Монгол бренд

img

Дэлхийн хөгжилтэй эн зэрэгцэх боломж бололцоог Монгол улсын хөгжлийн хурдац олгож байна. Түүхий эдээ экспортлох замаар улсын сан хөмрөг арвижиж олон улс дахь нэр хүнд өслөө. Манай улсын нийт экпортын 80 гаруй хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 30 хувьд боловсруулалт хийж үлдсэн хэсгийг нь түүхийгээрээ экспортлогддог. Түүхий эд дээрээ нэмүү өртөг шингээн гадаад зах зээл дээр зүгээр нэг гаргачихдаг юм биш. Олон улсын чанар стандартыг хангасан төдийгүй бусдаас давуурхаж илүүрхсэн бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж хөгжлийнхөө хурдацыг хангаж, ахин урагшлах замаа нээх болно.

 6

Шилжилтийн үед бид олон зүйл хийж чадахаа больсон. Жилдээ 1.2 сая метр даавуу үйлдвэрлэж, арьс ширээрээ жилд 2 сая орчим гутал үйлдвэрлэж дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй гадагш нийлүүлдэг байсан.

 6

Харин өнөөдөр нэг ч метр даавуу үйлдвэрлэхээ больж, хувиараа гутал хийгчид өмнөд хөршийн боловсруулсан арьс ширээр гутал хийж байна. Энэ бол хэрэгцээгээ өөрсдийгөө хангах энгийн шат. Эцсийн өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл сэргэхийн эхлэл нь түүхий эдийн боловсруулалт, хангалт. Бид энэ суурийг хэдийн тавиад эхэлчихсэн. Одоо бренд бүтээгдэхүүн хэрхэн үйлдвэрлэж гадаад зах зээлд гаргах вэ гэдэг тун чухал асуултын өмнө ирээд байна.

 6

Ноос ноолуур, арьс шир, оёдол дизайн, мах сүү болон аялал жуулчлалын бүтээгдэхүүн өнөөдөртөө манайд хамгийн боломжтой байгаа. Ноосыг аваад үзье л дээ. Манай улс жилдээ 17 мянган тонн ноосныхоо 7000 орчмыг нь боловсруулах юм бол жилдээ 2.5 сая метр даавуу үйлдвэрлэж чадна. Энэ даавууг амилуулах дизайнер, оёдолчид хангалттай бий. Эсгий урлалын бэлэг дурсгал ч сүүлийн үед жуулчдын авах дуртай барааны нэг болсон.

 6

Нэг үе тоохоо байсан шахуу хонины ноост ийм хэрэгцээг бий болгож чадаж байгаа юм чинь цагаан алт гэж нэрлэгддэг ноолуур ч хаданд гарч болно. Өнөөдөр зах зээл дээр нэг тонн самнасан ноолуур 110 мянган ам.долларт хүрч байна. Ноолуур, ноос бол хоёулаа байгалийн баялаг шиг шавхагддаг нөөц биш. Хаврын хаварт малчны хотноос ундран гарч байдаг үндэсний баялаг. Жилд гарч байгаа ноолуурын аравхан хувийг эцсийн бүтээгдэхүүн болгож 3000 тонн угаасан болон бохир ноолуур экспортолж байна.

 6

Түүхий болон хагас боловсруулсан ноолуурыг гадагш гаргахыг эдийн засгийн аргаар хориг тавьж эцсийн бүтээгдэхүүн болгон Монгол ноолуур бренд болгоход юун түрүүн төрийн дэмжлэг хэрэгтэй. Өөртөө эцсийн бүтээгдэхүүн болгож чадах бүхий л түүхий эдийн экспортод төр чадахынхаа хэрээр саад учруулах ёстой. Тэгж гэмээн үйлдвэрлэгчид түүхий эдээр ангахгүй байж үйлдвэрлэл хөгжинө. Ажлын байр ч асар ихээр нэмэгдэнэ.

 6

Хүнсний салбарт ч бренд болгох өч төчнөөн бүтээгдэхүүн байна. Жишээ мах байна. Монгол малын махыг эрүүл гэнэ. Хэн юугаараа батлах юм бэ. Хүний биед аюулгүй, аминдэм ихтэй сайн гэдгийг бид юугаар батлах юм бэ. Олон улсын чанар стандартыг тодорхойлдог нэг ч орчин үеийн шинжилгээ судалгааны лабартори бидэнд алга. Иймээс ч манай 40 гаруй сая толгой малын махны тун өчүүхэн хэсэг нь л гадаад зах зээл рүү гарч байна. Зохих шинжилгээг нь хийгээд бэлчээрийн мал аж ахуйн гайхамшигтайг нотлосон олигтой сурталчилгаа ч алга.

 6

Үүнд нь төр туслах ёстой. Сүүний хангамжийн тухай бүүр ярихаас ч ичмээр. Дөчин сая малын сүү гэдэг тоймгүй их сүүний шавхагдашгүй нөөц жилийн дөрвөн улиралд үйлдвэрлэгдэж байгаа. Харамсалтай нь гол төлөв найруулагдсан, хуурай сүүний импортоор хэрэгцээгээ хангаж байна бид. Сүү үйлдвэрлэгчдийн 70-80 хувь нь ийм сүүгээр монгол малын сүү хэмээн манийгаа хуурч байгааг хяналтынхан тогтоосон. Төр үүргээ бас л хашин хойрго биелүүлж ирсний тод жишээ.

 6

Зүй нь импортын сүүнд хориг тавьж улс даяар байгуулагдаж байгаа биржүүдээрээ дамжуулан сүү сүүн бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэ л дээ. Гаднаас сүү импортолж эдийн засагтаа үлэмж хохирол учруулахаас лав илүү зардал гарахгүй дээ. Дээр нь экспортлох өргөн боломж бий болно. Гүүний саам, айраг, сарлагийн сүү, ингэний хоормог, ааруул ээзгий, мойлтой мэхээртэй тос гээд сүүнээс ямар л бүтээгдэхүүн гаргаж авдаг билээ тэр бүхэн гадаад зах зээл дээр гаргаад эхэлбэл улсын хэмжээн дэх 32 мянган ажилгүй иргэнийг ажлын байраар хангаж амьдрал ахуйг нь өөд нь татаад л өгнө. Ажилтай бол орон байртай байх хөтөлбөр хэрэгжиж байгаа өнөөгийн нөхцөлд бие биентэйгээ уялдаа холбоо бүхий бодлого хэрэгжвэл Монголын бараа бүтээгдэхүүн гадаад зах зээлийг дорхноо байлдан дагуулж БРЕНД-үүд ар араасаа цувраад л гараад ирнэ.

 6

Н.Бадамжав

СЭТГЭГДЭЛ БИЧИХ