@GMO бидэнд хамгийн их хамаатай
GMO гэдэг нь генетикийн өөрчлөлттэй хүнс, барааг илэрхийлдэг америк нэршил. Албан ёсны монгол нэр нь хувиргасан амьд организм. Харин оросоор ГМО гэж тэмдэглэдэг.
Ийм хүнсний ургамалд ихэвчлэн улаан лооль, эрдэнэ шиш, төмс, рапс, хурган гуа, улаан лууван, алим, усан үзэм, байцаа, чэс, өргөст хэмх, улаан буудай, шар буурцаг, цагаан будаа, хөх тариа, лавс буюу хөвөнлөг ургамал, тамхи багтдаг аж.
.
Манай оронд энэ бүтээгдэхүүнүүдийн ихэнхийг тариалдаггүй, импортоор авдаг гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр GMO гэсэн сэдэв нь бидэнд хамгийн их хамаатай болж таарч байна. Эдгээр бүтээгдэхүүнийн удамшлын материалыг өөрчлөх замаар шинж чанартай амьд биеийг гарган авч байгальд урьд нь байгаагүй генетикийн шинэ бүрдлийг үүсгэх явцыг GMO гэж нэрлэдэг. Яагаад ингэж өөрчлөх болов. Өндөр ашиг шимтэй ургамал, амьтан, эм гарган авах нь шим тэжээл сайтай, хүрэлцээтэй, өртөг зардал багатай гээд эдийн засгийн хувьд олон давуу талтай. Дэлхий нийтээр бүрэн технологижих, бэлэнчлэх сэтгэлгээнд шилжиж байгаа нь цаад утга учир нь гэж хэлж ч болно. Дэлхийд тариалж буй өдөр тутмын хүнс, шар буурцаг, эрдэнэ шиш, хөвөнгийн ургамлын 26-77 хувь нь хувиргасан амьд организм буюу GMO байдаг аж. Энэ талаар олон улсын хэвлэл, танин мэдэхүйн цахим хуудаст маш олон төрлийн танилцуулга бий. Орчуулан үзвээс өөр хоорондоо зөрөөтэй баримтууд ч байдаг. Тэгэхээр өөрийн орны эрдэмтдийн судалж, орчуулснаар зарим мэдээллийг хүргэе. Хүнс, хоол судлаач, доктор, профессор, Монгол Улсын зөвлөх инженер Ж.Октябрь энэ тухай нэгэн нийтлэлдээ ингэж бичсэн байна. Хамгийн анхны генийн өөрчлөлттэй хүнсний ургамлуудыг АНУ-ын “Монсанто” корпораци гаргаж авчээ. Энэ корпораци 1988 онд анхны трансген арвайг суулгасны дараа генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнүүд худалдаанд гарч эхэлжээ. Үүнээс 1-2 жилийн дараа зах зээлд биотехнологийн фирмүүд генийн өөрчлөлттэй улаан лооль, эрдэнэ шиш, төмс, тамхи, шар буурцаг, рапс, хурган гуа, улаан лууван зэрэг олон төрлийн ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг нийлүүлэх болжээ.
.
Тухайлбал, АНУ-д трансген төмсөнд колорадын цох хорхойг алж устгадаг аалзнаас генийг нь авч суулгасан бол хүйтэнд тэсвэртэй улаан лоолийг гаргаж авахдаа генийн бүтцэд нь Хойд Америкийн далайн загасны генийг суулгаж, ган гачигт тэсвэртэй гэх улаан буудайн сортыг гаргаж авахын тулд хилэнцэт хорхойн генийг ашигласан байна.
Түүнчлэн сүүлийн үед АНУ-д генийн инженерчлэлийн аргаар гарган авсан төмсний шинэ сорт нь шаралтын явцад тос бага шингээдэг чанараараа чипс хэмээх шарсан төмс үйлдвэрлэгчдийн анхаарлыг татах болсон бол Швейцарт хортон, шавьжид өртөхгүй ургадаг эрдэнэшишийн шинэ шинэ сортуудыг гарган авснаар энэ төрлийн ургамлын тариалалтыг ихээхэн нэмэгдүүлж чаджээ. Шинэ зууны эх гэхэд дэлхий дээр нийтдээ 46 сая гаруй гектар (Зарим эх үүсвэрт 60 сая гектар) талбайд генийн өөрчлөлттэй хүнсний ургамлуудыг тариалах болж генийн инженерчлэлийн аргаар гарган авсан ургамал, ногоо жимсний нэр төрөл 50-иас хол давжээ. Дэлхийн биотехнологийн үйлдвэрлэлийн 80 хувь АНУ-д, 10 хувь Европт, үлдэх 10 хувь нь Япон болон бусад оронд ногдож байна. Трансген ургамлыг хамгийн их тариалдаг орнуудын жагсаалтыг АНУ, Канад, Франц, Хятад, Аргентин улс тэргүүлж байгаа бөгөөд трансген ургамлын экспортын 90 хувийг эрдэнэшиш, шар буурцаг эзэлдэг. Энэ нь биотехнологи, генийн инженерчлэл дэлхийн хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн чухал салбар болж хөгжиж буйг гэрчилж байна гэжээ.
.
GMO хортой юу?
Генийн өөрчлөлттэй хүнс ямар сөрөг үр дагавар авчирдаг талаар дэлхийн эрдэмтэд одоог хэр нь нэгдсэн дүгнэлтэд хүрч чадаагүй. Хэн ч түүнийг хортой гэж батлаагүй, бас хоргүйг нотлоогүй. Дэлхийн зарим оронд нүүрлэдэг өлсгөлөн гуйланчлалыг даван туулахад генийн өөрчлөлттэй хүнс тусалдаг гэж зарим нь үзэж байхад, нөгөө хэсэг нь органик бүтээгдэхүүний төлөө тэмцэж байна. Ялангуяа GMO-ийн эх орон гэгддэг Америкад бослого хүртэл гарч байсан. Орос, Европын хэрэглэгчид бүтээгдэхүүний шошгон дээрх “non GMO” “без ГМО” зэрэг тэмдэглэгээг чухалчлан үздэг. Генийн өөрчлөлттэй хүнсийг заавал шошгожуулж байхыг үйлдвэрлэгчдээс шаарддаг байна. Европын холбоо, Япон, Австрали зэрэг орнууд заавал шошгожуулах журамтай, харин АНУ зэрэг орнууд сайн дурын үндсэн дээр шошгожуулна гэж заасан байдаг. Хэдийгээр өнөөдөр генийн өөрчлөлттэй хүнснээс болж эрүүл мэндээрээ хохирсон гэсэн тохиолдол, баталгаа байдаггүй ч алсдаа хүний удамшилд хор хөнөөл үзүүлнэ гэж үздэг эрдэмтэд бий аж. Тухайлбал, хүний идсэн хоол хүнс хоол боловсруулах замд орсноор ферментүүдийн үйлчлэлд орж эцэст нь аминхүчлүүд ба генүүд болж задардаг. Аминхүчлүүд нь хүний бие организмд хүч чадал өгдөг бол генүүд нь бие организмыг нөхөн бүтээхэд оролцдог. Энэ үйл явц нь ходоод шулуун гэдэсний хананд эдгээр генүүд шимэгдэж орохоос эхэлнэ. Тэгвэл бие организмд урьд өмнө хэзээ ч байгаагүй генүүдийг хүний ходоод боловсруулж чадахгүйгээс дотор гаж хөгжил буюу мутаци эхэлдэг.
.
Генийн өөрчлөлттэй хүнсийг байнга хэрэглэснээс болж аюултай харшлууд шинээр үүсэх, хүнсний хүнд хордлогууд, өмөн үүгийн нэг гол шалтгаан болоод зогсохгүй хүний үр хөврөлийн болон бие эрхтний гаж хөгжил буюу дээр өгүүлсэн мутаци үүсэх шалтгаан, эрсдлийг нэмэгдүүлж байгаа, түүнчлэн хүний организмыг антибиотикуудад мэдрэмжгүй болох явдлыг ихэсгэж байгаа талаар олон эрдэмтэн судлаачид анхааруулдаг байна.
.
Гэвч манай гаригийн хүн ам улам өсөн нэмэгдэнэ. Ийм тохиолдолд богино хугацаанд асар их ургац өгдөг, хямд төсөр үнэтэй, чанар илчлэгийн хувьд органикаас дутахааргүй ургамал тариалж түүгээрээ хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс өөр аргагүй гэдгийг байнга илэрхийлдэг хэсэг ч бий. Хэдийгээр өнөөг хүртэл эцсийн дүгнэлтэд хүрч чадаагүй байгаа ч хэрэглэгч бид бүхэн GMO-оос татгалзах , эсвэл хэрэглэх эрхтэй.
.
Монголын зах зээлээс генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг түрж гаргавал дэлгүүрийн лангуун дээр юу ч үлдэхгүй гэсэн явган яриа ч байдаг. Тиймээс бид таньж сурах хэрэгтэй байгаа юм. Аль нь GMO, аль нь органик болохыг ялгаж мэдчихээд хэрэглэх эсэхээ өөрсдөө шийдэж болно. Үүний тулд шошго хэрэгтэй. Импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнийг монгол хэлээр, үгүй ядаж англи хэлээр бүрэн шошгожуулбал хүнсний аюулгүй байдал тэр хэрээр хангагдана гэсэн үг.
.
Манайд хууль, эрхзүйн орчин нь бүрдсэн
Энэ асуудлыг зохицуулдаг Картагены протоколд Монгол нэгдэн орсон. Хүнсний тухай хууль болон Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд хувиргасан амьд организмыг бүртгэх, шошгожуулах талаар зааж өгсөн байдаг. Хуульд заасныг энгийнээр тайлбарлавал импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнд хүнсний асуудал эрхэлсэн төрийн байгууллага нь эрсдлийн үнэлгээ хийх ёстой. Хэрэв үнэлгээ хийгээгүй бол импортоор оруулахгүй. Мөн хүнсний түүхий эд болон бүтээгдэхүүний шошго нь нэр, үйлдвэрлэгчийн хаяг, хэмжээ, тоо ширхэг,үйлдвэрлэсэн он сар өдөр, хадгалах хугацаа, орц найрлага, хэрэглэх арга зэргийг агуулсан байна. Хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгод Монгол Улсад болон олон улсад хэрэглэдэг тэмдэг, тэмдэглэгээг тавьсан байхыг заажээ. Ямар боловч хууль эрхзүйн орчин нь бүрдсэн. Ерөнхий заалт нь ийм боловч чухам яаж хэрэгжүүлэх талаар нарийн журам гараагүй. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хүнсний бүтээгдэхүүнийг шошгожуулах журамд санал авч эхэлсэн билээ.
.
Хамгийн гол нь Эрээнээс тонн тонноор нь нийлүүлж байгаа алиманд хуулийн хэрэгжилт хэрхэн тусах вэ гэдэг нь чухал байгаа юм. Магадгүй бидний хөндөж буй энэ сэдэв холбогдох төрийн байгууллагын боловсруулж буй журамд санаа, оноо болох буй за. Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээ таньж, мэдэж сурцгаая.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ