Мансуурах донтой 100 хүний 5 нь л эдгэдэг

img

"Монголд архи, тамхи, мансууруулах бодисоос сэргийлэх талаар мэдээлэл сургалт, сурталчилгаа, зан үйл өөрчлөх харилцаа хандлагын чиглэл” сэдэвт уулзалт өнөөдөр боллоо. Сэтгүүлчдэд зориулсан энэхүү уулзалтыг ЭМЯ, НЭМГ, IOGT, МНЭМНН хамтран зохион байгуулсан юм.

Энэ үеэр Монгол Улсын нийт хүн амд төдийгүй, өсвөр үеийнхэн, залуучуудад зориулан архи тамхинаас сэргийлэх,  мэдлэгийг нэмэгдүүлж, эерэг зан үйл төлөвшүүлэхэд хэрхэн анхаарах талаар мэдээлэл өгсөн юм.

Судалгаагаар хар тамхи мансууруулах бодисны хэрэглээ, хор уршигийн талаар өсвөр үеийнхний 87.6 хувь нь мэдлэг байхгүй гэж хариулсан бол хар тамхи хэрэглэгчдийн 82 хувь нь хор уршигийн талаар мэдээллийг сайтар олгох хэрэгтэй хэмээн хариулсан аж. Мансууруулах бодис нь эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөө өндөртэй. Элэг үрэвсэж, хавдар үүсгэнэ. Нүдний болор цайж, сохор болох аюултай. Эрт хөгширч, нас богинсоно. Хяналтгүй бэлгийн хавьтал, халдвар, заг хүйтэн, тэмбүү, ХДХВ/ДОХ, элэгний В, С вирусын халвдар авах эрсдэл өндөртэй байдаг аж.

Түүнчлэн мансуурах дон туссан тохиодолд зөвхөн түүнийгээ хэрэглэхийн тулд өдөрт хамгийн багадаа 30 орчим мянган төгрөг зарцуулдаг бөгөөд энэ нь сар жилдээ үржүүлбэл маш их зардал гарч, эдийн засгийн эрсдэл дагуулна. Хамгийн гол нь хар тамхи мансууруулах бодис хэрэглэгчид ядууралд автан , мөнгө олохын тулд яахаас ч буцахгүй болдог аж.

Хамгийн харамсалтай нь энэ муу зуршилд автсан тохиолдолд эдгэх магадлал маш бага буюу 100 хүнээс 5 нь эдгэдэг. Учир нь хар тамхи хүний тархийг хатингаршуулснаас тэнэгрэлд автан дахин хэзээ ч эрүүл саруул болох боломжгүй болдог аж. Тиймээс нийгмийн дунд газар авч байгаа энэхүү донтолтоос иргэдийг, өсвөр үеийг хамгаалж урьдчилан сэргийлэх нь хүн бүрийн анхаарлын төвд байх ёстой. Энэ асуудлыг нийгэмд зөв ухуулан таниулж, эерэг зан үйлийг төлөвшүүлж, мэдлэг мэдээллээр хангахад сэтгүүлчид чухал үүрэгтэй хэмээн зохион байгуулагчдын зүгээс онцолсон юм.

Тамхины хувьд ч мөн адил хэрэглээ улам залуужиж байгаа тул өсвөр үеийнхэнд мэдлэг мэдээлэл түгээх, томчуудад үр хүүхдийнхээ дэргэд тамхи татсанаар дам тамхидалтад өртүүлж байгааг нь сануулж байх ёстой гэлээ. Тухайлбал, хосуудын хэн нэг нь тамхи татдаг бол үнсний савтай адил хэмээн зүйрлэх, үр хүүхдийнхээ хажууд тамхи татдаг бол хамгаас хайртай хүмүүсээ санаатайгаар өвчлүүлж байна хэмээн сануулсан мэдээ мэдээлэл бэлтгэх нь зүйтэй гэв.

Архины хэрэглээ өндөртэй улсын тоонд ордог монголчууд маш олон шалтгаанаар уух шалтаг гаргаж, хавтгайрсан архидалт нэмэгдэх болсон. Энэ нь бага багаар хэрэглэж байгаа хүнээ дасгаж, архины хамааралтай болгох аюултай. Ингэснээр архичин хүн гэр бүлдээ, орчин тойрондоо аюул учруулахуйц хэмжээнд ч хүрэх болсон. Тиймээс архидалтыг багасгах, архинаас гарсан хүний туршлагыг олон нийтэд таниулах, архигүй орчинд амьдрах нь үр хүүхдийн болон гэр бүлд халуун дулаан уур амьсгал бэлэглэнэ гэдгийг ухааруулах нь чухал гэж эмч мэргэжилтнүүд зөвлөж байлаа.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ