А.Түмэнжаргал: XXI зуунд Төвд орон үнэхээр сонирхолтой нийгэм
Хүний амьдралын агшин хором бүрийг гэрэл зурагт мөнхлөнө гэдэг хэзээ ч дахин давтагдашгүй дурсамжийг үлдээдэг. Мөн байгалийн нүд алдам гайхамшигт хормыг гэрэл зурагт үлдээснээр эх дэлхийгээ хайрлаж, харамлах сэтгэлийг ч төрүүлж чаддаг билээ. Тэгвэл энэ удаад дэлхийн дээвэр Эверест оргил, Төвөд орноор зорчиж, сонирхолтой гэрэл зургийн сурвалжлага хийгээд ирсэн “MGL дизайн” компанийн захирал Александрын Түмэнжаргалтай уулзаж ярилцсанаа хүргэж байна.
.
-Саяхан таны Төвөд орноор аялсан “Хаалттай орны нээлттэй сурвалжлага” гэдэг фото сурвалжлагыг нэгэн цахим сайтаас уншсан юм. Их сонирхолтой санагдсан тул уулзаж ярилцахыг хүслээ. Төвөд оронд зорчсон аялалынхаа тухай сонирхуулаач?
-Зураг авах зорилгоор дөрвөн сарын сүүлээс таван сарын сүүл хүртэл Төвөд орноор зорчлоо. Миний хувьд гэрэл зураг аваад арваад жил болж байгаа. Гэхдээ яг мэргэжлийн зурагчин биш өөрийнхөө сонирхолоор гэрэл зураг авдаг. Хобби маань гэж болно. Зураг авч эхэлсэн цагаас Төвөд орон миний мөрөөдөл байсан. Очиж үзэх юмсан гэж боддог ганц газар нь тэр. Ер нь бол Эверэст л дээ. Өөрийнхөө биелэшгүй мөрөөдлөө биелүүлчихээд сууж байна. Судалгаа нилээн хийсэн. Бараг жил гаруй судалсан. Интернэтэд Төвөдийн талаар мэдээлэл байдаггүй юм байна лээ. “Google”-ээр Төвөдийн дэлгэрэнгүй газрын зураг харах гээд хайхад нэг ч зураг байхгүй. Гэтэл Хятадын газрын зурганд Төвөд улс нийт газар нутгийнх нь 12.8 хувийг эзэлсэн том улс гэж байгаа ч мэдээлэл нь хаалттай. Төвөд гэхээр л нэг ламын зураг гарч ирдэг. Тиймээс Төвөдийн талаар Монгол хэл дээр гарсан “Лхаст зочилсон Парис бүсгүйн тэмдэглэл”, Кузьминий “Нууц Төвөд орон” гэсэн хоёр номыг уншиж судлан, ерөнхий төсөөлөлтэй болсон. Тэгээд явах болоход зөвшөөрөл хэрэгтэй болсон. Уг нь Хятадын газар нутаг. Бид визагүй зорчих эрхтэй. Гэтэл Төвөд рүү зорчиход заавал зөвшөөрөл авах ёстой. Дээр нь сурвалжлага хийнэ гэвэл бүр ч зөвшөөрөл авахад хүндрэлтэй байдаг юм билээ. Төвөд маш гоё газар. Гэхдээ жуулчдад хаалттай учраас тэр бүр зөвшөөрөл олдоод байдаггүй. Би ноднин, уржнан Бээжин, Шанхай, Тяньжинд өөрийнхөө фото зургийн үзэсгэлэн гаргаж байлаа. Тэр үед Тяньжиний гэрэл зурагчдын нийгэмлэгийн хүндэт гишүүн болсон юм. Тэдэнд хандаж би Төвдөд гэрэл зураг авмаар байна. Надад нийгэмлэгийнхээ шугамаар гэрэл зураг авах зөвшөөрөл авч өгөөч ээ гэж хүссэн. Тэд Бүх Хятадын гэрэл зурагчдын нийгэмлэгт хандан улмаар Төвөд улсад байдаг салбартаа хэлж, тэндээс надад зөвшөөрөл олж өгсөн нь маш том боломж байсан.
.
-Анх очоод төрсөн сэтгэгдэл?
-Улаанбаатар хот далайн түвшнээс дээш 1300м өндөрт байрладаг. Гэтэл Төвөдийн Лхас хот далайн түвшнээс дээш дунджаар 3600 орчим метрт байрладаг. Анх очиход өндөрлөг газар гэдэг утгаараа агаар маш бага, агаарын хомсдолд орсноор амьсгалахад их хүн хүнд байсан. Агаарын даралт ихтэй учраас зүрх их цохилж, савладаг юм билээ. Эхний долоо хоног бараг унтаж чадаагүй. Унтах ч аргагүй, уртаар амьсгаа авах гэхээр болохгүй. Агаартай нь дасах их хэцүү санагдсан. Аялалын туршид надад нэг хөтөч, орчуулагч залуу тусалсан юм. Тэр хэлэхдээ таньд амьсгалахад хэцүү байгаад бүүр болохгүй бол хэлээрэй. Яагаад гэвэл наад асуудал чинь өндрийн өвчин. Өндрийн өвчнөөр үхэх аюулд ч өртөж болно гэж сануулсан. Учир нь намайг очихоос өмнө долоо хоногийн өмнө нэг япон жуулчин өндрийн өвчнөөр нас барсан гэдгийг дуулгасан. Толгой тасралтгүй өвдөнө, эм уугаад ч нэмэргүй юм билээ. Хүмүүс Төвөд гэхээр Буддын шашин, лам, Ботала хийдтэй холбож боддог. Миний хувьд хүмүүсийн мэддэггүй, хаагдмал ертөнц гэдэг талаас нь зураг авахыг хүссэн. Очоод л харахад монголжуу төрхтэй, нар салхинд борлосон, эр эмгүй урт үстэй, том мөнгөн ээмэг зүүсэн, элбэгдүү дээл өмссөн хүмүүс. Би уг нь байгалийн зураг голчлон авдаг юм. Харин тэнд очиход өөрийн эхгүй, хөрөг зураг, төвөд хүмүүсийн амьдрал, аж байдлын талаар зураг авмаар санагдана. Тэдний дүр төрх, байгаа байдал зэрэг нь зурагчин хүнд маш сонирхолтой объект. Тэд бараг усанд ордоггүй, жилдээ 1-2 удаа л ордог. Дээр нь үсээ засуулдаггүй гэхээр царай зүс нь ямархуу харагдах нь ойлгомжтой. Тэнд муу зурагчин байсан ч сайн бүтээл гарчихаар объект хаа сайгүй яваад байдаг. Нэг зовлонтой нь шашин талаасаа юм уу, өөр асуудлаар юм уу тэд зургаа авахуулах тун дургүй. Голдуу папараци маягаар нууцаар зураг авдаг байсан. Амьдрал нь ерөнхийдөө ядуу улс. Тиймээс зарим нэгэнд нь мөнгө, хүүхдүүдэд чихэр өгөх зэргээр аргалах маягаар зураг авч байсан. Сар шахам явахад нийт 6500 орчим км явсан. Аялж дуусаад Төвөдийн жуулчдад зориулсан газрын зураг дээрээс заавал очиж үзэх ёстой жагсаалтуудыг нь харахад бүгдийг нь гүйцээсэн байна лээ. Төвөдийн байгаль нь үнэхээр сайхан. Өндөрлөг газар болохоор тэгдэг юм уу үүл маш ихээр хуралддаг. Уул ихтэй. Тэднийхээр даваа гэж нэрлэгддэг ууланд гарна гэхэд бэлдээ +20 хэм орчим дулаахан байна. Дээшээ өгсөөд явахад замд бороо ороод л моддын өнгө нь ногоон байсан бол дээшлэх тусам шарлаад л. Давааных нь дээр гарангуут л цасаар шуураад эхэлдэг. Нэг ёсондоо уулын дээр доор гэхэд л жилийн дөрвөн улирлыг үзчихдэг. Үнэхээр сонирхолтой. Төвдөд даваан дээр гарна гэдэг монголынхоор бол манай хамгийн өндөр Хүйтний оргилд гарсаны дайтай. Учир нь далайн түвшнээс дээш 5300 метрт байрладаг юм билээ.
.
-Хамгийн их анхаарал татсан сонирхолтой зүйлс юу байв
-Хэдийгээр манай Монгол Улс өндөрлөг газарт тооцогддог ч би тэнд өөрийгөө намхан газрын хүн гэж бодож явсан. Тэнд үнэхээр өндөр. Хурдтай хөдөлгөөн хийж, огцом хөдөлж болохгүй. Гүйх талаар санах ч хэрэггүй. Гүйвэл гүйцэт амьсгаа авч чадахгүй. Тиймээс маш аажуухан хөдлөхгүй бол зүрх савална.
Тэнд сонирхолтой байсан зүйл гэвэл хүн нутаглуулах ёс. Би өмнө нь саак.мн сайтаас Төвөдүүд бурхан болоочийгоо оршуулахдаа биеийг нь жижиглэж хэрчээд тас шувуунд өгч байгаа зургийг харж байсан юм. Тэгээд орчуулагчаасаа би ийм зураг харж байсан. Энэ ёс өмнө нь байсан уу гэж асуухад одоо ч тэр заншил хэвээрээ байгаа гэж хариулсан. Нас барсан хүнийг гурван янзаар оршуулдаг юм билээ. Хэргэм зэрэг өндөртэй лам хувраг хүнийг чандарладаг. Энгийн иргэдийг чандарладаггүй. Учир нь мод бараг байдаггүй газар. Манайхан шиг газар авч нутаглуулна гэсэн ойлголт байхгүй. Уулархаг газар учраас тэгэх боломж ч байдаггүй. Үлдсэн хоёр аргын нэг нь бурхан болоочоо жижиглээд шувуунд өгөх, нөгөөх нь мөн адил жижиглээд загасанд өгөх. Тэрийгээ тэд шашны талаас тайлбарлахдаа үхсэн дараа ч буян хийж амьтан хооллож байна гэдэг.Тиймдээ ч тэд загасны мах огт иддэггүй байсан.
.
-Төвөд хүмүүсийн иддэг хоол хүнс нь юу байх уу?
-Надад тохиолдсон хүндрэлтэй асуудал нь хоол. Тэд ихэнхдээ хятад маягийн ногоо голдуу хоол иднэ. Тэр нь хамаагүй гэхэд би азгүй ч юм уу намайг очиход Бурхан багшийн дүйчин өдөр тохиож бүтэн сарын турш мацаг барьдаг үе нь таарсан. Гэтэл өндөрлөг газар байгаа хүн мах идэхгүй бол хаанаасаа хүч авч, инергээ нөхөх нь тодорхойгүй. Маш их ядардаг юм билээ. Миний хувьд хамгийн боломжийн хоол нь бэлэн гоймон. Өөр нэг их идээд байх юм олдоогүй. Би сар яваад ирэхэд найман кг жин хаясан. Зорилго маань аялах биш зураг авах байсан болохоор нилээн тэсвэр гаргаж, тэвчээртэй хандсан. Машин явах боломжгүй өндөрлөг газар алхаж явахаас өөр аргагүй. Өндөр уул хаданд алхаж явна гэдэг үнэхээр хэцүү. Зураг авах болохоор олон зургийн камер, хөл гээд дагалдах хэрэгсэлээ үүрч нилээн хүнд ачаатай алхана. Гэсэн ч зураг авах гэж байгаа болохоор хичнээн ч хүнд байсан гүрийгээд шүд зуугаад л алхдаг байлаа.
.
-Төвөдүүд ер нь ямар хүмүүс вэ?
-Нэг удаа Ариун нуур буюу Намцолэг гэдэг газар явж байгаад агуй харсан юм. Хөтөчдөө хэлээд хоёулаа агуйг очиж үзье гээд очиж явтал дотроос нэг лам гараад ирсэн. Ламтайгаа танилцлаа. Төвдүүдийн нэр нь их монголжуу. Монгол гэхээсээ илүүтэй хуучны төвөд нэрүүд байдаг. Агуйд таарсан лам гэхэд Намжил. Орчуулагчийн маань нэр Санжаа гэх жишээтэй. Намжил ламтай уулзаад би монголоос ирсэн зурагчин байна гэсэн. Тэгтэл намайг их уриалгахан хүлээж авсан. Түүний ярьснаар “Би бол хүмүүсээс зугтдаг. Аль болох хүнтэ уулздаггүй. Чамайг монголоос ирсэн болохоор сонин сонсохыг хүссэн юм” гээд гэртээ урьсан. Гэр нь хоёр өрөө маягийн нүхэн агуйдаа урьсан. Би түүнээс “Та хэдэн настай вэ” гэж асуухад насаа бодоод нилээд бодсон. Хэсэг таг сууж байснаа “Би энд хорин настайдаа ирсэн. Энэ агуйд 18 жил ганцаараа амьдарсан. Тэгэхээр би 38-тай юм байна” гэсэн. Тэгэхээр нь “Та тэгээд эндээс холдоггүй юм уу” гэсэн чинь “Би энд анагаахын чиглэлээр суралцаж байна. Хэзээ би төгс болно тэр үед би эндээс явна” гэж хариулсан. Тэр төгс болно гэдэг нь тодорхойгүй хэзээ ч явж магадгүй гэсэн. Шашин, сүшиг бишрэл, итгэл үнэмшил нь үнэхээр агуу. Намжил ламтай монголын тухай хэсэг яриа өрнүүлээд агуйд хонож үзэх юмсан гээд санаандгүй хэлчихлээ. Тэгсэн чинь чи өөрөө хүсэж байвал манайд хонож болно гэв. Орчуулагч залуу маань харин би таны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй, энд хонож болохгүй. Би хариуцлага хүлээнэ гэхээр нь би компанид чинь хэлэхгүй ээ. Чи яваад хариад хоночих. Би энд хономоор байна гэж гуйсар байгаад агуйд хонох боллоо. Үнэхээр гоё. Ямар ч хаалга цонх байхгүй. Намжил лам надад ганц үстэй дээл өгсөн. Би Төвдөд очсон цагаас олигтой унтаж чадахгүй байсан бол агуйд үнэхээр сайхан нам унтсан. Агуйгаас шөнө харахад одод маш гоё, илүү тод. Уг нь манай хөдөө шиг одод түм бумаараа харагдаж байгаа ч өндөрлөг газар гэдэг утгаараа од их ойрхон харагддаг юм билээ.
.
-Л.Түдэвийн “Оройгүй сүм” романд Төвөд орны талаар өгүүлдэг хэсэгт таны үзэж харсан бүхнийг нүдэнд харагдтал маш тодоор дүрслэн өгүүлсэн байдаг. Яриаг тань сонсож байхад их танил санагдаж байна.
-Тиймээ. 21 дүгээр зуунд амьдарч байгаа та бидэнд Төвөд орон үнэхээр сонирхолтой нийгэм. Түүхийн ном уншаад байгаа юм шиг л санагдана. Тэдний хувцасны стиль загвар нөгөө л дээлтэй, эрэгтэй эмэгтэйгүй мөнгөн ээмэг, том мөнгөн бөгж зүүсэн адилхан төрхтэй хүмүүс. Тэдэнтэй соёл иргэншил ярих нь хэтэрхий өрөөсгөл болно. Миний анзарсан нэг юм гэвэл Ботало ордон тухайн хотдоо хамгийн өндөрт байрладаг Тэрнээс өндөр барилга байж болохгүй гэдэг. Дараагийн өндөр барилга нь 16 давхар байшин бий. Анх уг байшинг зочид буудал гэж төсөөлтөл Хятадын цагдаагийн газрын барилга байсан. Хятадууд тэнд үнэхээр аймаар нөлөөтэй. Төв өргөн чөлөө нь гэхэд “Бээжингийн өргөн чөлөө” гэж нэрлэдэг. Ботало ордоны орой дээр Хятадын маш том далбаа байх жишээтэй. Сүүлийн үед Төвөдүүд өөрийгөө шатаах зэргээр эсэргүүцэх хөдөлгөөн өрнүүлэх болсон. Үүнтэй холбогдуулан олон хүн цугдасан газар руу нэвтэрч орохын тулд өөртөө байгаа бүх гал гаргах зүйл, шингэн гээд бүх юмаа хураалгана. Яг л гаалиар нэвтрэх гэж байгаа юм шиг санагдсан. Алхам тутамдаа цэрэгжсэн цагдаа нартай таарна. Зөвхөн гадны иргэд гэхгүй төвөдүүдээ ч шалгана. Тэр нь их хүндрэлтэй. Хотоос гараад явлаа гэхэд км тутамд цагдаад шалгуулна. Нөгөөдүүл нь паспорт үзчихээд дээд удирдлагуудаасаа асууна гээд цаг шахам алга болчихдог нь их хүндртэлтэй санагдаж байсан. Сүүлдээ тэсэхээ байгаад орчуулагч залуугаасаа “Надтай төстэй царайтай хятад хүний үнэмлэх олоод өг. Би юу ч дуугарахгүй явна” гэж гуйж байж бичиг баримттай болж байж гайгүй болсон. Яагаад ч юм төвөдүүд надад нарийн ширийн зүйлсээ ярихгүй, тэгсэн мөртлөө ямар ч гэм хийгээгүй мөртлөө хятад цэрэг харахаараа сандраад айгаад байдаг юм билээ. Тэгээд Ботало ордонд 14 дүгээр Далай ламын тухай ярьтал “Энд тэр хүний тухай ярих хориотой. Зургийг нь бүр ч хориглодог” гэж байв. Намайг яг тэнд байх үед монголын хэсэг сэтгүүлчид Дарамсала-д очсон байсан. Тэгээд би www.inet.mn цахим сайтаас тэдний зургийг харж суутал Далай ламтай авахуулсан сэтгүүлчдын зураг гараад ирсэн. Тэгсэн орчуулагч залуу маань харчихсан “Ямар гоё зураг вэ. Энэ хэзээ авахуулсан юм” гэж асуухад нь өчигдрийн зураг гэвэл “Та надад энэ зургаа хэвлээд өгөөч” гэж гуйхад нь “Хориотой гэсэн биз дээ” гэвэл “Хамаагүй ээ, би зүгээр л гэртээ хадгалах гэсэн юм” гэхээр нь надад флаш олоод ир хуулаад өгье гээд хуулж өгтөл маш их баярласан. Тэдний шүтлэг үнэхээр агуу.
-Төвөдийг зорих хүмүүст юу захих вэ?
-Би жилийн өмнөөс л Төвөд явна гээд бэлтгэлээ базааж байх үед хүн болгон хамгийн түрүүнд болгоомжтой яваарай гэж захидаг байсан. Үнэхээр болгоомжтой явахаас өөр аргагүй. Уулархаг газар учраас ганцхан машин явдаг жимтэй. Төвөдийн гэрэл зургийн нийгэмлэгээс хүртэл таван сар юм уу арван сард ир. Тэр үед хэт халуун ч биш, хэт хүйтэн ч биш байдаг. Зам нь ч аятайхан байдаг гэсэн. Бороо шороо ороод, уулын чулуу унадаг тул замууд нь хаагдчихдаг юм билээ. Тэгээд ямар ч байсан даатгуулах ёстой гэж үзээд “Соёмбо даатгал”-д хандсан. Тэднийх гадаадад зорчигчдын гэнэтийн ослын даатгалд хамруулсан. Даатгалгүй бол ер нь Төвөдийг зүглээд ч хэрэггүй.
.
-Аялал жуулчлалын компаниуд Төвөд, Лхасаар аялуулна гэдэг. Тэд Төвөд улсад тань шиг аялдаг юм болов уу?
-Лхас бол Төвөдийн нийслэл. Тэнд шашны төв болох Ботола ордонд хуучин далай лам байсан гэдэг. Монголчууд тэр ордонд л очдог. Монголчууд гэлтгүй өөрсдийнх нь иргэд ч бас очдог. Сунаж мөргөдөг хүмүүс одоо ч байгаа. Тэд шашны зан үйл, итгэл үнэмшлээ даган гэрээсээ гарч Ботало ордон хүртэл сунаж мөргөдөг заншил хэвээрээ бий. Би нэг хүнтэй таараад та энд иртэл хэр удаан хугацааг зарцуулж, хэдэн км зам туулан сунаж мөргөсөн бэ гэж асуухад би гэрээсээ гараад нэг жил 2 сар болж байна, хэдэн км зам туулснаа хэлж мэдэхгүй хэмээн хариулсан. Хоёр гартаа төмөр шиг юм угалчихаад тэрүүгээр хулсаад л яваад байдаг юм билээ. Ер нь дээр үеийн хар цагаан баримтат кино үзэж байгаа юм шиг л болно. Хүмүүсийн аж байдал мөргөж байгаа нь их сонирхолтой харагддаг.
.
-Таны жинхэнэ мэргэжил юу юм бол?
-Математикч. Гэхдээ өөрийнхөө хоббид хөтлөгдөж, хийе гэснээ хийж явна. Би монголын байгалыг харуулсан гурван альбом гаргасан. Сайн найз ах маань нэг удаа үзэж дуусаад “Түмээ, чи өөрөө өөрийгөө олчихжээ” гэсэн. Би дараа нь бодож суугаад үнэхээр өөрийгөө хэн болохыг таньж мэдэж, чаджээ гэж бодсон. Зурагнаас би хангалтта эрч хүч авч, өөрийгөө урамшуулж чаддаг. Гэхдээ зураг бол их өртөг өндөртэй хобби. Би зураг дарлаа гээд ашиг олоод байдаггүй. Намайг явахад Соёмбо даатгал, технологи талаас нь Канон төв ивээн тэтгэсэн тэдэнд маш их талархаж байгаагаа энэ дашрамд илэрхийлмээр байна.
.
-Гэрэл зургийг ер нь яагаад ингэж их сонирхох болов?
-Хүн амьдралаас ямар нэгэн зүйлээс кайф авч эрч хүчийг мэдэрдэг. Минийх бол гэрэл зураг. Дарсан зургаасаа кайф авдаг. Гэхдээ ямар нэгэн уралдаанд оролцох, мэргэжлийн гэж цоллуулах хүсэл зорилго байхгүй. Энэ бол зүгээр л хобби. Зарим тохиолдолд миний дарсан зургийг үзсэн хүн кайф авч байгаа нь надад урам. Би арав гаран жил зураг авсан атлаа нэг удаа ч уралдаанд орж үзээгүй. Би нэг удаа хүүтэйгээ цуг зурганд явсан юм. Хүү маань тэр үед 10-тай. Бид хоёр Хөвсгөл далай явж зураг авсан. Зураг авчихаад дараа нь гэртээ ирсэн чинь хүү харчихаад “Аав та тасарчихжээ” гэсэн. Тэр үнэхээр сайхан мөч. Би чинь гэрээрээ дүүрэн фэнүүдтэй. Одоо манай хүү зураг авна гээд жижиг аппараттай. Бид хёр бие биедээ урам өгдөг юм.
.
-Гэрэл зурагчдыг түүхийг мөнхлөгч гэж нэрлэж болно. Таны хувьд?
-Би тийм айхтар зорилго тавьж зураг авдаггүй. Гэхдээ хүссэн хүсээгүй тийм болдог. Хамгийн ойрын жишээ хэлэхэд, Сүхбаатарын талбайг таван жилийн өмнө авсан, одоо ордон маань огт өөр болсон. Тэгэхэд миний зураг түүх болон үлдсэн.
.
-Хамгийн их сэтгэлд үлдсэн, дурсамжтай зураг?
-Сэтгэлд үлдсэн гэхээсээ илүүтэй сэтгэл эмзэглүүлдэг зүйл бий. Би 2-5 жилийн хугацаанд Монгол Улсынхаа 21 аймгаар хэд хэдэн удаа очсон. Юу анзаарагдсан гэхээр өмнө нь очсон газар дахиад очиход өөрчлөгдсөн байдаг. Энд гол урсаж бйасан гээд зургаа харсаар очиход сайр болчихсон. Энэ ёстой сайхан хайрхан байгаа гээд очихоор уул уурхайнхан оччихсон байдаг. Тэгээд би амжиж л авахгүй бол байгаль талаасаа байхгүй болж байна. Би байгаль орчны зураг авдаг учраас байгалаа харамладаг. Өнгөрсөн хоёр жил Хятадын Бээжин, Шанхай, Тяньжинд монголын байгалын зураг бүхий үзэсгэлэн гаргасан. Гадныхан тэдгээр зургийг хараад бахархаж байхыг хараад монгол хүн болж төрсөндөө омогшиж байсан. Би үзэсгэлэнгийн нээлт, хаалтын үеэр “Энэ бол миний эх орон. Та бүхнийг манай оронд зочлохыг урьж байна” гэж л хэлдэг. Миний зургийг хараад яг энэ газар чинь очиж үзье гэж гадныхан эргэж холбогдож, манай улсад жуулчилсан тохилдол ч бий. Нэг талаараа би аялал жуулчлалын элч хийж байгаадаа баяртай байна. Одоо долоон сарын сүүлээр Хойд Солонгос явна. Тэнд мөн л Төвөд шиг хаалттай улс. Гэрэл зураг гэх юм ховор. Би тэндээс ирээд монголчууддаа үзүүлнэ. Их сонирхолтой зураг авна гэж итгэж байгаа. Энэ жилээс нилээн ажил төлөвлөсөн.
.
-Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.
.
/Жич: Уншигч таньд энэхүү ярилцлагын эзэн А.Түмэнжаргалын аян замын сонирхолтой тэмдэглэлийг манай сайт цувралаар хүргэх болно./
.
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ