ҮАБЗ орон сууц, дахин төлөвлөлтөөр мэдээлэл сонсов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр ҮАБЗ-ийн өргөтгөсөн мэдээлэл сонсох хуралд оролцсон. Өргөтгөсөн мэдээлэлд ҮАБЗ-ийн гишүүн, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нараас гадна Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, бусад албаны хүмүүс, гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцох компаниудын төлөөлөл оролцсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эдгээр асуудлыг хийж нэгдсэн нэг ойлголттой, нэг чиглэлтэй болох нь чухал гэдгийг уулзалтын эхэнд мэдэгдсэн. Мөн баримталбал зохих таван зарчим байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв. Тэрбээр хэлэхдээ “Нэгдүгээрт, иргэдийн оролцоо хамгийн чухал. Иргэд оролцож асуудлаа шийддэг байх ёстой. Хүн өөрөө гэрээ барина. Гэрээ барих шийдвэрээ хүн өөрөө гаргана. Түүндээ хариуцлагаа хүлээнэ. Өөрөө зээлээ авна. Хэлцлээ өөрөө хийнэ. Мөн тэндээ хариуцлагаа хүлээнэ гэдэг хамгийн чухал. Аль болохоор чанартай сайн юм хийлгэхийн төлөө өөрсдөө хариуцлагатай оролцоно.
Хоёрт, цаг хугацааны зарчим. Зуны сар зургаа бишээ гэдгийг санаж, эдгээр төлөвлөж байгаа ажлын эрчийг алдуулж болохгүй. Ирэх 2014, 2015 он бол сонгуульгүй хоёр жил. Хугацаа богино байгаа гэдгийг хаа хаанаа сайтар ойлгож ажлаа зөв хуваарилах хэрэгтэй.
Гуравт, энэ ажлыг улс төр, элдэв амлалт, популизмаас хол байлгамаар байна. Хүнд таалагдах гэж асар хохиролтой алхмууд хийдэг. Ингэж болохгүй.
Дөрөвт, гэр хорооллын өргөтгөл, дахин төлөвлөлтэй холбоотой ажлыг гэр хорооллоо түшиж хийнэ. Гэр хороолол бол хөгжлийн боломж, хөгжлийн хороолол, хөгжлийн гол суурь болох боломжтой. Улаанбаатар цаашдаа хотуудаас бүрддэг хэлбэр рүү орох ёстой. Дахин төлөвлөлт гэж хэдэн байшин барих биш, бүх талын бизнес өрнөх боломжтой болно. Гэр хорооллын иргэд ажилтай, албатай болох боломжтой болно. Ирээдүйдээ итгэлтэй болно. Хотын шинэ төвүүд бий болно. Энэ зарчмыг харж ажилдаа орвол сайн болно.
Тавт, энэ ажил олон хувилбартай, олон боломжтой байх ёстой. Иргэдэд ганцхан боломж тулгах биш, олон хувилбартай байдаг байя. Жишээ нь, газраа чөлөөлсөн иргэдийг шинэ байранд оруулах, хөнгөлөлттэй зээл олгох, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүлүүд, орлого багатай иргэдэд зориулсан улсын орон сууц зэрэгцээд явж байж болно. Мартаж болохгүй нэг зүйл бол нийгмийн дэд бүтэц. Олон гэр хороолол босч байгаа. Тэнд бага сургууль, эмнэлэг, цэцэрлэггүй байдаг. Үүнийг анхаарах хэрэгтэй гэлээ.
Гэр хорооллын дахин төлөвлөлт, шинэ суурьшлын бүсүүд, орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг хэрхэн хэрэгжүүлэх талаар өргөтгөсөн мэдээлэлд оролцсон хүмүүс байр сууриа илэрхийлж нэг ижил мэдээлэл, нэг зорилготойгоор уг ажлыг хийх талаар дэлгэрэнгүй ярилцсан.
Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
Иргэдийг орон сууцжуулах, тохилог орон сууцанд амьдруулах төслийн хүрээнд зургаан бүлэг үйл ажиллагаа явагдаж байна. Эхнийх нь болох 12 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлт хийхээр 8 байршлын ажил эхлээд байна. Дахин төлөвлөлт хийх байгаа хэсэгт нийтийн орон сууц барих, инженерийн байгууламж хийх ажлыг эхлүүлсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийснээр 25900 өрхийн 127550 хүн тохиолог орон сууцанд амьдарна. Байршил бүрт 3400 хүүхдийн дунд сургууль, 1900 хүүхдийн цэцэрлэг, 1500 ажлын байр нэмэгдэх юм.
Гудамж төслийн хүрээнд гэр хорооллын гудамжуудыг торлоод дахин төлөвлөлтөд оруулна. Ингэхдээ иргэд газраа барьцаалж хашаандаа төвийн дулаан, ус холбогдсон тохилог байшин барих боломжтой. Мөн хотын найман байршилд Сэлбэ, Баянхошуунд Азийн хөгжлийн банкны оролцоотойгоор 100 мянга гаруй хүнд үйлчлэх дэд төвийг бий болгоно. Ханын материалд хотын шинэ төв бий болно. Энэ жил нийслэл орчимд 52 байршилд 15 мянган газрыг 197 мянган хүнд олгоно.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр
Иргэдийн хувьд орон сууцны зээл, гэр хорооллыг хэрхэн төлөвлөж, хамруулах вэ гэдгийг харж байгаа. Хотын төв, төлөвлөлтөд гэр хороолол, хурдны зам, дугуйн зам, автозам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж цөм багтана. Зөвхөн гэр хорооллыг “Гудамж” төсөлд хамруулахад 69 мянган хашаа, 700 км шинэ гудамж, 50 сая мКв талбай, 5 тэрбум орчим ам.доллараар үнэлэгдэгх газар иргэдэд байна. Энэ газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хашаан дотроо байшин барихад нь зээл олгодог болох хэрэгтэй. Харин төр касгаас дэд бүтцийг шийдэж иргэдийг боломжоор хангахад анхаарах юм.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
Засгийн газрын 118 дугаар тогтоолоор “Чингис бонд”-оос хөрөнгө гарган орон сууцны есөн хороолол, гэр хорооллын есөн байршилд эрчим хүчний, дэд бүтцийн ажлыг эхлүүлээд байна. Баянголын ам, шинэ Яармаг төслийн хүрээнд найман ажил эхэлсэн. Түрээсийн орон сууц хөтөлбөр эхлээд явж байна. Өмнө нь Орон сууц санхүүжилтийн корпораци гэж байсныг өөрчлөн Сангийн яам, БХБЯ оролцон Төрийн орон сууцны корпораци болгон өөрчиллөө. Түүнчлэн нийслэл хотод 40-50 онд баригдсан ашиглалтын хугацаа дууссан орон сууцнуудыг засварлаж ашиглах бүрэн боломжтой. Хуучин байруудад хүчжүүлэлт хийх, дулаан алдалтыг багасгах зэргээр тордож, моргейж хэлбэрт оруулбал зардал бага гарна. Нийслэлд 76 тийм байрны асуудал яригдаж байгаа.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал
Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан мэдээгээр 163 мянган өрх орон сууцанд амьдардаг. Эдгээрийн 16 хувь нь нэгээс дээш орон сууцтай, мөн орон сууцтай гадаад иргэд 1 хувийг эзлэж байна. Найман хувийн зээлээр орон сууц олгохтой зэрэгцэн зарим нэг барилгын компаниуд үнээ нэмсэн. Энэ асуудлыг ШӨХТГ-аас шалгасан. Тэдгээр компаниудад шаардлага хүргүүлж, үнээ нэмсэн нь тогтоогдвол оруулсан хөрөнгө оруулалт дээрээ 30 хувийг нэмж тооцох юм. Тиймээс барилгын компаниуд ингэж алдагдал хүлээхийг хүсэхгүй нь ойлгомжтой. Мөн орон сууцны үнэ өсөхийн эсрэг нийлүүлэлтээ нэмэгдүүлэх шаардлагатай. Монголбанкны зүгээс 800-гаад тэрбум төгрөгийг банкуудад байршуулсан байгаа.
УИХ-ын дарга З.Энхболд
АНУ-д улстөрийн оролцоотойгоор иргэдийг урьдчилгаа төлбөргүйгээр орон сууцжуулж, анхан шатны моргейжийн зээлийг 0 болгосон. Ингэснээр уг төсөл хөтөлбөр дампууралд орсон. Учир нь банк, барилгын компани, иргэдийн хариуцлага зэргээр системийн алдаа гарж, бүх төлөвлөгөө уналтад орсон баримт бий. Тийм болохоор урьдчилгаа төлбөр гэдэг байх ёстой. Харин иргэд орон сууцны урьдчилгааг хэрхэн хийж болох вэ гэсэн сонголтуудыг бий болгох нь чухал.
Эдгээр мэдээллүүдийн төгсгөлд Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын нийгмийг тогтвортой болгоход хамгийн их нөлөө үзүүлдэг зүйл бол хариуцлага. Өмнө нь “Чингис бонд”-ын асуудлаар ҮАБЗ хуралдаж байхад “Өнөөдрөөс эхлээд Монгол Улс хариуцлагатай улс боллоо. Олон улсын хэмжээнд бид зээлээ төлнө. Одоо хариуцлагатай байя” гэж би хэлж байсан.
Өнөөдөр бас нэг үг хэлэхэд Монгол Улсын иргэд орон сууцны хөнгөлөлттэй зээл, бусад ажил хэрэгжээд эхлэхээр хариуцлагатай иргэд болно. Тэр хүмүүс ажилтай, тодорхой хэмжээний орлоготой байх хэрэгтэй. Зүгээр ажлаа хаядаг, орхидог байж болохгүй. Иргэд хариуцлагатай, ажлаа хариуцлагатай хийдэг, үүрэг хариуцлагаа зөв биелүүлдэг байхад улс орон маань тэр чигээрээ хариуцлагатай улс болно. Дээр нь хөгжил тогтвортой болно. Бүтээн байгуулалт, хариуцлагын хувьсгал гэдэг зүйл хамт явж байгаа шүү гэдгийг анхааруулж хэлье” гэлээ. Мөн улсын хэмжээний ажил тул Монгол Улсын Ерөнхийлөгч энэ ажилд маш их анхаарч ажиллана. Үндэсний хэмжээний манлайлал үзүүлж онцгой анхаарч дэмжлэг үзүүлж ажиллах болно гэдгийг тэрээр онцлон хэлсэн юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ