Наадмын гоёл, шөлний хонь ямар үнэтэй байна вэ?
Дэнж хотойтол наадах дэлгэр Монголын их цэнгүүн хаяанд ирлээ. Торгон ногоон зүлгэн дээр асар майхан дэрвэж, хурдан хүлгүүд уяан дээрээ үүрсч, унасан хүүхдийнх нь гийнгоон дуунд хорвоо бүүвэйлэгдэх Үндэсний их баяр наадамтай эн зэрэгцэх нь үгүй л болов уу. Хүчит бөхчүүдийн уран барилдаан уулс өндөлзүүлж, эвэр нум эвшээлгэн татсан онч мэргэн харваачдын сумны шунгинах чимээ гээд энэ жилийн наадмаас ирэх жилийн наадмыг бид хүлээдэг уламжлалтай. Эрийн гурван наадмын ид хавыг бахахын зэрэгцээ үндэсний дээл хувцсаараа гангарч, эмээл хазаар, хөөрөг гээд эд хэрэглэлээр чимэглэдэг билээ. Мөн ойрын хэдэн өдрүүдэд хэн хүнгүй шөлний хонь, айрагны эрэлд гарах болов. Иймд манай сайтын сурвалжлах баг наамдын гоёл, шөлний хонь, хорхогны ямаа, айрагны үнийн судалгаа хийхээр мордсон юм.
.
Наадмын хонь 250-300 мянган төгрөгт хүрч магадгүй гэв
Жилийн жилд нийслэлийн ногоон бүсэд хонь, ямаа худалддаг малчид “22”-ын товчооны ойролцоо харагдсангүй. Учир нь хоёр жилийн өмнөөс эхлэн малын худалдаачдыг нийслэлийн ногоон бүсэд мал оруулж ирэхийг хориглосон юм. Харин Эмээлт болон Баянзүрхийн товчооны цаана хэсэг малын худалдаачид хонио авчирчээ.
Манай сурвалжлах баг Баянзүрх товчооны цаана байрлах малын худалдааг зорьлоо. Тэнд хэд хэдэн малын худалдаа байх бөгөөд иргэд наадмаар идэх хонио авахаар цөөхөн байгаа тэдгээр хонинуудаас шилж авч байлаа. Машинаар олон цаг явсан малын маханд шивтрийн үнэр шингэдэг гэдэг. Иргэд хэдий машинаар зөөж авчирсан малыг голж байсан ч өөр сонголт байхгүй учир худалдан авч байв.
Харин Хөвсгөл аймгаас хоёр хоног машинаар зөөж авчирсан 100 гаруй хонь, Архангай аймгаас авчирсан хонинуудаас тарган байв. Тиймээс хамгийн тарган хонийг 230 мянган төгрөгөөр зарж байлаа. Ямаа 100-150 мянга, төлөг 120 мянган төгрөгний ханштай байна. Архангай аймгаас 40 гаруй хонь авчирсан Н.Дорж “Архангай аймгийн Жаргалант сумаас 600 гаруй километр зам туулан нэг хонийг арван таван мянган төгрөгөөр ачуулж 40 гаруй хоньтой ирлээ. Нийслэлийн ногоон бүс рүү оруулах гээд байгаа учир энэ хавьд зам бараадан хонь зарж зогсож байна. Ирээд таван хонь зарлаа. Би төлөг авчраагүй. Хязаалангаас дээш тарган эр хонинууд авчирсан. Тэдгээрийг 120-230 мянган төгрөгөөр зарж байна. Хөдөө орон нутагт шатахуун нэг үеэ бодвол хүрэлцээтэй боллоо. Малчдаа дэмжээд төвлөрсөн малын зах нээчихвэл амар байна. Хашааны булан, жалганд майхан бариад хонох хэцүү юм” гэв.
Харин нэрээ хэлэхийг хүсээгүй бас малын нэг худалдаачин “Нийслэлийн ногоон бүсэд малын худалдаачдыг оруулчихвал махны үнэ буурна. Бид хаа холоос малаа авчирчихаад үнэд хүргэхийг бодно. Одоо нэг хонийг 150-230 мянгад зарж байна. Наадмын өдрүүдэд худалдан авагч ихтэй байдаг тул нэг хонийг 250-300 мянгад хүргэж зарна. Тэгэхгүй бол бидэнд ашиггүй шүү дээ” гэв.
Тэднээс мал эмнэлэг болон татварын газраас үзлэг, шалгалт хийсэн эсэхийг асуухад “үгүй” гэв.
.
Айрагны гэр ховорджээ
Хэдэн жилийн өмнө дүүрэг болгонд хэд алхаад л айрагны гэр байсан. Харин өнгөрсөн жилээс айрагны гэрүүдийн үйл ажиллагааг хориглосон. Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдэд айрагны гэр хайгаад олсонгүй. Харин Жуулчны гудамжинд барьсан нэг гэрт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын айраг нэг аяга нь 1500 төгрөг, нэг литр нь 2000 төгрөгийн үнэтэй байна.
Иргэд айрагны гэрүүдийг олон болгосон тохиолдолд сонголт сайтай сайн чанарын айргийг хямд үнээр уух боломжтой гэдгийг уламжлав.
.
“Хүннү” захтай дээл энэ наадмын гангараа
"Нарантуул" худалдааны төв дээр очлоо. Энд дээл болон торго, даавуу худалддаг 50 гаруй лангуу байдаг юм байна. Магнаг торгон, ноолууран, дан, хурган дотортой гээд төрөл бүрийн дээл энд байна. Хийцээсээ шалтгаалаад үнэ нь янз бүр. “Хүннү” дээл гэгдээд байгаа лам дээл шиг захтай, нарийн ханцуйтай дээл давхар эмжээртэй бол 300 мянга, энгийн хийцтэй нь 110 мянган төгрөг гэж байлаа. Харин даавуун дээл 70-80 мянга, дан дээл 120-130 мянга, хурган дотортой дээл доод тал нь нэг сая төгрөгийн үнэтэй ажээ. Лангуу бүрт дээлтэй зэрэгцээд хантааз байх юм. Эмэгтэй нь 70 мянга, эрэгтэй нь 80 мянган төгрөгийн үнэтэй. Эндхийн лангуун дээр байгаа дээлнүүдийг худалдагч нар өөрсдөө даавуугаа худалдаж аваад оёулаад зардаг гэнэ. Тиймээс тухайн жил хүмүүс ямар загвартай, ямар материалтайг сонирхож байна яг тэр дээлийг нь оёулчихдаг ажээ. Өнөө жилийн хувьд залуус цагаан, цайвар юмуу тод өнгөтэй дээлнээс сонголтоо хийх болжээ. Загварын хувьд хүннү маягийн загвартай, эсвэл энгийн дээл "моодонд" орсон гэнэ. Дээл худалдаж авч байгаа хүмүүс голдуу хос дээл сонирхож байгаа бөгөөд эхнэр нөхрүүд хүүхэдтэйгээ хүртэл нэг өнгийн, ижил загварын дээлээр гангарах дуртай болжээ. Харин үйтэн хуаран дээл моодноос гарч байгаа гэнэ. Худалдагч нарын ярьж байгаагаар одоохондоо худалдан авалт тийм ч сайн биш байгаа ажээ.
.
Хамгийн үнэтэй хөөрөг нэг тэрбумын үнэтэй
Эрт дээр үеэс монголчууд хөөрөг зөрүүлж, бэлэг дэмбэрлийн үгс хэлэлцэн мэнд ус мэддэг уламжлал өдгөө ч гэсэн өвлөгдөж ирсэн. Хүмүүс үе дамжин ирсэн үнэт чулуун хөөргийг өндөр үнээр худалдан авч бэл бэнчингээ гайхуулдаг болсон. Үндэсний баяр наадмаар хөөрөг даалингаа гаргаж, монгол ёсоор мэнд мэдэлцэхийг эрмэлзэж, уламжлалаа дэлгэрүүлэх болсон нь сүүлийн хэдэн жил илүү их анзаарагдах болсон. “Нарантуул” худалдааны төвд Хятадаас орж ирсэн хөөрөг 20-150 мянган төгрөгийн үнэтэй байна. Гэхдээ энэ хөөргүүд жинхэнэ чулууг дуурайлгаж хийсэн хуурамч эд. Харин “Нарантуул” захын хойд хэсэгт байрлах үнэт эдлэл борлуулагчид жинхэнэ чулуун хөөрөг худалдаалдаг гэх. Тэнд чулуун хөөргүүд дөрвөн саяас дээш үнэтэй зарагдаж байх жишээтэй. Харин эртний эдлэлийн дэлгүүрүүдэд өөр үнэтэй худалдаалагдаж байх юм. Тухайлбал, алтан нуух, шүрэн толгойтой их гарын хөөрөг 150 сая төгрөгөөр худалдан авч болно. Дунд гарын хиймэл чулуун толгой, хайлшин нуухтай хаш, мана хөөрөг 200-300 мянган төгрөгөөр, дунд гарын мөнгөн хөөргийг 300 мянган төгрөгөөр авч болно.
.
Хөөрөгний даалин нэг сая төгрөг
Сүүлийн үед хөөрөгний даалинг бүсэндээ зүүж гангардаг эрчүүд олон болсон. Хөөрөгний том жижиг хэлбэрээс шалтгаалж даалин янз бүрийн хэлбэртэй байна. Даалин тэр хүний эхнэрийг хэр уран гоё шагладгийг, хадам нь бэрийнхээ хэр урныг, нөхөр нь суух хүнийхээ үйлэнд хэр зэргийг шалгадаг шалгуур байсан гэдэг. Харин одоо иргэд ихэвчлэн бэлэн хийсэн даалин худалдаж авах сонирхолтой болчихсон байна. “Нарантуул” зах дээр энгийн хийцтэй хөөрөгний даалин 20-50 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол зүү ороож оёсон даалин 100 мянган төгрөгөөс дээш үнэтэй байна. Үнэт эдлэлийн дэлгүүрүүдэд ховор үнэтэй торгон дээр дөрвөн хүчитнийг зүү ороож оёсон даалин нэг сая төгрөгөөс дээш үнэтэй байх юм
.
Монгол гутал 85-650 мянган төгрөгний үнэтэй байна
Монголчууд хаана ч байхгүй өвөрмөц гутал өмсдөг. Ээтэн монгол гутлыг Хүннүгийн үеэс уламжлан Их гүрний үед одоогийн хэлбэр загвартаа оржээ. Монгол гутал бусдаас ялгагдах онцлог нь ихэд утга учиртай. Энэ нь ээтэн хошуу, оймс хоёрын хоорондох агаар өвөлд дулаан, зунд сэрүүн байлгах, шинжлэх ухааны үндэслэлтэй бөгөөд толигор ул нь газар шороог сэндчихгүй, ургамал, амьтны аминд хүрэхгүй гэсэн энэрэнгүй үзлийг шингээжээ. Иймд монгол гутал “Нарантуул" худалдааны төв дээр ямар үнэтэй байгааг сонирхолоо. Монгол гутал хэлбэр хийцээсээ шалтгаалаад 85-650 мянган төгрөгний үнэтэй байгаа бол орос хромон гутал размераасаа шалтгаалаад 200-450 мянган төгрөгний ханштай байна. Харин герман хромон гутал 800 мянган төгрөгний үнэтэй байна
Б.Одон
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ