Д.Ариундалай: Байгалийн гамшигт үзэгдлийн мэдээллийг шууд дамжуулах боломжтой
Нийслэлд дуут дохиоллын 60 цамхаг байрлуулна
Онцгой байдлын ерөнхий газар Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх төвтэй болжээ. Энэ нь газар хөдлөлт болон байгалийн бусад гамшигт үзэгдэл болохоос урьтан хүмүүст урьдчилан мэдээлэл хүргэх зорилготой юм байна. Онцгой байдлын ерөнхий газрын Холбоо, зарлан мэдээллийн хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа Д.Ариундалайтай шинэ төвийнх нь талаар ярилцлаа.
.
-Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх төв шинээр байгуулагджээ. Гамшгаас хамгаалах орчин үеийн зарлан мэдээллийн системтэй болоход нөлөөлсөн зүйлүүд гэвэл та юуг хэлэх вэ?
-Мэдээж хамгийн түрүүнд ийм төв байгуулах хэрэгцээ, шаардлага байсан. Тиймээс бид эхлээд эрх зүйн орчинг нь анхаарсан. Гамшгаас хамгаалах тухай хуульд Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио, дамжуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасан байдаг тул эхлээд журмаа шинэчлэн боловсруулсан. Ингээд 2011 онд Засгийн газрын тогтоолоор “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-ыг батлуулсан. Энэ журамд “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл” гэж хүн амд учирч болзошгүй гамшгийн аюулын тухай дохио, сэрэмжлүүлэх мэдээллийг төвлөрсөн мэдээллийн хэрэгсэл, тусгай хэрэглээний холбоо, орон нутгийн болон олон нийтийн радио, телевиз, мэдээлэл, харилцаа холбооны бүх төрлийн хэрэгслээр нэн даруй хүргэхийг хэлнэ гэж зааж өгсөн байгаа. Журам батлагдсанаар “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл” нэгдсэн системтэй байх эрх зүйн орчин нь бүрдэж байгаа юм.
.
Дараа нь санхүүгийн асуудлаа шийдсэн. Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн аюулыг хохирол багатай даван туулах боломжийг дээшлүүлэхэд мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологийг гамшгаас хамгаалах салбарт нэвтрүүлэх, “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-ыг хэрэгжүүлэх зорилгоор “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах төсөл”-ийг Мэдээллийн технологи, Шуудан, Харилцаа холбооны газартай хамтран боловсруулсан. Засгийн газрын тогтоолоор 11,6 тэрбум төгрөгийн санхүүгийн асуудлыг шийдвэрлүүлсэн.
.
-Энэ системийнхээ талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөч?
-Зарлан мэдээлэх систем маань гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын мэдээг хүлээн авах хэсэг, зарлан мэдээллийн системийн удирдлага хяналтын хэсэг, зарлан мэдээлэл хүргэх, нэвтрүүлэх хэсэг гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэх юм.
Мэдээлэл хүлээн авах хэсэгт: Газар хөдлөлтийн идэвхижил өндөртэй Дундговь аймгийн Дэрэн, Булган аймгийн Могод, Сэлэнгэ аймгийн Цагаанннуур сумын нутагт газар хөдлөлтийг мэдрэгч төхөөрөмжийг суурилуулснаар нийслэл хотын хүн амд ноцтой хохирол учруулж болох хэмжээтэй газар хөдлөлт болсон тохиолдолд 3-5 секундэд сансрын холбоогоор Одон орон геофизик судалгааны төв, ОБЕГ-ын Зарлан мэдээлэх төвд мэдээлэх юм.
.
Мөн ЦУОШГ-аас цаг агаарын холбогдолтой, бусад мэргэжлийн албадаас хүн амд зарлан мэдээлэх шаардлагатай гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын мэдээг бүх сувгаар хүлээн авна.
Зарлан мэдээллийн системийн удирдлага хяналтын хэсэгт: Зарлан мэдээллийн системийн удирдлага хяналтын хэсэг нь удирдлагын нэгдсэн төв, хөдөлгөөнт удирдлагын төвөөс бүрдэнэ.
Удирдлагын нэгдсэн төв нь ОБЕГ-т байрлаж 24 цагаар зарлан мэдээллийн системийн үйл ажиллагаанд тасралтгүй хяналт тавих, системийн найдвартай, аюулгүй байдлыг хангах, засвар үйлчилгээ, техникийн шинэчлэл хийх зорилготой шуурхай удирдлага зохицуулалтаар хангахаас гадна инженер, техникчдийн 20 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй баг ажиллах юм. Удирдлагын нэгдсэн төвд 6 сервер, дэлгэц бүхий хяналтын систем, удирдлагын программ хангамж, шаардлагатай үед радио, телевизийн шууд нэвтрүүлэг хийх студи, нөөц цахилгаан тэжээлийн үүсгүүр, аюулгүй байдал хамгаалалтын нэгдсэн систем зэргээс бүрдэнэ.
.
Харин удирдлагын нэгдсэн төв нь ямар нэгэн байдлаар жагсаалаас гарсан, цаашид зарлан мэдээллийн системийг удирдах боломжгүй болсон тохиолдолд бие бүрэлдэхүүн хөдөлгөөнт удирдлагын төв рүү шилжин байрлаж, системийг тасралтгүй удирдлагаар хангаж ажиллана. Хөдөлгөөнт удирдлагын байр нь Hyundai HD-120 загварын тээврийн хэрэгсэл дээр суурилагдсан радио, сансрын холбоо, бүх төрлийн мэдээлэл холбооны техник хэрэгслээр бүрэн төхөөрөмжлөгдөн зарим тохиолдолд өөрөө бие даан зарлан мэдээлэл дамжуулах боломжтойгоор тоноглогдох юм.
.
Энэ системийн сүүлийн хэсэг болох зарлан мэдээлэл хүргэх, нэвтрүүлэх хэсэгт: Нийслэл хотын 9 дүүрэгт 60 ширхэг дуут дохиоллын цамхаг байрлах ба удирдлагын төвөөс хэт богино долгионы радио станц, нөөц холболт болох сансрын хиймэл дагуулын холбоогоор /VSAT/ дамжуулан мэдээлэл өгөгдөнө. Дээрхи дуут дохиоллын цамхагуудыг Аврах гал унтраах анги, хорооны Засаг даргын байр болон зарлан мэдээллийн дуут дохио хамгийн сайн тархах боломжтой байрлалд байгаа зарим сургууль, аж ахуйн нэгж, байгууллагын байшингийн дээвэр дээр суурилуулсан.
[caption id="attachment_251402" align="aligncenter" width="401" caption="Дуут дохиоллын цамхагийг дүүрэг, хороодод байрлуулсан байдал"]
Мөн удирдлагын төвөөс дээрхи үүрэн телефон холбооны үйлчилгээ үзүүлэгч оператор нэр бүхий 4 компани хэрэглэгчдэд 160 тэмдэгтэд багтаан үсгэн мэдээлэл /CBS Cell broadcast system/ дамжуулахаас гадна “МҮОНТ”, “UBS”, “Монгол HD TV” зэрэг телевиз, “МҮОНР”, “102.5”, “Авторадио 96.3”, “Гэр бүлийн радио-104.5”, “Лавайн эгшиг-95.7” гэх мэт арваад хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн дундуур гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг шууд дамжуулах боломжтой юм.
.
-Онцгой байдлын ерөнхий газарт байрлах “Зарлан мэдээллийн удирдлагын төв”-өөс газар хөдлөлтийн тухай мэдээллээс эхлээд цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн тухай мэдээллийг дуут дохиоллын сиренээр, гар утсаар, FM радио телевизээр өдөр шөнийн аль ч цагт ард иргэдэд амжиж анхааруулна гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Мэдээллийг маш шуурхай, цаг алдалгүй олон нийтэд хүргэх боломжтой болж байгаа юм.
.
-“Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем” гэж нэрлэсэн учир нь ихээхэн сонирхол татах юм?
-Анх манай байгууллагаас “Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх систем”, Одон орон геофизикийн судалгааны төвөөс “Газар хөдлөлтийг амжиж мэдрэх систем” гэсэн нэртэй төслүүд боловсрогдож байсан тул бид зорилго чиглэл нь нэг юм байна гэж үзээд “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем” гэсэн нэгдсэн том төсөл болгосон юм. Ер нь ООГФСТ-ийн газар хөдлөлт, судлалын секторын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Дундговь аймгийн Дэрэн, Булган аймгийн Могод, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумд нь газар хөдлөлтийн идэвхижил өндөртэй бүсэд оршиж байгаа бөгөөд эдгээр сумд нь Улаанбаатар хотоос 170-300 км зайтай орших бөгөөд газар хөдлөлтийн долгион нь газрын гүнээр 2.5-3.8 км/сек хурдтай тархдаг юм байна л даа. Тэгэхээр энэ хугацааны зөрүүн дээр л “амжиж анхааруулах” системийн гол зорилго оршиж байгаа юм. Жишээ нь: Улаанбаатар хотоос 300 км зайтай Булган аймгийн Могод сумын нутагт газар хөдлөлт боллоо гэхэд газар хөдлөлийн аюултай долгионыг газрын гүнээр бидэнд ирэхээс 78-120 секундын өмнө сансрын хиймэл дагуулын холбоогоор ООГФСТ-д бүртгэн авч 5-10 секундэд зохиох тооцоолол хийж үлдсэн 73-110 секундэд Зарлан мэдээллийн төвөөс амжиж хүн амд зарлана гэсэн үг л дээ.
.
-Өмнө нь манай улс зарлан мэдээллээ яаж хүргэж байсан юм бэ?
-Уг нь Улсын иргэний хамгаалалтын газар гэж байхад 1990-ээд оны үед ОХУ-д үйлдвэрлэгдсэн иргэний хамгаалалтын зарлан мэдээллийн СИГНАЛ /5Ф88/ гэдэг төхөөрөмж байсан юм. Энэ ашиглалтанд орсон цагаасаа хойш техникийн шинэчлэл, засвар үйлчилгээг хийгээгүйн дээр сэлбэг материал, техникийн нөөц байхгүй, орчин үеийн тоон системийн мэдээлэл холбооны төхөөрөмжүүдтэй зохицон ажиллах боломжгүй бөгөөд “Иргэдээ! Анхаараарай, анхаараарай! Иргэний хамгаалалтын штабаас ярьж байна. “АГААРЫН ТҮГШҮҮР” “АГААРЫН ТҮГШҮҮР” гэх мэт “Агаарын түгшүүр”,”Цацрагийн аюул”, “Химийн аюул”, “Агаарын түгшүүр өнгөрлөө” гэсэн утгатай мэдээллүүд пянзанд бичигдсэн байдаг байлаа.
.
- Шинэ төв байгуулагдсанаар ямар ач холбогдолтойг Та дүгнээд хэлэхгүй юу?
Мэдээлэл харилцаа холбоо, технологийн дэвшлийг гамшгаас хамгаалах тэр дундаа гамшгаас урдьчилан сэргийлэх зорилгоор ашигласнаар иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, аюулгүй байдлыг хамгаалах, гамшгийг хохирол багатай даван туулах нөхцөл бүрдэж байна гэсэн үг л дээ.
Дуут дохиоллын цамхагийг сургуулийн барилгын дээвэр байрлуулсан байдал
[caption id="attachment_251403" align="aligncenter" width="303" caption="Дуут дохиоллын цамхагийг сургуулийн барилгын дээвэр байрлуулсан байдал"]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ