НҮБ-ын бичигтэн болох тайлан хэлэлцүүлэг өнөөдөр болно

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 57 дугаар чуулганаар батлагдсан “Бичигтэн болох арван жил: Бүх нийтийн боловсрол 2003-2012 он” тогтоолыг хэрэгжүүлэхээр санаачлагч орны хувьд манай улс “Бичиг үсгийн үндэсний хөтөлбөр”-ийг долоон жилийн өмнө баталсан юм. Энэ оны 11 дүгээр сарын 5-20-ны хооронд зохион байгуулагдах ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 37 дугаар чуулганы үеэр дээрх байгууллагууд бичиг үсгийн боловсролын дараагийн тогтоолын төслийг өргөн барихаар бэлтгэж байгаа бөгөөд үүнд эл хэлэлцүүлэг тодорхой үр дүнгээ өгнө гэж найдаж байна.
Бичиг үсэг үл мэдэгчгүй, сургууль завсардагчгүй болохын тулд хүүхэд бүрийг сургах асуудлыг тусгайлан хянаж үздэг байх, бичиг үсгийн боловсрол олгох сургалтыг тасралтгүй, чанартай явуулахын тулд төрөөс төсөв санхүүжилтын асуудлыг шийдвэрлэж тодорхой болгох гэх зэрэг санал зөвлөмж “Бичиг үсгийн боловсролын үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн тайланд тусгагджээ. Нэмж хэлэхэд, 1970 онд буюу Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахад онцгой гавьяа байгуулсан хүмүүс, байгууллагад олгодог “Крупская”-гийн нэрэмжит ЮНЕСКО-гийн анхны шагналыг БНМАУ-ын ШУА-ын Хэл, утга зохиолын хүрээлэн хүртсэн нь боловсролын салбарт манай улсын оруулж буй хувь нэмрийг зохих ёсоор үнэлсэн үйл явдал болсон юм.
Уг хэлэлцүүлгийг БШУЯ, ГХЯ, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс болон Насан туршийн боловсролын үндэсний төв хамтран зохион байгуулах аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ