Хилээр гаргахыг завдсан үнэт зүйлсийг дэлгэн харуулав

img

Гаалийн байгууллагын ажилтнууд “Буяныг бүү гарга, Бузрыг бүү оруул” гэсэн уриагаа марталгүй ажиллаж, Монгол Улсын хил гаалиар нэвтэрч байгаа түүх дурсгалын соёлын өвийг илрүүлэн хурааж авдаг гэдэг. Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотын гаалийн газрын долоон давхарт  “Соёлын өв- Хамтын ажиллагааны шинэчлэл” сэдвийн дор  уулзалт болж,  Монгол Улсын хил дээр хураагдсан соёлын үнэт зүйлс, олдворууд  олны хүртээл болон дэлгэгдлээ. Энэ үеэр Гаалийн ерөнхий газар, Төрийн өмчийн хороо, Соёл спорт аялал жуулчлалын яам хамтарсан санамж бичгийг үзэглэсэн. Тус арга хэмжээнд Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхий сайдын зөвлөх Кёкүшюзан Д.Батбаяр, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар, ГЕГ-ын дарга О.Ганбат, Сангийн дэд сайд С.Пүрэв болон Улаанбаатар хотын гаалийн газрын удирдлага, ажилтан албан хаагчид оролцлоо.

.

Улаанбаатар хотын гаалийн газрын санаачилсан уг арга хэмжээний үеэр  1991 оноос хойш хил гаалиар нэвтрүүлэхийг завдсан Монгол Улсын түүх, соёлын өвийг  дэлгэн үзүүлсэн юм. Тухайлбал, 70 сая жилийн тэртээх үлэг гүрвэлийн чулуужсан өндөг,  1800-аад оны үеийн шармал Авид бурхан, Мин улсын үеийн шармал бурхан, бурханы хэв, мутар, модон  бар, зурмал бурхан зэрэг 61 үзмэрийг дэлгэн үзүүлсэн. Энэхүү үзэсгэлэнг 25-28-ны өдрүүдэд үзэх боломжтой гэдгийг гаалийн ажилтнууд мэдээлж байв.  Түүнчлэн үзэсгэлэнд 2010 онд “Буянт-Ухаа” дахь гаалийн газарт хураагдаж, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд шилжүүлсэн 29.5 см өндөртэй бурхан багшийн зэс баримлыг дэлгэн үзүүлсэн.

.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдгээр үзмэрийг үзэж сонирхсоны эцэст “Монгол улсын түүх соёлын үнэт өвд тооцогдох эдгээр үзмэрүүд 1991 оноос хойш Гаалийн байгууллага өөрсдийн санаачлагаар хадгалж хамгаалж ирсэнд талархал илэрхийлье. Учир нь сүүлийн 20 гаран жил манай улсын түүх  дурсгал соёлын өв эзэнгүйдэж, гадаад дотоодын иргэд хилээр давуулахыг оролдох үзэгдэл эрс нэмэгдсэн. Тэр бүхнийг илрүүлэн хурааж авсан нь сайн хэдий ч хураагдсан эд өлгийн зүйлс Гаалийн байгууллагын музейд байрлах нь тохиромжгүй” гэв.

.

ССАЖ-ийн сайд Ц.Оюунгэрэл энэ үеэр “Гаалийн байгууллагаас бидэнд хандан эдгээр соёлын өвийг ССАЖЯ-нд шилжүүлэе хэмээн хандсан. Бид мэргэжлийн баг гарган үзмэрүүдийг шалгаж, судалсан. Одоо эдгээр үзмэрүүдийг соёлын байгууллагуудад шилжүүлж, сэргээн засварлах ажлыг мөн давхар хийгээд явна” гэлээ.

Эдгээр үзмэрүүдийг иргэд санаатайгаар болон санаандгүйгээр тээвэрлэж  яваад хураагддаг. Соёлын өв, түүхийн дурсгалт зүйлсийг холбогдох байгуулагуудад нь шалгуулж, тээвэрлэж явсан иргэдийг саатуулан шалгах ажиллагааг хууль хяналтынханд даатгадаг. Харин алт эрдэнийн зүйлс тээвэрлэж яваад хураагдсан тохиолдолд Цагдаагийн байгууллагаас эд мөрийн баримт хэмээн хураан авдаг. Тэдгээр хэргүүдийн мөрдөн шалгах явцаас хамаарч, цагдаа, шүүх, прокурорын байгууллагад хадгалагдаж байгаа аж.

.

Зөрчил гарган түүх соёлын эд зүйл тээвэрлэж яваад саатуулагдсан иргэний хэргийг шалгаж, хариуцлага тооцох ёстой. Гэвч манай улсын Соёлын өвийг хадгалах, хамгаалах, буруутай этгээдэд хуулийн хариуцлага тооцох заалтаар 50-хан мянган төгрөгийн торгууль тавьдаг  хэмээн албаныхан хэлж байлаа. Улаанбаатар хотын гаалын газарт дээрх үзмэрүүдээс гадна 200 гаруй хураагдсан эд өлгийн болон түүх соёлын үзмэрүүд байдаг ба Замын-Үүд, Сэлэнгийн гааль дээр мөн ийм музей байдаг гэсэн юм.

.

 Энэхүү арга хэмжээний төгсгөлд Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэхдээ” Би Засгийн газарт нэг журам оруулья. Уг журамд Сангийн яам, ХЗДХЯ, ГЕГ, ССАЖЯ, ТӨХ нар хамтран хил гаалиар нэвтрүүлэх гээд хураагдсан түүх соёлын өв, дурсгалт зүйлсийг хэрхэн соёлын байгууллагад шилжүүлэх, хамгаалах, буруутай этгээдэд хариуцлага тоооцох талаар нэг бүрчилэн оруулж өгье. Ингэж байж соёлын өв хамгаалагдаж, Гаалийн байгууллагад хадгалагдах биш зориулалтын музейд үзмэр болон олны хүртээл болох ёстой. Нөгөө талаар буруутай этгээдэд оногдох ял ч хөнгөн байх учиргүй. Бид өвөг дээдсийнхээ , эх орныхоо түүхийг хайрлаж байж, хойч үедээ өвлүүлэн үлдээх үүрэгтэй” гэв.

.

П.Наран

Гэрэл зургийг Б.Мөнх-эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ