О.Долгор: Нөхрөө гэр бүлээс нь салгаж суусан гэдэг ярианд би эмзэглээгүй

“Academy awards” наадамд хоёр ч удаа нэр дэвшээд буй жүжигчин бүсгүй нярай биетэй байгаа ч кинонд тоглох санал ирсээр байгаа аж. Түүнд саяхан хоёр ч киноны санал ирээд байгаа бөгөөд нэг нь түүхэн кино бол нөгөө нь орчин үеийн бүрэн хэмжээний дэлгэцийн бүтээл юм байна. Жүжигчин О.Долгортой амьдрал, уран бүтээлийн талаар ярилцлаа.
.
-Юуны өмнө хөөрхөн хүүтэй болсонд баяр хүргье. Төрөөд удаагүй байгаа ч киноны ажилдаа орсон гэж сонслоо. Ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Баярлалаа. Танай сайтын нийт уншигчдад ч бас энэ өдрийн мэндийг хүргье. Хүүгээ төрүүлээд нэг сар боллоо. Одоо “Мил” кино студитэй хамтраад инээдмийн төрлийн шинэ киноны дүр дээр ажиллаж байна. Уг кинонд “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Батаа, реппер Gee нартай хамт тоглож байна. Кино маань ирэх намраас нээлтээ хийх байх. Миний хувьд өмнө нь мило драм жанрын кинонд тоглож байсан. Харин энэ удаа инээдмийн төрлийн кинонд гол дүр бүтээж байгаа болохоор өөрийгөө арай өөр өнцгөөс нь гаргаж байна.
.
-Бас түүхэн кинонд тоглох санал ирсэн гэж сонссон?
-Тиймээ. Өмнө нь “Ану хатан” киноны Мандарваагийн дүрийг бүтээсэн. Тэр дүр хүмүүст их хүрсэн юм шиг байна лээ. Саяхан дахин нэг түүхэн киноны гол дүрд тоглох санал авсан. Одоогоор кино зохиолтойгоо сайн танилцаж амжаагүй л байна.
.
-Та үргэлж эерэг, даруухан дүрд тоглодог. Амьдрал дээр О.Долгор ямаршуу ааш, зантай бүсгүй вэ?
-Хүмүүс анх надтай танилцаад уулзахдаа их даруухан юм гэдэг. Ерөнхий зан төлөв минь даруухан байлаа гээд уран бүтээлд тэр бүр тусгаад байдаггүй. Уран бүтээлч хүн янз бүрийн өөр өөрийн төлөвшилттэй дүрүүдийг санал болгодог учраас тодорхой хэмжээгээр хөрвөх чадвартай байх ёстой. Тэгэж өөрийгөө дүгнэдэг. Тийм ч байх шаардлагатай. Амьдрал дээр О.Долгор даруу гэдгийг би өөрөө гэхээс илүүтэй хөндлөнгийн хүмүүс тэгэж дүгнэдэг.
.
-Тайзны бүтээлд тоглох бодол бий юу?
-Тийм бодол бий. Өнгөрсөн жил надад тайзнаа тоглох санал ирж байсан. Гэвч тухайн үед жирэмсэн байсан болохоор хорогдон хорогдон татгалзсан.
.
-Жүжигчин Р.Анхням та хоёрыг хоорондоо адилхан гэдэг. Ер нь та хоёр бие биенийгээ таних уу?
-Хувь хүн талаас нь сайн танихгүй. Уран бүтээлчийнхээ хувьд л мэднэ. Бид хоёр төстэй юм шиг байна лээ.
.
-Уран бүтээлээс чинь хазайгаад хувийн амьдралыг тань сонирхмоор байна. Айлын хэддэх хүүхэд вэ?
-Би айлын том нэг эмэгтэй хоёр эрэгтэй дүүтэй. Багаасаа биеэ даасан гэхэд болно. Аав ээж хоёр минь цэргийн хүмүүс байсан болохоор бага байхад л ийш тийш их нүүдэг байсан. Хамгийн сүүлд Эрдэнэт хотод 10-р ангиа төгссөн. Тийм болохоор Эрдэнэтээр овоглогдож явдаг. Уг нь бол Улаанбаатарын унаган хүүхэд. Миний шилжилтийн насны бүхий л дурсамжууд Эрдэнэтэд өнгөрсөн болохоор сэтгэлд ойрхон санагддаг.
.

- Жирэмсэн болоод 13-14 кг нэмсэн. Төрснөөсөө хойш 7 кг турсан байна лээ. Ус их уусан. Манай ээж эрүүл, зөв хооллолтыг эрхэмлэдэг болохоор “ус уу” гэдэг. Хүн бага багаар усыг маш сайн уух ёстой байдаг юм билээ. Фитнессээр хичээллэсэн үү гэж хүмүүс асуудаг. Нялх хүүхэдтэй болохоор тийм зав байдаггүй. Охин минь нэгдүгээр анги, хүү минь нялх. Тиймээс ажлаа хийх, гэрийн эзэгтэйн үүрэг гүйцэтгэх, хүүхэд асрах чинь өөрөө л фитнесс болчихдог юм байна.
.
-Гоо сайхнаа хэрхэн хадгалдаг вэ. Мөнгөн аяганд ус хийж нүүрээ угаадаг гэж сонссон. Үнэн үү?
-Тиймээ. Биднийг бага байхад манай ээж мөнгөн аяганд ус хийгээд нүүрээ угаадаг байсан. Бидэнд нь тэр байдал нь хэвшээд ирчихсэн. Сүүлийн үед нэг их хэрэглэхгүй байгаа л даа.
.
-Өөрийг чинь “Эрчүүдийн хамгийн хүсэмжит бүсгүйчүүд”-ийн нэгээр тодруулсан байсан. Энэ талаар ямар бодолтой байна?
-Тийм үү. Би сонсоогүй юм байна. Юугаараа ч хүсэмжит болчихдог юм бол. Магадгүй уран бүтээлээрээ л тэр тодорхойлолтыг авсан юм болов уу /инээв/.
.
-Жүжигчин хүн тэр дундаа эмэгтэй хүнд амжилт гаргахад гэр бүл хамгийн чухал. Ханийхаа тухай ярихгүй юу?
-Би ханийхаа тухай ярих дуртай. Түүнийг ярихаар гэрэл гэгээ тодроо ирдэг. Гэр бүлийн халамж гэхээр завсар зайгүй “хайраа” гэж дуудахыг хэлдэггүй. Хамгийн гол нь хүнийг ойлгодог, ямар ч үед мэдэрдэг байх нь чухал. Хүү минь шөнө уйлахад миний хань намайг амраах гэж босож, хүүгээ тэвэрдэг. Тэр үед л хайр, халамжийг нь илүү ихээр мэдрэгддэг.
.
-Хүүхдүүд чинь урлагийн гэр бүлд өсөж байна. Хүүхдүүдээс чинь хэн нэг нь урлагийн хүн болох шинж ажиглагдаж байна уу?
-Бид хоёрын харилцан ярианы ихэнх хувь нь урлаг уран сайхан болчихдог. Тиймээс тэр тал руу нь сонирхол нь хандах болов уу гэж ажиглаж байсан. Гэтэл манай охин үнэхээр урлагийн шинжийн хүн биш юм билээ. Огт сонирходогүй. Би хааяа миний охин ээжийнхээ тоглож байгаа киноны тэр хэсэгт орчих тэгэхүү гэж гуйхаар ээж би тоглохгүй ээ гэдэг. Тэгэхлээр урлагийн хүн болохгүй байх.
Хүү минь харин урлагийн хүн болж магадгүй. Их соотогнуур. Цаанаа нэг нүд нь сэргэлэн, сахилгагүй шинжтэй .
.
-Танай гэр бүлийг тойрсон хэл ам багагүй байдаг. Таныг нөхрийгөө өмнөх амьдралаас нь салгаж суусан гэдэг яриа байдаг?
-Би энэ ярианд эмзэглээгүй. Яагаад гэвэл би тийм болчимгүй үйлдэл хийгээгүй. Хэн хэн нь хоёр дахь амьдралаа зохиосон нь үнэн. Энэ үед хүн болчимгүй үйлдэл хийнэ гэж байх уу. Амьдралд хүн дахиж алдахыг хүсэхгүй биздээ. Миний хувьд ч нэгэн халуун ам бүлийг салгаж аваад сууна гэдэг маш том эрсдэл. Бид хоёр амьдрал зохиож байх үед хэн хэнийх нь анхны амьдрал шийдэгдчихсэн байсан.Энэ бол худлаа мэдээлэл.
.
-Янз бүрийн сөрөг талын мэдээлэл байдаг. Гэхдээ өөрөө тайлбарлахгүйгээр хэл ам арилахгүй шүү дээ. “Үл таних эмэгтэй” кинонд тоглосны дараа өмнөх нөхөр чинь таньд гар хүрч, хоёр тийш болсон гэдэг. Үнэн юм уу?
-Энэ бас л худлаа мэдээлэл байна. Харин ч тэр хүн хувь хүнийхээ зүгээс надад баяр хүргэж байсан.
.
-Жүжигчин А.Алтанхуяг та хоёрыг өмнө нь хувийн харьцаатай байсан гэж сонссон?
- Яг үнэндээ өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуульд жүжигчин А.Алтанхуяг бид хоёр МАН-ын сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан юм. Гэтэл сурталчилгааг нь хариуцаж байгаа хүмүүс манай намаас залуу гэр бүлийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Зурагт самбар гаргах гэсэн юмаа. Хосууд болоод хөтлөлцөөд авахуулчихаач гэдэг санал тавьсан. Ажлын шаардлагаар авахуулсан зурагт самбарын зураг гэдгийг албан ёсоор тайлбарлая. Хүмүүсийн яриагаар бол би нөхөр хүүхдээ хаяад А.Алтанхуягтай хосууд болчихсон юм билээ. Ингэж болохгүй биз дээ. Ер нь хэвлэлд гарсан мэдээллээр бол би их л муу хүн юм шиг байгаа юм. Би үнэхээр тийм муу зүйл хийсэн бол улалзаад ярилцлага авьяа гэхэд зөвшөөрөхгүй шүү дээ.
.
-Нэг яриандаа та эротик дүр бүтээх уран бүтээлээс татгалзахгүй гэсэн байсан?
-Эротик дүр гэхээр би гайхдаг. Уг нь би эротик кинонд тоглоогүй. Харин милодрам кинонд тоглосон байдаг. “Үл таних эмэгтэй” кинонд нүцгэлдэг хэсэг гардаг. Гэхдээ тэр киног бүхэлд нь аваад үзэхээр тэр кинонд нүцгэлэх нь гол биш. Харин эмэгтэй хүний дотоод мөн чанарыг л харуулсан кино. Тэрийг л онцлож тоглосон. Эротик төрлийн киноны санал ирээд би зөвшөөрсөн бол намайг тэгэж хэлж болно.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ