С.Өлзийсайхан: Энэ онд 2310 эмч ажиллах эрхээ аваад байна

img

Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг “Хүний их эмч” мэргэжлээр төгсөгчдөд зориулсан “Хөдөлмөрийн яармаг” өчигдөр Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр боллоо. Тус хөдөлмөрийн яармагт ЭМЯ, ЭМХТ, НЭМГ, МӨАУМХ зэрэг байгууллагууд болон Баянхонгор, Дорноговь, Архангай аймгуудын төлөөлөл оролцсон юм.

Энэ үеэр төгсөгчдөд ажлын байрны талаарх мэдээллийн ил тод, шуурхай байдлаар нэг цэгээс хүргэх, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүд, сум дундын эмнэлгүүдийн үйл ажиллагааг сурталчилах, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлогыг танилцууллаа. Мөн нийслэлийн дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэл, Нэгдсэн эмнэлгүүд болон хөдөө орон нутагт дутагдалтай ажлын байрны талаарх мэдээллийг хүргэсэн юм.

Арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Төгсөлтийн дараах сургалтын алба /ТДСА/-ны дарга С.Өлзийсайхантай ярилцлаа.

-Танай байгууллага “Хөдөлмөрийн яармаг” арга хэмжээг хэд дэх жилдээ зохион байгуулж байна вэ?

-ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг дүүргэсэн төгсөгчдөд зориулж “Хөдөлмөрийн яармаг” үзэсгэлэнг анх удаа зохион байгуулж байна. Цаашид уг арга хэмжээг жил бүр уламжлал болгон илүү өргөн цар хүрээнд зохион байгуулахаар болсон. Үзэсгэлэнгээс улсын болон хувийн эмнэлэг, эмнэлгийн байгууллагууд өөрсдийн боловсон хүчнээ олж авах боломжтой юм.

-Улсын хэмжээнд анагаах ухааны боловсрол олгодог хэдэн сургууль байдаг вэ?

-Энэ онд Анагаах ухааны боловсрол олгох зөвшөөрөл бүхий улсын болон хувийн 8 их, дээд сургуулийг 2933 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн төгссөн байна. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтанд 2810 төгсөгч орсноос 2310 эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч  эрүүл мэндийн салбарт ажиллах эрх аваад байгаа.

-Сүүлийн үед эрүүл мэндийн салбарыг тойрсон хэл ам, маргааш их гарах болжээ. Та бүхэн боловсон хүчний чадвартаа анхаарлаа хэрхэн хандуулдаг вэ?

-Манай байгууллагаас гадна ЭМЯ салбарынхаа боловсон хүчнүүдэд анхаарлаа хандуулж ажилдаг. Манай байгууллага бол Анагаах ухааны боловсрол олгох сургалтын дараагийн шатны байгууллага юм. Өөрөөр хэлбэл, сургуулиа төгссөн залуу эмч нарт манай байгууллага эмчилгээ хийх зөвшөөрөл лиценз олгодог. Ингэхийн тулд тэдэнд дахин сургалт явуулж, шалгалт авдаг. Шалгалтад тэнцсэн эмч нарт зөвшөөрөл олгодог.

Эрүүл мэндийн боловсон хүчнийг чадваржуулахын тулд 2001 оноос хойш Төр тодорхой хэмжээний төсөв гаргаж, залуу эмч нарт тэтгэлэг олгож, сургаж эхэлсэн. Энэ мөнгө нь жил тутам нэмэгдэж байгаа.

-Энэ жил Төрөөс хэдэн төгрөг өгсөн бэ?

-Төрөөс 1 тэрбум 500 сая төгрөгийг олгоод байна. Энэ мөнгөөр 7000 эмнэлгийн мэргэжилтнүүд суралцана. Энэ оноос манай байгууллага залуу эмч нарыг гадаадад сургалтад хамруулахаар болж байгаа. Одоогийн байдлаар Япон, Солонгос, ОХУ зэрэг орнуудад эмч нараа явуулахаар ярилцаж байна.

Б.Одон 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ