
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2011.11.18/ үдээс өмнөх хуралдаанаар "Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.
“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг анх Засгийн газраас “Утаагүй Улаанбаатар” нэртэй боловсрогдсон бөгөөд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан боловсруулах хуулийн төслийн жагсаалтад шинээр гаргах 8 хууль, шинэчлэн найруулж, нэмэлт, өөрчлөлт оруулах 13 хууль, нийт 21 хуулийн нэр байсан байна.
Харин УИХ-аас “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг батлахдаа 18 хууль нэмж тусгаснаар хөтөлбөрийн хавсралтад нийт 39 хуулийн нэр орж батлагдсан юм. байна. Тэдгээр хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгүүдийг томилон ажиллаж байгаа боловч, холбогдох мэргэжлийн хүмүүс, хуульчид, гадаадын зөвлөхүүдийн /JICA, GIZ/ зүгээс зарим хуулийн төслийг бие даасан хууль байх шаардлагагүй, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй зарим хуульд бүлэг, зүйл болгон тусгах замаар зохицуулах боломжтой харилцаа гэж үзжээ.
Түүнчлэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Үндэсний хорооны 2 удаагийн хуралдаанаар хөтөлбөрийн хүрээнд боловсруулах хуулийн төслүүдийн ажлын явцын талаар мэдээлэл сонсож, жагсаалтад тусгагдсан зарим хуулиудыг тухайн салбарын харилцааг зохицуулсан суурь хуульд бүлэг, зүйл болгон нэмж тусган зохицуулах боломжтой гэж үзээд тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах саналыг оруулж байгаа ажээ. Тухайлбал Хот суурины төлөвлөлтийн тухай хуулийн төсөл, Хот, суурины ногоон байгууламжийн тухай хуулийн төсөл, Авто зогсоолын тухай хуулийн төсөл , Орон сууцны барилгыг шинэчлэн барих тухай хуулийн төсөл, Газар зохион байгуулалтыг шинэчлэх тухай хуулийн төсөл, Газрыг улсын мэдэлд эгүүлэн авах тухай хуулийн төслийг Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль, Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэгтгэх боломжтой гэж үзсэн байна. Гишүүд хэлэлцээд уг тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Үүний дараа УИХ-ын гишүүн Я.Батсуурь нарын гишүүдийн, мөн УИХ-ын гишүүн Д.Одбаяр нарын гишүүдийн тус тус өргөн мэдүүлсэн “Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай Улсын Их Хурлын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.
“Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” УИХ-ын 39 дүгээр тогтоолоор Монгол Улсын нийт иргэнд Таван толгойн хувьцааны 10 хувийг адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлж, хувьцааны 10 хувийг 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ба түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа, татвар төлсөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр нэрлэсэн үнээр худалдахыг Засгийн газарт даалгасан билээ.
Харин тогтоолын төсөл өргөн барьсан гишүүд аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах хувьцааны 10 хувийг иргэн бүрт олгох хувь дээр нэмэх саналыг уг тогтоолдоо тусгасан байна. Ингэх нь уул уурхайн баялгийг шударгаар хуваарилах хамгийн зөв гарц гэж үзэж байгаа юм байна. Дээрх тогтоол батлагдахаас өмнө манай улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо 20-30 мянга орчим байсан бол аж ахуйн нэгжүүдэд хувьцааг худалдах тогтоолын сургаар аж ахуйн нэгжийн тоо үлэмж нэмэгдсэн байна. Үнэндээ манай улсад 53 мянга орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаа гэдэг ч тал нь үйл ажиллагаа явуулдаггүй юм байна. Үлдэх аж ахуйн нэгжүүдийн 23 мянга нь 2700 хүний нэр дээр байдаг ажээ. Бүртгэлээр нэг хүн дор хаяж 2-3 компани эзэмшдэг бол 30-40 аж ахуйн нэгжтэй хүн ч олон байгаа аж. Зарим аж ахуйн нэгж улсад хэдэн тэрбумаар татвар төлж, олон мянган хүнийг ажлын байртай болгосон бол, зарим нь ганц нэгхэн хүнтэй, татвар төлдөггүй аж ахуйн нэгж байдаг юм байна. Тиймээс Тавантолгойн хувьцааны 10 хувийг аж ахуйн нэгжүүдэд бус иргэдэд олговол илүү шударга болно гэж нэр бүхий гишүүд үзсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ