Ц.Цэнгэл: Стадиаоныг Хүй долоон худагт барих нь зөв
Дэнж хотойтол наадсан монгол наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хүй долоон худагт хурдан морьдоо сойж буй УИХ-ын гишүүд цөөнгүй бий. Тэдний нэг болох УИХ-ын гишүүн Ц.Цэнгэлийн галаар зочилж, уулзаж ярилцсанаа хүргэж байна.
.
-Та сайхан наадаж байна уу. Энэ жилийн наадмын сэтгэгдэл?
-Сайхан наадаж байна. Энэ жилийн баяр наадмаар нар хур тэгширээд, яг морь уях үеэр бороо зогсож өгөөд сайхан л байна. Түүнчлэн наадамчин олныг сайхан наадахад зориулсан талбай засч, тодорхой хөрөнгө зарж, тааламжтай нахцөл бололцоог хангасан нь харагдаж байна.
.
-Галынханаа танилцуулаач?
-Миний нутгийн дүү н.Сүхбат, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын алдарт уяач Банзрагчийн ач хүү Наранбаатар гэдэг хоёр залуутай хамт нэг гал болж байна. Улсын наадамд нас насны морьд уясан. гэхдээ энэ жил жаахан эрт ирчихсэнээс морины ханиад “зооглоод” ихэнхийг нь уяж чадсангүй. Өчигдөр их насанд хоёр морь уралдсан. Нэг нь эхний морьдтай нилээн зуузай холбон уралдаж байсан юм. Тэгтэл хөл нь эвгүй болоод доглоод ирлээ. Уг нь сунгаагаагаар их сайн уралдаад байсан. Хээр морьны унаач хүүхэд маань гараанаас гараад удалгүй уначихсан хүүхэд араас нь татсан гэж байна. Уг нь овоо үзэх байсан юм. Өнөөдөр даага, соёлон уралдуулна. Гол нь ханиад ямар байхнав. Наадмын сэтгэгдэл өндөр байна. Ялангуяа цаг агаарын байдал, халуун нар шарсангүй, тоос шороо боссонгуй. Уулзсан хүмүүсийн сэтгэл өндөр, сайхан үгийг бие биедээ хэлсэн, согтуу хүн харагдахгүй их сайхан наадам болж байна.
.
-Та Хүй долоон худагт хэд дэх жилдээ морь уяж байна?
-Анх Хүй долоон худагт морь уралддаг болсон цагаас эхлэн Онон Манлайн галтай хамт гарч байна. Зохион байгуулалтын хувьд ийм сайхан зам тавьж, олон түмнийг наадамлах бололцоо нөхцөлийг хангаж, талбайг засч янзалсанд сэтгэл өег байна. Хотын дарга Э.Бат-үүлд маш сайн байна гэж хэлэх нь зүйтэй.
.
-Төв Цэнгэлдэхийг наашаа нүүлгэж, монгол наадмын төв болгох талаар яригдаж байгаа. Энэ талаар таны бодол?
-Би хувьдаа стадиаоныг энд барих нь зөв гэж бодож байна. Энэ сайхан хангай дэлхий байна. Баяр наадмын төв болгон тохижуулж, хүний хэрэгцээ цөм байдаг цогцолбор бий болговол наадамчин олны ая тух ч сайн хангагдана. Нөгөө талаар нийгмийн хөгжлөө дагаад, хуучны ёс заншлаа алдагдуулахгүйгэээр шинэчилж, өөрчлөхөд буруудахгүй. Аль болох олон түмэнд хүртээлтэй, морь харах тохитой орчин бүрдүүлэх хэрэгэтэй. Манай Булган аймгийн хурдан морин уралдаан их сайхан болдог. Яагаад гэвэл нэг л уул тойроод ирэхэд 20 км. Их нас 27км уралдана гэвэл 2 км сунгачихна. Уулынхаа орой дээрээс л морьдоо хэрхэн уралдаж байгааг харж болдог. Монгол моринд бие халаалт гэж заавал байдаг. Монгол морьд ер нь 50 км уралдаж байгаа. Ингэхдээ 5 км бүхий статионы замаар тав л тойрчиход болохгүй гэх зүйлгүй. Манай нөхцөлд 8км –ийн тойруулга байхад их зүгээр ирсэн үзэгч ч хангалттай үзэх боломжтой. Энэ бол жирийн нэг биеийн тамирын талбай биш шүү дээ. Монгол мориныхоо онцлогт тохирсон бартаатай, 100-300 морь уралдах хэмжээний тойрог байхад л болно. Гурав тойроод л барианд орчихно. Тэр тойрогтоо шинэ цагийн морин уралдааныг зохион байгуулж болдог тийм сайхан зураг төслийг хийж, хэрэгжүүлж болно. Хэрэв ингээд өөрчилчихвөл хүмүүс гэртээ мрь үзэж суух биш энд ирээд тааваараа ая тухтай морио үзээд наадмлаад буцах боломжтой болно.
.
-Наадамчин олондоо хэлэх үг?
-Миний монгол түмэн маань эв эеээ хичээж, улам сайхан хөгжих ёстой. Бие биенийгээ элдэв дээдээр хэлж, намчирхдагаа болих хэрэгтэй. Энэ орчлонд бид бүгд нүцгэн ирдэг эргээд бүгд нэг л ижил жамаар хорвоогоос явна. Тийм болохоор бие биенийгээ муугаар цоллож, муухай хэлдэг байж болохгүй. Мууг нь газар доор ортол, сайныг нь тэнгэрт гартал магтдаг аангаа болих хэрэгтэй. Алдаа оноог нь зөвөөр ойлгуулж, нэг нэгнийгээ хүндэлж чадвал Монгол улсын хөгжилд тустай гэж бодож байна.
П.Наран Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ