Ш.Цэнд-Аюуш: Ухаарч гэгээрээгүй хүний уушиг зүрх омголон байдаг

-Сүүлийн үед утга зохиолын судлал шүүмжлэл дорвитой хөгжихгүй байгаа юм шиг санагддаг. Та энэ чиглэлийн томоохон төлөөлөгч, эрдэмтэн хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?
-Утга зохиол болон утга зохиолын судлал шүүмжлэл гар гараасаа хөтлөлцөн хамт урагшилж явдаг гэж эрдэмтэн мэргэд сургасан байдаг. Манайд 1960-1970-аад оноос хойш утга зохиолын судлал шүүмжлэл эрчимтэй хөгжиж, утга зохиол туурвил зүйн хувьд ихээхэн шинэчлэлд хүрсэн юм. Тодруулж хэлбэл, юуны тухай бичив гэхээсээ илүүтэй яаж бичсэн байна гэдэгт их анхаарал тавьдаг болсон. Энэ ч чанараар манай утга зохиолын хөгжилд 1960-аад оноос томоохон ахиц дэвшил гарч, зохиолчдын урлах чадвар, эрэл хайгуулын төвшин өндөр хэмжээнд хүрсэн гэж болно. 1930-аад оны үед их зохиолч Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн тэргүүтний бүтээлд томоохон шинэчлэл байсныг энэ далимд бас дурдах нь зүйтэй. Утга зохиолын судлал өнөө үед ч зохих хэмжээнд байна. Хуучны өв соёлыг судалж гаргах, эртний уран зохиолын судалгааны чиглэлээр цөөнгүй хүн нэг сэдэвт зохиол туурвиж эрдмийн зэрэг цол хамгаалж буй. Гэхдээ утга зохиол судлал, өнөөдөр жинхэнэ бүтээж туурвиж байгаа хүмүүс ялангуяа зохиолчдын залуу үеийнхний бүтээлийг цэгцтэй үнэлж дүгнэх ажил хоцрогдсон гэх шүүмжлэлтэй санал нэг байна. Энэ нь ч бас нийгмийн учир шалтгаантай холбоотой. Түрүү үед ном хэвлэлийн нэгдсэн бодлого ёсчлон хэрэгжиж байсан. Өнөөдөр энэ нь үндсэндээ алга болж, хэн дуртай нь номоо тав, арваар нь хэвлүүлэн тарааж байна. Уг нь жинхэнэ утга зохиолын судлал шүүмжлэл бол Доржийн үеийн олон бүтээлийг нэг бүрчлэн шүүж тухайн зохиол шалгуур хангаж байгаа эсэх, энэ номыг бичигч жинхэнэ авъяастан мөн үү гэдэгт үнэлэлт дүгнэлт өгч, хэн юугаараа давуутай байна вэ, хэн нь учир дутагдалтай байна гэдгийг шүүн тунгаах учиртай. Энэ бол уран сайхны судлал шүүмжлэлийн хамгийн гол зүйл. -Гэхдээ залуу зохиолчид маань судлал шүүмжлэлийг нэг их тоохгүй болсон. Өөрийн эрхээ эдэлж байна гэх ч юм уу. -Энэ бол эндүү ташаа. Их зохиолч А.С.Пушкин, Л.Толстой, манай их зохиолч Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн болон алдартнууд бүгд өөрийн хийсэн бүтээснээ нийгэм, хүмүүс хэр хүлээж авч байна вэ гэдэгт санаа зовж, бүтээлийнхээ үнэ цэнийг зөв тодорхойлуулахад анхаарч, эрдэмтэд судлаачдын үгийг хүсэн хүлээж байсан шүү дээ. Ингэж байж л уран зохиол хөгжиж, сайн зохиолч төрж гардаг жамтай. Уран зохиол, урлаг нэг талаараа харгис байдаг. Та өөрийгөө сайн зохиолч гэж хэчнээн бодовч нийгэм хүлээж авахгүй бол үнэ цэнэ нь тодорч чадахгүй.-Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн залуу яруу найрагч, зохиолчдыг хайр, судлал шүүмжлэлээр дутаж байгаа гэж хэлсэн. Үнэхээр хайраар дутаж байна уу?
-Б.Лхагвасүрэн зохиолчийн үгийг буруушаах зүйлгүй ээ. Залуу зохиолчдод уран зохиолын судлал шүүмжлэлийн өгөөжтэй хайр, дэмжлэг үнэхээр дутагдаж байгаа. Уг нь тэдний бүтээлд туршлагатай, мэдлэгтэй өсч яваа судлаач, шүүмжлэгчид анхаарлаа хандуулж дэмжиж тэтгэхийг урьтал болговол уран бүтээлд нь хур бороо хайрласан мэт урам зориг өгөх болно. -Утга зохиолын шүүмж нийтэлдэг сонин сэтгүүл ч нүдний гэм болчихжээ. -Тийм шүү. Алдаг оног бичсэнийг нь мөнгө авч байж хэвлэнэ гэдэг муу зуршил газар авч гүйцээд байна. -Таны “Охь үгс” ном уншигчдаас өндөр үнэлэлт аваад байгаа. Авмаар үг их байна лээ. Тухайлбал, “Улс төр бол бэлтнүүдийн очдог ресторан юм”, “Маргаашийн нарыг эрт гаргана гэж амалж чаддаг хүн улстөрч болдог”, “Парламент бол эрх мэдэл эд хөрөнгөнд шунагч их армийнхны дундах ганц таваг юм. Хэн хэл урттай нь долоож амждаг”, “Парламентын гишүүн болсны маргааш тэнгэр ойрхон, хүн жижигхэн харагддаг”, “Улстөрч урьдахаа муучилж тодордог. Энэ нь тэдний хувьд “гимнастик” юм”, “Улстөрийхөн дунд сурагч хүн нэг ч байдаггүй, цөм л багш байдаг” гэхчилэн. -Энэ ном маань гурван хэсгээс бүрдэж байгаа. Аливаа зохиолч хүн тухайн цаг үеийн нийгмийн сэтгэлгээг нарийн мэдэрч зохиол бүтээлдээ шингээдэг учиртай. Манай өнөөдрийн урагш муутай улстөрийн байдлыг ажиглаж бичсэн үгс. Ер нь уран зохиолд оновчтой мэргэн хэллэг хэдэн зуунаар дамжин хүний оюун сэтгэлгээнд гэрэл гэгээ нь болж үнэ цэнээ ер алддаггүй юм. Энэ ч зорилгоор уг номыг бичсэн. Дээрх номонд орсон үгсийн талаар Ардын уран зохиолч, Төрийн шагналт Ш.Сүрэнжав, гавъяат багш, утга зохиол судлалын шинжлэх ухааны доктор, профессор Ч.Билэгсайхан нарын уран зохиолын амт шимтийг нарийн мэдэрч чаддаг хүмүүс “тэнгэрт гартал” магтсан байна лээ. “Охь үгс” номонд маань үнэнч шударгын тухай цөөнгүй үгс бий. -Тийм байна лээ. Би гоё санагдсан хэдэн үгээ дэвтэртээ тэмдэглэж авсан. Түүнээс зарим хэсгийг нь уншигчидтайгаа хуваалцъя гэж бодлоо. “Цаг төрийн савалгаанд ухаантны үг манантдаг”, “Дунд сургууль төгссөн хүнийг их сургуульд багшлуулж байгаа нь сонгуульд ялсан намын ид хав мөн”, “Сул хөрөнгө сувдаг сэтгэлд түймэр асаана”, “Үнэн шударга ёс түүхийн музейд тавигдаад тун удаж байна”, “Цаг үе бүхэн өөрийн зуйрган үнэнтэй байдаг”, “Үнэнийг олох өндгөн дээр суух хоёр яг адил тун эмзэг”, “Үнэн гэдэг юм үлгэрээс л тодхон харагддаг даа”, “Үнэн үгийн гарз их”, “Үнэн үг өргөстэй байдаг”, “Үнэн шударга ёс гэгч муу юмны сайхан жийрэг болон хувирав”, “Уран гоё үг өдөртөө олдоно, үнэн үг сардаа нэг олдвол бөөн олз тэр сэн”, “Мэргэн шүүгч үлгэрт л байдаг даа”, “Хууль бол ёс суртахууны дагавар хүүхэд”, “Хууль бол ёс суртахууны хойт эх нь мөн”, “Хуулиас ёс зүйн шударга салхи сэвгэнэдэг ч шүүхийн шийдвэрээс шатсан цаасны эхүүн үнэр байсхийгээд ханхалдаг” гээд л. -Эдгээр үгс юм боддог хүн болгонд хүрээсэй гэж энэ номондоо багтаасан юм. Өөр нэг хэсэг нь хүний амьдрал ёс суртахууны байдлыг хөндсөн бүлэг үгс юм. “Ухаарч гэгээрээгүй хүний уушиг зүрх омголон байдаг”, “Хүн бялдуучийн дамжаа дүүргэхэд ухааныхаа тэн хагасыг нь гээж, үлдсэнийг нь хурцалдаг”, “Зусар бол хүндэтгэлийн сүүдэр юм”, “Эрүүл мэнд аз жаргалын ээж мөн”, “Гэнэн өсөх сайхан, тэнэг өтлөх муухай”, “Сайхан, муухай хоёр хэрэлдэхэд, сайхан нь сарьс, муухай нь үнс болдог", “Байгалийн сайхан хүнийг нийгмийн баглаанаас түр сулладаг”, “Мянган хүний нэг нь ухаан, дөрвөн зуун ерэн ес нь мунхаг хэмээгдэнэ” гэх мэт. -Та дэлхийн хамгийн ухаантай 200 хүний нэг болсон. Энэ талаар тодруулна уу? -Японы Сока их сургуулийн хүндэт профессор болсон. Тус улсын Кансай бүсийн сургууль боловсролын гавъяат зүтгэлтэн гэдэг цолоор өргөмжилсөн. Кембрижийн их сургуулиас дэлхийн 200 ухаантай хүний нэгээр шалгаруулсан. Энэ бүхэн бол Монголын соёл, утга зохиол, боловсролд оруулсан миний хувь нэмрийг гадаадын мэргэд өндөр үнэлж байгаагийн сайхан жишээ болов уу гэж боддог. -Зохиолч уран бүтээлчид сэтгэлээрээ их баян хүмүүс байдаг. Та баян хүн үү? -Би тийм баян хүн биш ээ. Гэхдээ сургуулийн тохилог шинэ байртай болсон. Сургууль маань баялаг сайн номын сантай болсон. Ингээд бодохоор баян ч хүн юм шиг. Зээлээ төлж дуусаагүй болохоор ядуу ч хүн шиг. Юутай ч эрдэм боловсрол дэлгэрүүлэх гэсэн сэтгэлээр баян, авьяаслаг олон шавь нараа бодохоор бас чиг баян хүн шиг санагдаж явдаг. Дашрамд хэлэхэд утга зохиол сэтгүүл зүй, нийгмийн ажлын салбарын бүхэл бүтэн үеийг бойжуулан гаргасан нь үнэхээрийн том ололт юм даа гэж урамшиж явдаг. Би 1990 оноос утга зохиолын залуу халааг бэлтгэх талаар бүхий л хүч анхаарлаа хандуулж ирсэн гэдгийг та бүхэн сайн мэднэ. Оросын холбооны улсын Москва хот дах А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд монголоос явж суралцах боломж хязгаарлагдсан тэр үеэс л эх орондоо утга зохиолын боловсон хүчин бэлтгэж эхэлсэн шүү дээ. 1991-1994 онуудад Улсын багшийн их сургуульд утга зохиолын ажилтны анги нээж тэднийг төгсмөгц энэ сургуулийг бие даалган байгуулсан юм даа. Ирэх жил сургуулийнхаа хорин жилийн ойд оюутан төгсөгчид маань уран бүтээл сурлагын сайхан амжилтаар бэлэг барих байх аа. Утга зохиол, сэтгүүл зүй, нийгмийн ажилтан, хэл уран зохиолын багш болох хүсэл сонирхолтой залууст манай сургуулийн үүд хаалга нээлттэй байдаг гэдгийг энэ дашрамд хэлэх нь зүйтэй болов уу. -Танай сургуульд арай л өөр мэдрэмжтэй авьяас билэгтнүүд элсэн орж, утга зохиол хэмээх “халуун тогоонд” дөрвөн жил “чанагддаг” болохоороо ингэж ялгараад байна уу? -Энэ бол хэн нэгэн хүний гавъяа зүтгэл гэхээсээ илүүтэй энэ уран бүтээлийн хамт олны цэгцтэй, уламжлалтай хамтын хөдөлмөрийн үр дүн юм. Манай сургуульд Монголын шилдэг зохиолчид 14 хоног тутамд ирж, өөрсдийн уран бүтээлийн жаргал зовлон, арга туршлагаасаа сургамж болохуйцаар хэлж ярьдаг. Мөн оюутан залуучуудын бичсэн зохиол бүтээлтэй танилцаж, уран бүтээлийн сургалтыг долоо хоног тутам хийж, манай нэрд гарсан зохиолчид удирдан оюутан залуусын бичсэн бүтээлийг тогтмол хэлэлцэж байдаг. Энэ нь их үр өгөөжтэй ажил. ОХУ-ын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сурууль ийм маягаар хичээллэдэг. Нэртэй уран бүтээлчдийн гол гол бүтээлээр тусгайлан хичээл явуулж тухайн зохиолчийг онцолж судалсан эрдэмтдээр хичээл заалгадаг нэгэн сайхан онцлог бий. Оюутнууд том зохиолчидтой байнга уулзаж, санал зөвлөгөөг нь авдаг болохоор уран бүтээлийн шавь сургалт манай сургуульд сайн хэрэгждэг. Б.Лхагвасүрэн, Д.Цоодол, Ш.Сүрэнжав, П.Бадарч, Ш.Дулмаа нарын зэрэг ардын болон гавъяат цолтнууд манай сургуулиас өөрсдийнхөө шавь гэх олон арван уран бүтээлчдийг тодруулж гаргасан юм. Товчоор хэлбэл, Монголын нэрд гарсан зохиолчдоос манай сургууль дээр ирээгүй хүн байхгүй ээ. -Чадварлаг сэтгүүлч, зохиолчоос гадна монгол хэл-уран зохиолын багш, нийгмийн ажилтнууд төрөн гарч, нийгмийн булингарыг арилгахад тодорхой хувь нэмрээ оруулж байна гэж эрдэмтэд ярихыг олонтаа сонслоо. -Тэгэлгүй яахав. Монгол хэл-уран зохиолын багшийн анги, сэтгүүлчийн анги цөм л утга зохиолын ангийнхантай нэгэн адилаар Монголын алдар цуутнуудтай уулзаж, тэр уран бүтээлийн бүлээн дулаан уур амьсгалд хөл нийлүүлэн алхаж явж төгсдөг улс шүү дээ. Орон даяар нэрд гарсан сэтгүүлчид гэвэл зуугийн тоо цөөдөх юм даа. -Энэ зуугаасаа 10-аадыг нь нэрлээч? -Ө.Отгонбаатар, Д.Батжаргал, Н.Ганзул, Н.Гантулга, Г.Энхжаргал, Ш.Лхамноржмаа, Х.Болор-Эрдэнэ, Г.Сонинбаяр, Б.Эрдэнэцогт, Ц.Эрдэнэбаатар гээд нэрлэвэл их цаг зай авах байх аа. Манай хэд хэдэн төгсөгч дэлхийн олимпийн их наадмыг сурвалжилж байсан юм шүү дээ. Багшийн анги төгсөгчдөөс дээд сургуульд ч хэд хэдэн багш ажиллаж байна. Түрүүчээсээ эрдмийн цол хамгааллаа. Нийгмийн ажилтан мэргэжлээр төгсөгчид маань амьдрал ахуй сайнгүй олонхийн дунд орж ажиллаж, тэдний сэтгэлд урам гэгээ асаан, дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг чадварлаг гүйцэтгэж буйд бид сэтгэл хангалуун байдаг. -Танай сургуулийн онцлог юу вэ, Яахаараа ийм богино хугацаанд олон алдартай залуус төрөн гарч байна вэ? -Манай сургууль 1994 онд Шинжлэх ухаан боловсролын яамны шийдвэрээр Утга зохиолын дээд сургууль нэртэйгээр байгуулагдсан. 2000 оноос нийгмийн ажилтны салбар нээж Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль болж өргөжсөн юм. Сургуулийн онцлог гэвэл өндөр мэргэжлийн багш нараар гол хичээлүүдийг заалгаж оюутны бие дааж ажиллах арга барилд ихээхэн анхаарал тавьдаг. Утга зохиолын чиглэлийн сургалтын төлөвлөгөөг боловсруулахдаа МУИС, МУБИС-ийн хэл утга зохиолын ангийн сургалтын төлөвлөгөө, ОХУ-ын Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн сургалтын төлөвлөгөөг харгалзан боловсруулж утга зохиолын дээд сургуулийн онцлог болж чадах тийм л сургалтуудыг явуулж байдаг. Тиймээс ч та нарын үеийхэн монгол дахь Горькийн сургууль гэж манайхыг нэрлэдэг болоод байгаа шүү дээ. Манай оюутан залуус юуны тухай бичих вэ гэдгээсээ илүүтэй яаж бичих вэ гэдэг туурвил зүйн талыг ихээхэн анхаардаг юм. -Утга зохиолын “акулууд” хичээл ордог болохоор төгсөгчид нь мундаг байна уу? -Нэртэй том зохиолчид ирж уран бүтээлийн туршлагаа хуваалцан, семинар курс, дипломын ажил удирдаж ажилладаг нь оюутан залуусын бүтээл туурвилын өсөлтөнд ихээхэн нөлөө үзүүлдэг юм. Онол түүх туурвил зүйн хичээлүүдийг заахын зэрэгцээ оюутнуудын бичсэн бүтээл зохиолуудыг семинарын хичээлээр тогтмол хэлэлцэн уран бүтээлийн зөвлөгөө чиглэл байнга өгч байдгийг хэлэх хэрэгтэй юм. Яагаад олон сайн зохиолч сэтгүүлч төрж байна гэвэл авьяас сонирхолтой хүмүүсийг зөв зам чиглэлээр сургуулилдагтай холбоотой гэж хэлж болно. Манайхаас улсын хэмжээний яруу найргийн том наадмуудад тэргүүн байрыг эзэлсэн тохиолдол цөөнгүй бий. Улс тусгаар тогтнолоо тунхагласны 80 жилийн ойд зориулсан яруу найргийн уралдаан, зохиолч С. Удвалын мэндэлсний ойд зориулсан яруу найргийн наадам, Б.Явуухулангийн мэндэлсний ойд зориулсан яруу найргийн тэмцээн зэрэг монголын бүхий л шилдэг яруу найрагчид оролцсон наадамд Н.Гантулга, Б.Болорцэрэн, О.Цэнд-Аюуш нар тэргүүн байр эзэлж байсан нь манай сургуулийн түүхэнд нэгэн гэрэлт хуудас болж байдаг. Их дээд сургуулиудын дунд зохиогддог яруу найргийн тэмцээнүүдэд манай оюутнууд эхний таван байрын хоёроос гуравт тогтмол шалгарч байдагт нь бид бүхэн баярлаж байдаг. Нийгмийн ажилтан бэлтгэх сургалтын төлөвлөгөө боловсруулахдаа Дани, АНУ, Энэтхэг, Япон зэрэг орнуудын сургалтын төлөвлөгөө, чиг хандлагыг нарийвчлан судалж боловсруулсан бөгөөд мэргэжлийн чиглэлээрээ олон тооны төсөл хөтөлбөрт багш оюутнуудаа тогтмол оролцуулж ирлээ.Төгсөгчдөө Японд ажиллуулах боломж ч нээгдэж байна. Нийгмийн ажлын салбарын оюутнууд маань ч ихээхэн амжилт үзүүлж байдаг нь бидний нэгэн бахархал болж байдаг. Нийгмийн ажилтан бэлтгэдэг их дээд сургуулиудын хэмжээнд зохиогддог ажил мэргэжлийн уралдаан есөн удаа зохиогдсоноос манай нийгмийн ажлын оюутнуудынн баг дөрвөн удаа тэргүүн байр, нэг удаа дэд байрыг эзэлж шагнал хүртсэн нь мөн л бид бүхнийг баярлуулж ирэв. Манай оюутнууд мэргэжлийн чиглэлээрээ олон удаагийн уралдаан тэмцээнд амжилттай оролцон шалгарч ирсэн нь манай сургуулийн нүүр царай болж байдаг. Ер нь дээд сургуулийн үнэ цэн нэр хүнд суралцагсад төгсөгчдийн амжилт алдраар хэмжигдэж байдаг дэлхий нийтийн жишиг бий шүү дээ.
-Одоо та юу хийж байна вэ ? -Сургуулийн ажилд түүртээд олигтой юм хийж амжихгүй л явна. Сүүлийн жилүүдэд нухан байж “Монгол хошин шог зохиол” хэмээх нэг сэдэвт томоохон бүтээл туурвиж одоо хэвлүүлж байна. Ер нь урьд нь “Монгол тууж” гэдэг судалгааны том бүтээл туурвисан. Бас бус арваад ном хэвлүүлсэн хүн дээ би. Миний монгол тууж , монгол хошин шог зохиол гэдэг бүтээлүүд бол утга зохиол судлалын суурь болсон бүтээл, их дээд сургуулиудад сурах бичгийн хэмжээнд ашиглагддаг бүтээл юм. Монгол туужаа хэвлүүлээч гэж эрдэмтэд, хот хөдөөгийн багш нар шаардаад л байгаа. Хэвлүүлэх л санаатай байгаа. Миний бичсэн “Адтай мятав” тууж гадаадын арваад хэлнээ орчуулагдлаа. Сүүлийн жилүүдэд “Охь үгс” нэртэй афоризмын жижиг ном бичиж хоёр ч удаа хэвлүүллээ. Эдгээр бүтээлүүдэд эрдэмтэд зохиолчид өндөр үнэлэлт өгч байгаа нь надад урам зориг өгсөөр байгаа юм. Тийм болохоор нэмж нягтлан дараагийн хэвлэлд бэлтгэж байгаа даа. П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ