Шинэ жилийн эхний өдөр Надаль, Федерертэй халз туллаа
Арабын баячууд 250 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнийг шинэ оны эхний өдөр зохион байгууллаа. Онцлог нь тэмцээний аварга дээрх шагналыг бүгдийг нь хүртэх болзолтой байв. Арабын Нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотод гурав дахь жилдээ зохиогдсон тус тэмцээний аваргын төлөө Испанийн Рафаэль Надаль, Швейцарийн Рожер Федерер нар тоглосон нь спорт сонирхогчдод шинэ оны эхний сайхан бэлэг боллоо.
Тэмцээнийг зохион байгуулагчид өнөө цагийн хоёр шилдэг тоглогчийг аваргын төлөө тоглоосой гэж өмнөх хоёр жил хүсэн хүлээж байсан ч Рожер Федерер 2009 оны эхний өдөр Энди Маррейд хожигдож шувтаргын тоглолтод үлдэж чадаагүй юм. Харин ноднин Шведийн Содерлингт хожигдоод мөн л аваргын төлөө өрсөлдөх боломжгүй болсон билээ. Харин энэ удаад Рожер хагас шигшээд Содерлингээс ноднин жилийн даагаа нэхэж хожсоноор Рафаэль Надальтай аваргын төлөө тоглолоо. Гэхдээ Рафаэль Надаль, Рожер Федерер нар тэмцээнийг шууд хагас шигшээгээс эхлэх журамтай байсныг дурьдах нь зөв. Тэмцээнд Томаш Бердых (Чех), Маркос Багдатис (Кипр), Робин Содерлинг (Швед), Жо-Вилфрид Цонга (Франц) нар оролцсон юм.
Ингээд аваргын төлөө тоглолтод Надаль хоёр үед тай-брейкээр 7:6 (7:4), 7:6 (7:3) Рожерийг хожиж, аварга боллоо.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ