Хаалттай парламентын үйл ажиллагааг сэтгүүлчид сурвалжлахгүй

img

Өнөөдөр 11 цагт Төрийн ордны “Г” танхимд Ч.Сайханбилэг, Ж.Сүхбаатар нарын 5 гишүүн хэвлэлийн бага хурал зарлаад байна. Зорилго нь он солигдохын өмнө өдөр баталсан УИХ-ын чуулганы Дэгийн тухай шинэ хуулийн зарим заалтад тайлбар хийх.  Зар түгээсэн төрийн түшээдийн хуурай тайлбарт сэтгүүлчид анхаарлаа хандуулахгүйгээр шийдвэрлээд байна. Учир нь Дэгийн тухай тус хуульд Байнгын хороодын хуралдаанд  хэвлэл мэдээлийнхнийг оролцуулж сурвалжлуулахгүй харин хуралдааныхаа дараа хурал даргалагч болон асуудал оруулсан гишүүдийн оролцоотойгоор “Г” танхимд хэвлэлийн бага хурал хийдэг болгохоор хуульчилж өгснөө тайлбарлах гэж  байгаа юм.

Ингээд Хуулийн хэлэлцүүлгийн гол шатны хуралдаанаа хаалттай болгосон нь  парламентын сэтгүүлчдийн мэдээлэл олж авах эрхийг хаан боогдуулснаар зогсохгүй, сэтгүүлчдийн энгийн ойлгомжтой бас  олон  талаас нь харж тайлбарласнаар төр засгийн үйл ажиллагааг мэдэж авдаг байсан олон нийтийн үндсэн хуулиар олгогдсон эрх таслагдахад хүрээд байгаа юм. Тиймээс өнөөдөр Парламентийн сэтгүүлчид хууль тогтоох байгууллагын аливаа ажиллагааг сурвалжлахаас эрс татгалзаж байна.   Хэвлэлийн бага хурал зарлагдсан "Г" танхимтай залгаа байдаг өрөөнөөсөө парламентын сэтгүүлчид гарахгүй байхаар шийдээд байна. Улмаар Парламентийн сэтгүүлчдийн холбооны удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр Монгол улсын ерөнхийлөгчид дээрхи хуульд хэсэгчлэн хориг тавихыг хүссэн мэдэгдэлийнхээ хариуг хүлээн ажил хаяад байна.

Б.Сонор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ