Сайхан цаг ирэхийн дохио

img

  Хүүе ийм сайхан сонгууль болдог бол сайхаан. Хар пиар хөөцөлдсөнгүй, гүтгэж доромжилсонгүй. Хэн нэгэндээ өш зангидаж олныг турхирсангүй. Сонгуулийн хар давалгаанд түмнээ чирэгдүүлсэнгүй. Санал хураалт, тооллого дээр ноцтой гэмээр луйвар ажиглагдсангүй. Хүн болгон л энэ тухай ярьж байна. Монгол хүн амны билгээр гэдэг сайхан цаг ирэхийн дохио юм уу даа гэж бодож сууна. Сонгууль тэгш бус гараанаас эхэлсэн нь тодорхой. Ерөнхийлөгч хүнтэй өрсөлдөнө гэдэг Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал хоёрын хувьд хүндхэн даваа. Засаглалтай шууд нүүр тулж байгаа гэсэн үг. Гэхдээ өмнөх сонгуулиуд ийм л байсан. Ерөнхийлөгчийн хувьд босгондоо арайхийж хүрлээ. Цаашдаа бодох л асуудал. Гол нь түүний авилгалтай тэмцэж байгаа бодит тэмцэл нөгөө хоёрынхоо аман тэмцлээс сонгогчдод арай л ойр дөт сонсогдсон байх. . Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал хоёр санал хуваах нь тодорхой байсан ч ийм өндөр хувиар санал хуваана гэж нэг их төсөөлөөгүй болов уу. АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж 622.794, МАН-аас нэр дэвшигч 520.380, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал 32,281 санал сонгогчдоосоо авсан. Б.Бат-Эрдэнэ 102.414 хүний саналаар Ерөнхийлөгчид өвдөг шороодсон. Бөх хүн төрийн жолоо атгана гэж юу байсан юм, дотооддоо их сургууль төгсөхчөөн аядсан гэхчлэн шоодсон үг сонсогдож байсан ч УИХ-д сул гишүүн байгаагүй, улс төрийн тогоонд хиртэж, булингартаагүй түүний нэр хүнд ийм өндөр рейтинг хүргэсэн гэхэд нэг их хилсдүүлэг болохгүй. Сонгуулийн сурталчилгааны үеэр түүнийг МАН-ын нэр дэвшигч гэхээсээ илүү наадмын дэвжээг эзэгнэсэн их аварга гэсэн нэр нүүрээр иргэд эхэндээ хүлээж авсан. Дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн агуулга явцын дунд түүний нэр хүндэд эерэг үр дүн авчирч байлаа. Харамсалтай нь түүний ар тал сайн байсангүй. Зарим талаар журмын нөхөд нь нүүр хийх газаргүй болтол нь шарж байсан юм. Эрх мэдлээ урвуулан ашиглаж мөнгө зувчуулсан хүн дарамталсан, хэдэн зуун тэрбум төгрөгийн авлига авч өгөлцсөн гээд аварга зөв харж инээж буруу харж уйлж л явсан байх. Намын сонгуулийн штабаас бэлдсэн сурталчилгааны самбар, сонин сэтгүүл, танилцуулга өнгө зүс царай муутай, утга агуулга ядруухан байсныг энд тэмдэглэх хэрэгтэй. Дээр нь цаг хугацаа хоцорч материал нь тараагдаж байсан, сөрөг сурталчилгаанд цаг тухайд нь цохилт өгч чадаагүй, нам доторх бужигнаан олны нүдэн дээр ил гарсаар байсан гээд пиарчид нь дэндүү муу ажиллаж байлаа. Ц.Элбэгдоржийн пиарчид олон сонгуулиар АН-ын нүүр царайг урлаж чадсан шинэлэг сэтгэлгээтэй чадварлаг сэтгүүлчдээр олон байсан нь Ерөнхийлөгчийг суудлаа авч үлдэхэд гол нөлөөг үзүүлсэн юм. Гэвч тэр газардаагүй. Улсын жолоог атгаж байгаа хүнээс 9 хүрэхгүй хувиар бага санал авна гэдэг өнгөрсөн хугацаанд улс төрд хэрхэн төлөвшсний үр дүн. . Одоо хариуцлага тооцох учиртай. Лав л нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд биш. Сонгуулийн төв штабт тэр дундаа намын дарга Ө.Энхтүвшин, намын удирдах зөвлөлийн гишүүдэд ноогдож таарна. Албан тушаалаасаа бууж таарна. Араас нь хэн энэ намыг удирдаж өдрөөс өдөрт доройтож байгаа нэр хүндийг нь аврах вэ. Байдал 1996 оны сонгуулиар АН-д ялагдал хүлээсэн үеийнхээс хүнд хэцүү болсон. Уг нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах нь ус агаар шиг хэрэгтэй байлаа. Хамгийн нэр цэврийгээ нэр дэвшүүлсэн. Тэд төрд хяналт тогтоож унасан нэр хүндээ өсгөх боломжтой байлаа. Одоо энэ шаанс байхгүй боллоо. АН төрийн гурван өндөрлөгийг эзлэсэн өнөөгийн нөхцөлд МАН-ынхан УИХ-д цөөнхийн цөөнх болно. Бие даагч, МАХН, ИЗН-ынхан ялалтын уухайг уухайлан АН-ы талд орж таарна. Үгүй бол тайзны ард хоцроно гэдгээ тэд сайн мэдэж байгаа. 1996 оны МАН-ы ялагдлын дараа Н.Энхбаяр, С.Баяр тэргүүтэй залуу үеийн цус сэлбэгдэн орж ирж байлаа. Тэд эрч хүчтэй байсан. 1997 оны Ерөнхийлөгчийн сорнгуулийг ч өөр дээрээ болгож чадсан хүчтэй сөрөг хүчин байлаа. Оройтсон ч гэлээ МАН-д шинэ цус хэрэгтэй боллоо. Хууччуулд ард түмэн итгэхээ больсон. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн нэр доргино гэдэгчлэн бүгд авлигалч шахуу харагдах болов. Нэр цэвэр залуустаа найдах л цор ганц боломж үлдсэн. Тэд нь хаа байна вэ. Нөгөө нэг хувилбар нь Б.Бат-Эрдэнэ аваргын сонгуульд үзүүлсэн амжилтаар жигүүрлэсэн фракцийнхан. Хайгаад хэрэггүй энэ том цохилтын дараа нүд ирмэх зуурт л аваргыг тойроод бий болчихно. Магадгүй энэ фракц тэднийг аврах ч юм билүү. Ийм л тодорхой байдал, хар дарсан зүүдэнд МАН автчихлаа. Чухам хэзээ сэрэх бол. . Н.Удвал сайд сонгогчдын 6,5 хувийн санал авлаа. МАН-тай харьцуулахад сонгуулийн штаб нь ч сайн ажилласан өөрөө ч голыг нь олсон ухуулгаараа сонгогчдыг өөртөө тун сайн татаж чадсан. Нөгөө талаар түүхэн дэх Ерөнхийлөгчид нэр дэвшигч анхны эмэгтэй. МАХН хөл дээрээ боссон улс төрийн хүчин гэдгийг тэр харууллаа. МАН-тайгаа харьцуулахад өдрөөс өдөрт жигүүрээ дэлгэж байгаа жигүүртэн. АН, МАН-ын алдаа бүр дээр өсч өндийнө. Тун удахгүй лидер нь суллагдана. Улс төрийн үйл явцыг өөртөө яаж ашигтай эргүүлэхээ тэр сайн мэднэ. Ирээдүйн тулааны гол өрсөлдөөнийг тэр эхлүүлэх ч юм бил үү. Өчигдрийн дайсан өнөөдрийн найз гэсэн бодлого баримталж МАН-ын нөхдүүдийг урвуулан хүчирхэгжих ч юм бил үү. Эс бөгөөс зангидсан өсөө тайлахаар МАН-ыг газрын хөрснөөс арчих гэж хичээх бол уу. Сонирхолтой үйл явдлын дараалал биднийг хүлээж байна даа. . Н.Бадамжав

СЭТГЭГДЭЛ БИЧИХ