“Түүхий” экспортонд хатуу, нэмүү бүтээгдэхүүнд зөөлөн байхсан
Ипотекийн зээлээр сая төгрөгнөөс дээш орлоготой өрх бүр 30 хүртэлх хувийн урьдчилгаагаа төлөөд орон сууцтай болох бүрэн бололцоотой болсон. Мэдээж сонгуулийн шоу биш бол шүү дээ. Эрх баригчид хөрөнгө мөнгөний асуудалгүй гэж мэдэгдээд байгаа. Сэрэхгүй бол сайхан зүүд гэдэг шиг хөрөнгө мөнгөнийх нь бололцоо нь байгаад ажил хэрэг болдог бол үүнээс сайхан мэдээ гэж үгүй. Орон сууцны үнийг барьж байхын тулд барилгын компаниудад асар их хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Ажаад байх нь ээ барилгад хэрэглэгдэх цемент, төмөр, гангийн импортод энэ мөнгө ойрын жилдээ зарцуулагдах бололтой. Асар их мөнгөний урсгал урагшаа чиглэгдэнэ. Өөрсдөө үйлдвэрлэж чадахгүйгээс хойш яая гэхэв. Дээр нь тээврийн асуудал байна. Ийм их хэмжээний импортын барилгын материалыг оруулчих дэд бүтэц бий бил үү. Бас л эргэлзээтэй. Төмөр замын ачаалал 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн дуулианаар яаж ихэсч байсныг санаж л байгаа байх. Сар түүнээс ч урт хугацаагаар бөглөрч байлаа. Импортын барааныхаа 70 орчим хувийг нэвтрүүлдэг Замын-Үүдэд ёстой л дажин болж байсан. Нэгэнт нийлүүлэлт саатсан болохоор эрэлт өсөөд жам ёсоороо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хүчтэй цохилт өгч байсансан. Бид ийм л эмзэг эдийн засагтай улс шүү дээ. Хөтөлбөрийг жадлан эсэргүүцэж байгаа юм биш. Гол нь энэ мэт хүндрэлийг нарийн тооцсон уу, эрсдлийн төлөвлөгөөг давхар нарийн гаргасан уу гэдгийг л асуух гээд байгаа юм.
.
Ийм далайцтай ажил эхлүүлэх гэж байгаа бол энэ хэмжээний барилгын материалын нийлүүлэлтийг хийчих аж үйлдвэртэй байх ёстой. Монгол улс сүүлийн жилүүдэд эрчимтэй мал аж ахуйн орноос аж үйлдвэрийн орон болох шилжилтийг хийж байгаа нь уул уурхайн салбар энэ хурдастад ташуур өгч байгаагаас бэлхнээ харж байгаа байх. Харамсалтай нь дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хангах хэмжээний түүхий эдийн үйлдвэрлэл алга. Ялангуяа гол түүхий эд болох цемент, гангийн үйлдвэрлэл энэ жилийн тооцоогоор 2-3 дахин, ирэх онд 6 дахин өсч гэмээн төлөвлөсөн орон сууц, дэд бүтэц бий болох учиртай. Төмрийн хүдрийн нөөц бидэнд хангалттай байна. Харин боловсруулаад төмөр болгочих үйлдвэр алга. Түүхийгээр нь л гаргаад байна. Юун түрүүн ган төмрийн хэрэгцээг хангачих томоохон үйлдвэрийг нэн яаралтай барьж байгуулах шаардлагатай байгаа юм. Цаг хугацаа давчуу өнөөгийн нөхцөлд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт томоохон хөрөнгө оруулалт хийж төмрийн хүдрээ боловсруулж ихийг байг гэхэд бага хэмжээгээр төмөр гаргаж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргаад эхэлбэл урагш чиглэсэн мөнгөний их урсгалын багахан ч гэсэн хэсгийг өөртөө үлдээхийн сацуу ажлын байр ч бий болно. Төмрийн хүдрийн экспорт зэс нүүрсний дараа орж байгаа хэрнээ төмрөө гаднаас импортлон авч байгаа нь яав ч эрүүл бус үзэгдэл.
.
Экспортын хэмжээ 2002-2003 оны үед 50-60 мянган тонноор эхэлж байсан бол өнгөрсөн онд 6.4 сая тонн хүдэр экспортолсон. Үнийн дүнгээр 500 сая ам.долларт хүрсэн гаалийн мэдээ байна. Экспортлогчдын ихэнх нь хятадын хөрөнгө оруулалттай буюу хамтарсан уул уурхайн компаниуд. Экспортод буюу түүхийгээр нь гаргаж байгаа бүхэндээ хариг хатуу баймаар байна. Нэмүү өртөг шингээн бүтээгдэхүүн болгож байгаа бол бас чиг яая гэхэв. Гэтэл дотооддоо эрэлт хэрэгцээ өндөр байна шүү дээ. Арматур төмрөө өөрөө зангиддаг, ган бөмбөлөг, энгийн хоолой, трубагаа болчихвол нөгөө мянгуужингийн бүтээн байгуулалт гэж хэн нэгэнд гоочлуулж суухгүйсэн. Хятадууд өнөөдөр манайхаас төмрийн хүдэр их хэмжээгээр аваад л байна. Эргээд эцсийн бүтээгдэхүүн болоод үнэ өртөг нь тэнгэрт хадчихвал хөөрхий бид худалдаж авахаас өөр аргагүй шүү дээ. Ашигт малтмал гэдэг дахин төлждөггүй хорогдож байдаг баялаг. Монголыг хоёр тэрбум орчим тонн төмрийн хүдэртэй гэдэг. Улам л хорогдоно. Тэгээд ч тал хувиар нь л ган үйлдвэрлэх түүхий эдэд тооцогддог гэдэг мэргэжилтний үг нэгийг бодуулж хоёрыг сануулж байна.
.
Цемент бас л төмрийн хүдэртэй адил. Өнөөхөндөө түүхий эд нь бидэнд байна. Боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа суурь бааз үйлдвэр нь ч байна. Гагцхүү эрсдлээ нарийн тооцсон далайцтай бодлогоор цементийн үйлдвэрлэлийг дорвитой дэмжчихмээр байгаа юм. Төмөр боловсруулах үйлдвэрийг бодвол амь тариа хийхэд амархан хөл дээрээ бүрэн босчих бололцоотой.
.
Нэг санаа оноо сэдчихээр “Аль вэ би босгоод орхиё” гээд ханцуйгаа шамлаад байдгаа төр болих хэрэгтэй. Хэрхэн яаж зохицуулахаа төр хууль дүрэм журмаа гаргаад татлаа түлхээгүй хөрөнгө мөнгөө гаргачих ёстой байгаа юм. Төр нь юм юмны урдуур савсагнаж гүйгээд дундаас нь түшээд нь хэд гурван төгрөг халааслаад байдаг хуучин жишгээс бүрмөсөн холдмоор байна. Ингэсэн цагт л улс гэр хөгжиж, иргэдийн амьжиргаа сэргээд л ирнэ дээ.
.
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ