Прокурорын байгууллага Төмөр замд шалгалт хийжээ

img

Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг энэ оны эхний таван сарын байдлаар 11 удаа гарчээ. Эдгээр ослын улмаас долоон хүн нас барж, дөрвөн хүний бие махбодид хүнд, нэг хүн хөнгөн гэмтэл авсан байна.

Гарч буй галт тэрэгний ослын шалтгааныг судалж үзвэл, “Төмөр замын аюултай бүс”, “Анхаар хориотой бүс”, ”Гадны хүн нэвтрэхийг хориглоно”, “Зогс”, ”Тойр” гэсэн анхааруулгын самбарууд шаардлага хангахгүй болсноос үүдэж явган зорчигчид төмөр замын аюултай бүс руу нэвтэрч ордог аж. Мөн дээрх самбаруудыг оновчгүй байрлалд тавих, торон хамгаалалт эвдэрсэн, явган хүний гарц гэж ойлгогдохоор байрлуулсан зэрэг нь осол гарах нөхцөлийг бүрдүүлдэг байна. Түүнчлэн төмөр замын байгууллага нь аюулгүй байдлын үндсэн шаардлагыг бүрэн хангаж биелүүлэх ажиллагааг хуулийн заалтад нийцүүлээгүй, явган зорчигч явах гарц гармыг аюулгүй байдлаар хангалттай хийгээгүй зэрэг нь осол гарахад нөлөөлдөг болохыг албаныхан хэлдэг. Тэгвэл төмөр замын гарц, гарам, тэмдэг тэмдэглэгээний байдалд прокурорын газраас Төмөр замын Цагдаагийн хэлтэстэй хамтран шалгалт хийв. Шалгалтаар зарим газар явган хүн төмөр зам руу гарах боломжтой зориулалтын бус гарцтай, явган хүний байнгын хөдөлгөөнтэй боловч дохио анхааруулга, байхгүй, хаалт хашлагагүй, тэмдэг тэмдэглэгээ нь шөнийн цагт мэдээлэл өгч чаддаггүй, албан ёсны гарц байгуулах шаардлагатай газрууд байгаа зэрэг зөрчлийг илрүүлж тогтоосон байна. Эдгээр зөрчлийг арилгуулахаар төмөр замын тэмдэг, тэмдэглэгээг стандартын дагуу зөвшөөрөгдсөн гарц гармуудад байршуулах, төмөр замын зурвас газар, аюултай бүсийн дэглэмбий болгох, иргэдэд сургалт, сурталчилгаа хийх, зориулалтын бус гарц гармуудыг хаах, айл өрхүүдтэй нийлсэн газарт явган хүн нэвтрэх боломжгүй хаалт хийх болон бусад арга хэмжээ авахуулахаа холбогдох хүмүүст мэдэгдэл хүргүүлсэн байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ