэн утгатай. Намайг өөрийнхөө залгамж халаа гэсэн юм байна гэж ойлгоод нэрэндээ их хайртай байдаг. Анх нэрээ түгээх гэж их зовсон шүү. Хүнтэй танилцаад Женни гээд нэрээ хэлэхээр “Тэгвэл би Жонни байна” гээд ёжилно. Нэрээ аваад удаагүй байхдаа байрныхаа гадаа сагс тоглож байтал хэн нэг хүн Женни, Женни гээд дуудаад байх юм. Намайг таньдаг хүн байдаг л юм байна гэж баярлаад эргээд хартал нэг хүн нохойгоо дуудаж байсан. Энэ мэт хөгжилтэй зүйл их болно оо.
.
-Миний мэдэхээр та 98.9 радиогоор B.A.T-гийн хөтөлдөг “Microphone Thing” гээд хип хопчид утсаар холбогдож, хурц үгээрээ биенээ доош нь хийдэг нэвтрүүлэгт ордог байсан гэж сонссон. Тэр үед бас тус нэвтрүүлэгт оролцдог байсан реппер Gee таныг хамгийн гол өрсөлдөгч гэж ярьдаг. Энэ үнэн үү?
-Тэр нэвтрүүлэгт анх орохдоо нэрээ нууцлаад эхний үсгээрээ Жий гэж ордог байлаа. Тэгтэл эрэгтэй GEE-г дуурайлаа гээд л шүүмжлүүлсэн. Гэхдээ удалгүй “Microphone Thing”-ийн ялагч болоод дуу бичүүлэх эрхээр шагнуулж байсан. Манай гэрийн утас том өрөөнд байдаг юм. Эмээ унтаж байхад би хажууд нь үглээд л... Эмээгээ сэрээхгүйгээр өрсөлдөгчийнхөө үгэнд даруулалгүй хариуг нь барих гэж их зовдог байсан.
.
-Танай гэрийнхэн таны энэ байдалд хэрхэн ханддаг вэ?-Манай өвөө их хуучинсаг, ёс журмыг дээдэлдэг хүн байсан болохоор рок, хип хопчдод их дургүй. Тиймээс би өрөөнийхөө хаалгыг хаагаад, нууцаар дууны үгээ бичдэг байлаа. Өвөөг орж ирэхэд нь хичээлээ хийж байгаа дүр үзүүлдэг байсан. Харин хадмууд анхнаасаа намайг дуулдгийг мэддэг байсан учраас Женни чи зурагтаар гарч байна гээд л их дэмжинэ. Ажлаа хийнэ, уран бүтээлээ оролдоно гээд зав бага гарна. Хүүхдийг минь тэд л харна. Тоглолтод дуулна, дуу бичүүлнэ гээд оройтож очих тохиолдол их гардаг. Тэр бүрт зэмлэж байсан удаагүй.
.
-Монголд реп үглэдэг эмэгтэйчүүд яагаад ховор байдаг юм бэ. Эмэгтэй хүн үглэх хүндрэлтэй юү?
- Хип хоп бол үг, хэмнэлийг хоршуулах урлаг. Эмэгтэй хүнд үглэх хэцүү биш ээ. Эрчүүдтэй л адилхан сэтгэх тархи, дуулах амтай шүү дээ. Гол нь сонирхолдоо үнэнч байх хэрэгтэй. Бага зэрэг саадыг том болгож шантарвал юу ч үгүй хоцорно. Миний мэдэх авьяастай олон охин “Гадаадад сурах боллоо, хүнтэй суулаа, хүүхэд гаргалаа, гэрийнхэн дургүйцэж байна гэх шалтгаанаар үглэхээ больсон. Тэд реп үглэдэг жижигхэн охин байхаа больж, том хүн болох шилжилтийн үедээ хип хопыг дээгүүр тавиагүй учраас энгийн амьдралаа сонгосон.
.
-Хип хоп дуу дуулах хүсэлтэй охид бий. Гэхдээ тэд замын дундаас буцдаг. Харин Та одоо айлын эзэгтэй, хөөрхөн хүүгийн ээж болсон ч урлагтаа үнэнч байна. Энэ нь магадгүй Таны зорилго, хүсэл мөрөөдөл хип хоптой холбогдсон болохоор ийм байгаа юм болов уу?
-Магадгүй дуртай ажлаа хийж байгаа учраас шантрах бодол төрдөггүй байх. Гэхдээ надаас өөр реппэр болох авьяастай охид олон байсан. Одоо ч байгаа. Гэхдээ боловсролоо дээшлүүлэх, гэр бүл болох, гэрийнхэн нь дургүйцсэнээс болоод энэ урлагийг орхиж байсан хүнтэй таарсан. Тэр ч гэсэн амьдрал шүү дээ. Миний хувьд хип хоп амьдралын минь салшгүй хэсэг. Магадгүй Монголд хип хопчдыг хөгшрүүлээд байдаг болохоос гадаадад ид уран бүтээлээ хийж яваа хүмүүс нь 40 гаруй насныхан байдаг. Энэ насанд амьдралыг харах өнцөг тогтворжиж үүнийгээ дагаад уран бүтээл нь чанарждаг юм шиг санагддаг. Тийм болохоор хөгшрөхөөрөө үглэхгүй ч залуусаа бэлтгээд явах байх гэж боддог юм.
.
-Эмэгтэй хип хопчид эрчүүдээсээ ялгаатай байх. Та дуугаараа юу илэрхийлдэг вэ?
-Хатуу чулууг урсгал ус л мөлийлгөж, ирмэгийг нь зөөллөдөг шиг эмэгтэй хип хопчид арай уян, сайн сайхныг дуулдаг. Эмэгтэй хүний хатан ухаан, зориг, тэсвэр хатуужлыг дуулж, тэдний дуу хоолой болохыг хичээдэг.
.
-Монголын хип хопчдод дисслэх /дуугаар дайралцах төрөл/ боломж хэр их олддог юм бол?
-“Click click boom”, “Gangsta service” хамтран freestyle тэмцээн зохиодог. Ер нь манайд freestyle муу хөгжсөн. Цаг нь тулбал яах юм гэхээс би ч freestyle-даа муу. Бас “Реп дэмбээ” гэж зохиодог. Тэр нь надад таалагддаггүй. Оролцож байгаа хүүхдүүд нь үгээ өмнө нь бичээд маргааш нь үрчийсэн цаасаа хараад өрсөлддөг. Ингэхээр хэтэрхий хэрүүлийн шинжтэй, нэг хэвэнд цутгасан юм шиг болдог. Тиймээс тухайн үед нь диссэлбэл илүү сонирхолтой амьд болно.
.
-Таныг хоёр жилийн өмнө Францад болсон “Хос аяс” фестивальд оролцсон гэж сонссон. Францууд хэрхэн хүлээж авсан бэ?
-Хоёр орны өөр өөр онцлогийг нэгэн тайзнаа нэгтгэн хүргэх зорилготой энэ наадам хоёр жил тутамд нэг болдог. Монголоос “Алтан ураг”, “Алтай хангай” хамтлаг, уран бичээч С.Тамиртай цуг оролцсон. Тоглолт Парис, Монпелье, Марсель, Ренне зэрэг хотод болсон. Хэл ойлголцохгүй хүмүүс миний үглэхийг хэрхэн хүлээж авах бол гэж түгшиж байсан л даа. Наймтай балчраас наян настай буурлууд хүртэл тоглолт үзэхээр ирсэн байсан. “Түүхээ бүтээе” дуугаа дуулахад тэд дахилтынх нь “Монгол” гэдэг үгийг ойлгоод дагаж дуулахад их баярласан. Хамгийн сайхан нь “Чи ямар гоё дуулдаг юм бэ” гэхээсээ илүү “Монгол хэл ямар сонсголонтой юм бэ, хип хоп дуулахад л зориулагдсан хэл байна” гэж байсан. Энэ үгэнд л их омогшиж байлаа. Далимд нь Дани улсад болсон хип хоп наадамд оролцож Куба, Палестин, Болив зэрэг олон орны реппертэй нэгэн тайзнаа дуулсан.
.
-Австралийн найруулагч Бенж Бинксийн монгол хип хопын тухай өгүүлэх “Mongolian Bling” баримтат кинонд оролцсон байсан. Энэ киноны найруулагч саяхан Монголд ирсэн гэсэн үү?
-Энэ кино хоёр хувилбартай. Нэг хувилбар нь “Монгол” телевизээр цацагдсан. Харин нөгөө хувилбарыг нь кино театруудад гаргахаар Бенж Монголд ирсэн. Тэрбээр энэ киноны зургаа 2005 оноос авч эхэлсэн юм. Тэр үед хип хоп дуулдаг бүх хамтлаг, репперийг судалж, ярилцлага аваад явсан юм билээ. 2009 онд дахин ирэхдээ GEE, Quiza, болон намайг кинондоо голчлон оруулахаар болсон. Миний сонссоноор “Mongolian bling” кино Испани, Герман, Швед, Польш, Авсрали, Америк, Хятад зэрэг оронд нээлтээ хийгээд байгаа гэсэн. Миний фэйсбүүк хуудаст олон орны хүмүүс киног чинь үзсэн, дэмжиж байна гэж сэтгэгдэл үлдээсэн.
.
-“Universe best song-2013” шоу нэвтрүүлэгт Дөлгөөн гээд реппэр охин оролцож байсан. Та түүнийг таних уу?
-Би Дөлгөөнтэй танилцсан. “S and I” хамтлагийн Мо ах Солонгост суралцаж байгаа. Тэнд суралцах хугацаандаа Дөлгөөн гэдэг охинтой танилцаж хуурай ах болоод олон зүйл дээр зөвлөж байсан гэсэн. Тэр нь энэ Дөлгөөн юм билээ.
.
-Та дуулахаас гадна одоо юу хийж байгаа вэ?
-Би орон сууцны конторт машинист хийж байгаа. Хүмүүс намайг эрэгтэй хүний урлаг, мэргэжил сонгосон дээрээс нь эршүүд гэж хэлдэг. Энэ мэргэжлийг сонгоход бэр эгч маань нөлөөлсөн. Ажил хүнийг голдгоос хүн ажлыг голдоггүй гэдэг үг байдаг даа. Одоо мэргэжлээрээ ажиллаад гурван жил болж байна. Хүмүүс намайг уран бүтээлээ хийхээ больсон хэмээн буруу боддог. Би уран бүтээлээ орхиогүй.
.
-Та хэр сэтгэл хөдлөлтэй вэ?
-Би их уйланхай. Баярлахаараа уйлчихна. Миний дэмждэг хөлбөмбөгийн баг гоол оруулбал бас л уйлчихдаг. Тэр болгоныг хараад өөрийгөө сэтгэл хөдлөл ихтэй гэж боддог. Ерөнхийдөө эршүүд, хээгүй, тодорхой хэмжээний өөртөө таарсан зарчимтай. Миний дутагдалтай зан нь шунал багатай. Заримдаа шунал багатай болохоор хурдан хөгжихгүй байгаа юм шиг санагддаг. Гэхдээ өссөн орчин ч нөлөөлсөн байх. Би чинь өвөө, эмээгийн охин шүү дээ.
.
-Та сүүлд “Аnemone” хамтлагийнхантай уран бүтээл хийсэн байна лээ. Хамтран ажилласан сэтгэгдлийг чинь сонсмоор санагдлаа?
-Хөөрхөн ааштай охид байсан. Гэхдээ дуу, цомгийнхоо танилцуулган дээр миний нэрийг буруу биччихсэн байсан. Тэр нь надад их эвгүй санагдсан. Мэдээж надтай хамтран ажиллахын өмнө судалсан л байх. Том, Жерри гэж байгаа юм шиг миний нэрийг бичсэн нь таалагдаагүй.
.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ