Сумын залуус нутгаа зорилоо

img

МЗХ-ноос санаачлан Хөдөлмөрийн яам, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржтэй хамтран хэрэгжүүлж буй “Ажилтай, Орлоготой Монгол залуу” хөтөлбөр хэрэгжснээс хойш  төслүүдэд ажиллах залуусыг бүртгэн, оюутан залуучууд ажилтай, орлоготой болж эхлээд байна.  Тэгвэл энэхүү хөтөлбөрийн албан ёсны нээлт өнөөдөр  МЗХ-ны төв байрны өмнөх талбайд боллоо.

.

Хөтөлбөрийн нээлтэд МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, Хөдөлмөр  эрхлэлтийн  бодлогын  хэрэгжилтийг  зохицуулах  газрын дарга Д.Хадхүү, Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалан, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн захирал Б.Эрдэнэбат мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, “Ажилтай, Орлоготой Монгол залуу” хөтөлбөрт нэгдсэн дэмжигч байгууллагууд болон уг хөтөлбөрт хамрагдаж ажилд орсон оюутан, залуучууд оролцлоо.

.

Энэ үеэр МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат “МЗХ нь 92 жилийн түүхтэй 21 аймаг, 9 дүүрэгт  салбар зөвлөлтэй, залуучуудын асуудал мэргэжлээрээ нэгдсэн 17 хороотой залуучуудын төв байгууллага билээ. Бид 2012 оноос үйл ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж, залуучуудын дуу хоолойг олон нийт, төр болон бүхий л салбар хүргэх, эргээд аливаа үйл ажиллагаанд залуучуудыг татан оролцуулах, тэдний нийгмийн идэвхи, оролцоог сэргээхээр “Ажилтай, Орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд Цагийн ажил, Ажлын гараа, Сумын залуус зэрэг гурван төсөл хэрэгжинэ. Оюутан залуус маань амралтаараа сум руугаа амрахаар явдаг. Тэдний амралтын саруудыг үр бүтээлтэй, нутаг орныхоо залуусыг идэвхижүүлэх сургалт, үйл ажиллагаа зохион байгуулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх үүрэгтэй дээрх төслүүдийг хэрэгжүүлнэ. Ажилтай, Орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг Хөдөлмөрийн яам санхүүжүүлж байгаа. Хөтөлбөрт нийт 1300 гаруй залуус хамрагдаж, ихэнх нь орон нутагтаа очиж, ажлаа эхлүүлсэн байна” гэв.

.

Мөн энэ үеэр МЗХ-ны удирдлагууд “Ажилтай, Орлоготой Монгол залуу” хөтөлбөрт хамрагдсан 21 аймгийн 331 сумдад ажиллах оюутан залууст үнэмлэх, туг, ажиллах удирдамж, дэмжигч байгууллагуудын бэлэг дурсгалын зүйлсийг  хүлээлгэн өглөө. Эдгээр төсөл хөтөлбөрт хамрагдсан залуучууд өнөөдрөөс эхлэн ажилдаа орж, хөдөө орон нутгийг зорих юм байна.

.

Хөтөлбөрийн нээлтийн үеэр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумыг зорих “Дөрвөн бэрх” багийн гишүүдтэй ярилцлаа.

-Яагаад “Ажилтай, Орлоготой Монгол залуу” хөтөлбөрт хамрагдахаар болсон бэ?

-Хөтөлбөрт “гэртээ амрангаа ажиллана” гэж заасан байгаа. Тиймээс оюутнууд бидэнд энэ ажлын санал их таалагдсан. Ер нь аймгийн төв болон танихгүй мэдэхгүй газарт ажиллана гэхээсээ илүү өөрийн сумандаа /гэр лүүгээ/ очиж ажиллах нь их таатай санагдаж байгаа. Цаашид ч гэсэн сум орон нутгаа хөгжүүлэхэд өөрсдийн оролцоогоо нэмэгдүүлнэ гэсэн үг.

.

-Ямар шалгуураар энэ хөтөлбөрт тэнцсэн бэ?

-МЗХ-ноос нээлттэй ажлын байр зарласан байсан. Бас интернет, файсбүүкээр зар тараасан байсан. Энэ дагуу анкетаа илгээсэн. Тэндээс ажил олгогчид сонгон шалгаруулалт хийж, хүүхдүүдээ сонгосон юм шиг байна лээ.

.

-Танай “Дөрвөн бэрх” багийн гишүүд ямар мэргэжлээр суралцдаг вэ?

-Манай “Дөрвөн бэрх” багийн хувьд компьютер праграмм хангамж, эрүүл мэнд, англи хэлний орчуулагч, хууль эрх зүйн ангийн оюутнууд. Бүгд өөрсдийн мэргэжлийн чиглэлээр ажиллана.

.

-Цалин хөлсийн хувьд хэд гэж тохирсон бэ?

-Дундажаар сард 200 мянга төгрөгний цалин авна гэж сонссон. Бидний хувьд цалин сонин биш байна. Цалин, мөнгө гэдэг бол нэг удаагийн хэрэглээ. Харин энэ хөтөлбөрийн үр дүнд  бид тодорхой хэмжээний туршлага, хөгжил хуримтлуулна. Энэ нь өөрөө бидний насан туршийн хэрэглээ болно гэдэгт итгэж байгаа.

.

Б.Одон Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хотын залуу:
Бмднийг залуу байхад сургууль төгсөнгүүт аль аймгаас ирсэн тэр аймаг руу нь явуулж дор хаяж 2 жил ажиллуулдаг байлаа. Ер нь энэ арга хэмжээг сэргээх хэрэгтэй дээ. тэгээд амьдрал дээр мэргэжлийн дадлага туршлагатай болсоныхоо дараа хот суурин газар ажиллаж болно доо уг нь.
2013-07-02