Х.Батсайхан: “Оюутан цэрэг” төгсмөгцөө төрийн албанд ажиллах боломжтой

img

Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалахын яам хамтран “Оюутан цэрэг” хөтөлбөрийг санаачлаж,  хэрэгжүүлж эхлэхээр бэлтгэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарилгаар уг хөтөлбөрийг ирэх сараас хэрэгжүүлж эхлэхээр болжээ.

Тиймээс энэ талаар МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхантай ярилцлаа.

-Оюутнууд суралцах хугацаандаа цэргийн алба хаах боломжтой болжээ. Энэ талаар тодруулаач?

-Манайхаас Зэвсэгт хүчний жанжин штаб болон Батлан хамгаалахын яамтай хамтраад “Оюутан цэрэг” хөтөлбөр эхлүүлэхээр төлөвлөөд байгаа. Энэ асуудлыг Монголын Оюутны Холбооноос санаачилж өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхийлөгчид өргөн барьсан юм. Харин энэ сарын 28-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Оюутан цэрэг” хөтөлбөрийг дэмжсэн зарлиг гаргасан. Хэрэв оюутнууд зуны амралтаараа цэргийн алба хаавал цэргийн үүрэгтний үнэмлэх авч, төгсмөгцөө төрийн албанд орж ажиллах боломж нээгдэх юм. Гадаадын орнуудад оюутнуудыг суралцаж байх хугацаанд нь цэргийн албанд түргэвчилсэн аргаар сургаж, хаалгадаг гэсэн. Тиймээс бид уг туршлагыг судалж, туршилтаар оюутнуудыг цэргийн алба хаалгахаар төлөвлөж байгаа.

-Туршилтыг хэзээнээс хийхээр төлөвлөөд байгаа вэ?

-Хэдий хугацаанд, хэрхэн цэргийн алба хаалгах зэрэг асуудал яг тодорхой болоогүй байна. Эхний ээлжинд энэ зун 100-500 оюутныг туршилтын байдлаар цэргийн алба хаалгаж үзнэ.

-Хэрэв уг хөтөлбөр амжилттай болвол цаашдаа оюутнууд суралцаж байхдаа цэргийн алба хаадаг болно гэж ойлгож болох уу?

-Энэ зуны анхны туршилт амжилттай болоод уг хөтөлбөр цааш хэрэгжихээр болвол олон сайн талтай. Тухайлбал, ихэнх оюутнууд бакалавраа төгсөөд үргэлжлүүлээд магистр, докторт сурч төгсдөг. Гэтэл суралцах хугацаанд цэргийн 26 нас хүрчихдэг. Ингээд цэргийн алба хаах нас нь дуусдаг. Гэтэл төрийн албан хаагч нь заавал цэргийн алба хаасан байх шаардлагатай байдаг. Тиймээс тухайн оюутан цэргийн алба хаагаагүй учир их хэмжээний мөнгө төлөх болчихдог. Өөрөөр хэлбэл, хуулиндаа иргэд 18-25 насанд цэргийн жинхэнэ алба буюу биеэр дүйцүүлэх алба хаана гэж заасан байдаг. Хэрэв цэргийн алба хаагаагүй бол тухайн иргэнийг хуулийн дагуу 26 насанд нь цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаалгадаг юм.

-Оюутан бүр зуны амралтаараа цэргийн алба хаадаг болох уу. Эсвэл тухайн оюутны сонголтын асуудал байх уу?

-Тухайн оюутан цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах эсвэл “Оюутан цэрэг” хөтөлбөрөөр хаах нь өөрийнх нь сонголтын асуудал байх болно. Түүнээс заавал уг хөлбөрт хамрагдаж цэргийн алба хаана гэж ойлгож болохгүй.

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгат юу гэсэн байгаа вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгат “Нэг. Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй 18-25 насны, хугацаат цэргийн алба хаагаагүй тус улсын иргэн эрэгтэйчүүдийг оршин суугаа нутаг дэвсгэр, суралцаж буй мэргэжлээс үл хамааран сургалтын чөлөөт цагт нь цэргийн жинхэнэ албыг хаалгахтай холбогдсон эрх зүйн орчинг бүрдүүлж, холбогдох хуулийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.

Хоёр. Зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыгЗасгийн газар (Н.Алтанхуяг)-т чиглэл болгосугай.

Гурав. Зарлигийн хэрэгжилтийн талаар жил бүрийн 12 дугаар сард багтаанМонгол Улсын Ерөнхийлөгчид болон олон нийтэд мэдээлэл хийж байхыг Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагад тус тус даалгасугай” гэсэн байгаа

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sain baina :
saihan ajil boljee ene humuusiin yu geh er ni ymar hamaatai um be batsaikhaan ajillaad baigaarai
2014-03-18