“Эрдмийн авшиг” хүртэхүйн учир буюу Соёл урлагийн салбарт төрсөн нэгэн эрдэмтэн
Өнгөрөгч хаврын ерөөлт сайн өдөр С. Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллежид болсон “Номын хурим”-ын арга хэмжээг сонирхохдоо бас чиг багагүй хэмжээний мөнгө болох 54 000 төгрөгөөр түрийвчээ суллаж, эрдэмтэн Б.Батжаргалын “Америкт учирсан урансайхан” хэмээх нэртэй (сэтгүүлзүйн туршиц) номыг худалдан авсан билээ. Уг номыг сонирхох үед төрсөн сэтгэгдлээ уншигч тантай хуваалцахдаа энэхүү гоц эрдэмтэн-судлаачийн тухай цухас ч болов өгүүлэх нь зүйтэй мэт бас санагдлаа.
Бадамжавын Батжаргал нь ОХУ–ын нийслэл Москва хот дахь дэлхийн их сургуулиудын эрэмбэд Орос орноос ганцаар толгойд нь жагсдаг М.В.Ломоносовын нэрэмжит Их сургуульд докторын зэрэг хамгаалсан манай анхны эрдэмтэн-хөгжим судлаач-хөгжим, соёлын ухааны онолч. Түүний үзэл санаа нь гадаад, дотоодод хэвлэгдсэн нилээдгүй бүтээл, шүүмж-судлалын нэн олон тоотой өгүүлэл, бичвэрүүдэд нь тусгалаа олсон байдаг аж. Харин манай иргэд төдийгүй салбарынхан маань тэрхүү номыг гарснаар л сая энэ эрдэмтнийг анх нээж буй гэж хэлж болохоор. Учир нь тэрбээр гадаадад арав орчим жил ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирж, тайлангаа тавьсан нь энэ бөгөөд өнгөрсөн хэдэн жилүүдэд эрдэмтэн-судлаачийн бүтээл бараг л мартагнахад хүрсэн байжээ гэмээр.
Монголын хөгжмийн соёлын түүхэнд нийгмийн ухааны шинжлэл судлалын хүрээнд “ХӨГЖМИЙН СОЁЛЫН ТЭМДЭГЗҮЙН ҮНДСЭН ЗАРЧМУУД”-ыг эрдэмтэн Б.Батжаргал зураглан гаргаж ирснээрээ “анхдагч” болох төдийгүй гайхалтай судлаач-эрдэмтэн гэдгээ батлан харуулсан нь энэ.
...Мэдээж хэрэг судлаач эрдэмтдийн дунд тайлагдашгүй маргаан дагуулсан, мэтгэлцээнд дуудсан, өнөөдрийг хүртэл тодорхойлж чадаагүй асар олон асуудлууд байдгийн нэг нь манай хөгжмийн урлаг судлалын салбар юм.
Хөгжим, түүнийг тойрсон аливаа асуудлыг судалдаг шинжлэх ухааныг “хөгжим судлал” хэмээх бөгөөд харин тэрхүү утга санааны хэсэгчилсэн ачааллыг үүрч, түүнийгээ тайлбарлан бичиглэгч нь “хөгжим судлаач-шүүмжлэгчид” юм. Тодорхой эргүүлэгт оршиж байдаг “Хөгжим судлалын ухаан”-ы ороомог хэлбэрийн хөгжил нь хоёр салбар хэсэгтэй гэж үзвэл:
- энэ нь “хөгжмийн судлал”- түүх, онолын тал дээр ажиглалт хийн, тэрхүү судалгааны үр дүнг нийтэд зарлан тунхаглаж, олныг хамруулах,
- харин нөгөө нь “хөгжим судлаач” – “ажлын хувцастай”, “ганцаар аглаг газар суугч-шинжээчид”-өөрсдийн ололтыг нэгж хэсэгтэйгээ “хуваалцагч” хэмээн үзэж болно.
Гэхдээ хөгжмийн шинжлэх ухаан нь хөгжмийн бүтээл туурвилыг яг л “баримт бичиг” мэт болгох, өөрөөр хэлбэл түүний утга санааг зарлан тунхагладаг хэдий ч уран сайхны ач холбогдлын үнэлэмж нь ямагт утга санаагаа байлдан дагуулж явах жамтайг анзаардаггүй мэт. Өөрөөр хэлбэл агуулга нь ойлгомжгүй эндүү бол түүний үнэлэмж ямар ч утгагүй болно гэсэн үг.
Дээрхи бүх зүйлийг бичихийн учир нь “Америкт учирсан урансайхан” хэмээх номын зохиогч эрдэмтэн Б. Батжаргалын энгийн атлаа товч тодорхой, багахан зүйлээс асар олон мэдээллийг нэгэн зэрэг уншигчдад хүртээж чадахаар бичиглэсэн онцгой чадварыг сайшаах нь зүйтэй болов уу. Түүний бичвэр дэхь өргөн цар хүрээ бүхий мэдээллийн багтаамж, “соён гэгээрүүлэх үзэл санаа”, “Өрнө ба Дорнын урлаг”, “Сэтгэлгээний харьцуулал” зэрэг нь манай бусад судлаачид, эрдэмтдийн үлгэрлэвэл зохих чанар мөн хэмээн санагдлаа.
Тэрээр эрдмийн ажлууддаа “Судалгаа-шинжилгээний бүтээлүүдийн утга агуулга нь Түүх-уран сайхны зуунаас зуун дамжсан үнэлэмж, түүний эрхэм чансааг ухаарч хүртэхэд оршдог” гэсэн санааг илэрхийлж чадсан нь гайхалтай. Судлаач Б.Батжаргалтай “Дорно дахины гүн ухаан”, “Дорнын хөгжмийн түүх, судалгаа”, “Дундад зууны үеийн худам монгол бичгийн соёл”, “Монголын үндэстний уран сайхны соёл дахь ая дан”, “Шашин судлал-маань мэгзэм”-ийн талаар нилээдгүй зүйлийг хүүрнэлдэн суухдаа “Өрнө-Дорныг хослуулсан судалгааны арга зүй” –д “дэндүү гүнзгий” суралцсан, асар их өгөөжтэй, бас чиг ховорхон төрсөн эрдмийн хүн юм уу даа хэмээн дотроо битүүхэндээ “атаархаж” сууснаа нуух юун.
Сонирхолтой нь судлаач маань шүүмж судалгааныхаа ажлуудад “Үл сайшаасан дурын илэрхийллээ тэрхэн агшинд бие хүнийхээ гайхалтай бодь сэтгэлийн учир шалтгаанаар дайруулан тайлбарлах” нь сэтгэлийн эрхэм сайхан бүхнийг өөртэйгээ холбож чадсан мэт сэтгэгдэл төрүүлснийг онцолмоор байна.
Би номын төгсгөлөөс эхлэн уншиж танилцдаг хувиршгүй сонин зуршилтай хүнийхээ хувьд Доктор Б.Батжаргалын номны “Эрдэм судалгааны өгүүлэл” хэмээх төгсгөлийн бүлэг дэхь “Төрийн найрал хөгжмийн бүрэлдэхүүн”, “Хөгжмийн соёлыг толь бичгийн аргаар хөөн судлах асуудал” мөн “Соёлын онолын тухай өлгөц-АНУ дахь соёл урлагийн салбарын монголчуудын хүчин зүйлс” зэрэг бичвэрүүдээс эрхэм докторын эрдэм мэдлэгийн асар их эрчим, эх орон-уламжлалт өв соёлоо гэсэн чин зүрх сэтгэл, Монголын хөгжмийн соёл судлалын “ДЭЛХИЙД ТАНИГДСАН ЭРДЭМТЭН” гэдгийг баттай мэдэрч чадсан.
Одоо ч тэрээр АНУ-ын нийслэл Вашингтонд болсон “Америкийн Монгол Судлал”-ын хуралд өөрийн нь нэрлэдэгээр “Сээм авгынхан”-тай эх хэлээр нь ном хаялцан суугаа. Мөн түүний бүтээлийн тухай ОХУ-ын Санкт-Петербург дахь “Монгол Судлал”-ын хэвлэл ч үгээ хэлэхээр аль хэдийнэ зэхсэнийг нь би олж мэдсэн билээ. Эрдэмтэн Б.Батжаргалын “эрдмийн авшиг”-ийг хүртсэнийхээ хэрээр өргөн хүрээтэй сэтгэж буй нь монгол хүний дэлхийн урлагийн санд оруулж буй үнэтэй хувь нэмэр болох нь дамжиггүй.
“Алт хэрхэн гялалздагийг амтлах нь холгүй мэдэрдэг атлаа номонд буй үгсийн гялалзах чанар, гийгүүлэх увидасыг анхааралгүй, гадна хэлбэрийг шүтэх бус дотоод агуулгыг бишрэх гэдэг нь өдөр шөнө шиг өөр юм” хэмээн манай одоо цагийн нэгэн залуу философичийн “номын үнэлэмжийн тухай” үгийг иш татан үгээ төгсгөе.
Ийнхүү багагүй үнээр оюуны хөрөнгө оруулалт хийхээр авсан номноос тань арвин мэдлэг-мэдээлэл хүртсэндээ талархаж байгаагаа илэрхийлье.
Эрхэм эрдэмтэн-судлаач Таны “Монголын хөгжим, соёл судлал” –ын түүхэн хөгжилд оруулж буй асар үнэтэй хувь нэмрийг тань биширмүй.
Таны номын ариун үйл дэлгэрэх болтугай.
Урлаг судлалын ухааны мастер, хөгжим судлаач-шүүмжлэгч,
С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллежийн
Хөгжмийн ухааны Тэнхимийн багш
Мөнхтөмөрийн Мөнгөнсүх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ