Х.Лхагвасүрэн: Би сүүлчийнхээ хайртай учирсан

-“Харанга”-ын Х.Лхагвасүрэнг гудамжинд яваа хүн бүрээс энэ асуултыг асуувал бүгд толгой дохино. Магадгүй тэд таныг зөвхөн “Харанга” хамтлагийн дуучин гэхээсээ илүү "Этгээд хүн", "Сайн дуучин", "Их муу хүн" гэж ч магадгүй. Та ер нь ямар хүн бэ?
-Би хэн нэгэнд таалагдаж амьдрах шаардлагагүй, Миний амьдрал надад аз жаргал өгдөг. Тэгээд л болоо. Үнэхээр эцэг, эхчүүд хүүхдээ миний амьдралаар амьдруулж, алхуулахыг хүсдэггүй, хэрвээ хүсдэг бол тэд Лхагваагийн зам хүнд гэдгийг мэддэг болоод л тэр байх. Бүхий л сэтгэл зүрхээ дуулж байгаа дуундаа өгч, үнэнч шударгаар хүмүүсийг баярлуулна гэдэг хүн бүрийн хийж чадах ажил биш. Олон хүн ингэж амьдарч, дуулж чадахгүй. Гэхдээ миний араас олон залуу гарч ирж байгааг би өдөр бүр харж, тэдэнтэй уулзаж ярьдаг. Азаар тэд эцэг, эхийнхээ хүссэнээр биш харин өөрийнхөөрөө сонголт хийсэн шилмэл залуус.
.
-Тэдний түлхүүр нь Лхагваа мөн үү?
-Үгүй ээ, тэд "бидэнд үнэн юм хэрэгтэй" гэдгийг ойлгосон учраас л рок хөгжимд татагдаж байгаа. Үүнийхээ шагналд нэг л сайхан өдөр сайн сайханд хүрнэ гэдэгтээ итгэдэг. Хайр бүхнийг ялна гэдэгтэй адил үнэн ялна гэсэн үг бас бий. Тэд ийм л залуус. Дуугаараа үзэл бодлоо илэрхийлэх нь тэдний хувьд ч, миний хувьд ч том аз жаргал. Тэгээд ч би өөрийгөө дуучин гэхээсээ илүү үзэл бодлоо илэрхийлэгч гэж боддог.
.
-Хүмүүс та нарыг мөнгө олохын тулд дуулдаг гэж боддог. Яаж яваад дуу хөгжимтэй амьдралаа холбов?
-Би хувьдаа мөнгө олох гэж дуулдаггүй. Гуравдугаар ангид байхдаа үлээвэр хөгжимтэй дуулж, тавдугаар ангиасаа бөмбөр тоглосон. Ээждээ хайртай шиг энэ урлагт би хайртай. Зөвхөн дуугаар дамжуулж, дотоод сэтгэлээ дэлгэж, үзэл бодлоо илэрхийлж чаддаг. Энэ бол Лхагваагийн аз жаргал. Үүний минь төлөө Монголын ард түмэн Лхагвааг эрж хайдаг. Дуулахгүй хэсэг удвал тэд намайг нэхнэ. Лхагваа хаачив, яагаад дуулахгүй байна гэх мэтээр. Олон түмэн намайг сонсох дуртай шиг би ч тэр зөвхөн Монголын ард түмэндээ л зориулж дуулдаг. Өөр хаачих юм. Би Монголдоо л хайртай. Гэхдээ “Зөвхөн Монголдоо” дуулдаг ч гэлээ энэ дэлхийг тэр чигээр нь хайрлаж, ногоон дэлхий, энх амгалангийн төлөө би дуулахыг хүсдэг. Өвөр Монголын телевизээр нэг сэтгүүлч нь “Хүн төрөлхтний өнөөг хүртэлх түүхийг үзвээс урт удаан хугацааны байлдаан юм аа” гэж байсан. Би тэр байлдааны эсрэг байдаг.
.
-Ер нь рок хөгжмийг сонгож байгаа хүмүүсийн амьдрал хүнд хэцүү дурсамжаар дүүрэн байх нь элбэг байдаг. Таны хувьд?
-Рок хөгжим сонсч, шүтэж байгаа хүүхдүүд бүгд л үеийнхнээсээ илүү ихийг үзсэн байдаг. Амьдралын хатуу хөтүү, зовлон бэрхшээлийг тэд хар багаасаа нуруун дээрээ үүрч, тэндээсээ бодит үнэний эрэлд гарах гарцыг хайж эхэлдэг. Нөгөө талаас зовлон хүнийг хурцалдаг гэдэг үнэн. Хэрэв торгонд ороогоод, бөөцийлөөд байвал яаж тийм дуу зохиож, дуулах юм. Дээр нь тэдэнд урлагийн онгод байгаа. Би ч гэсэн багаасаа аавын ажил хийж, дүү нараа хамгаалж, гэртээ гэрййн эзний үүрэг гүйцэтгэж байсан.
Би бусад хүүхдийн адил түлээ хөрөөдөж, ус зөөж өссөн. Гол нь тэр хоорондоо би их зүйлийг амжуулсан. Ээж, хоёр дүүтэйгээ амьдардаг өрхийн тэргүүн хүүхэд байсан болохоор тэгэхээс өөр арга байгаагүй. Томчуудтай зэрэгцэж, энд тэндхийн шинэ жил дээр дуулдаг байлаа. Мөн тэр үеийнхээ хүүхдүүдээс илүү их ном уншсан гэдэгтээ итгэлтэй байдаг. Тэгж байж л "Харанга"-ынханд тоогдож, энэ хамтлагт орсон. Хүн хэрэв өөрөө үгийг нь бичиж, аяыг зохиож, өөрөө дуулдаг бол тэр ертөнцийг өөрөөр харагч. Яг үнэндээ 16-тай Лхагваад “Битлз" тийм ч их таалагддаггүй байсан.
.
-Яагаад, бүгд л "Битлз"-ийг агуу гэж боддог шүү дээ?
-Тэд зөвхөн хайрын тухай л дуулж байсан. Харин манай "Соёл эрдэнэ" эх орон, хайр дурлал, ээж аав, амьдралын тухай өргөн хүрээнд дуулдаг байсан юм. Жим Моррисон бол өөр хэрэг. Тэр энх тайван, амар амгалангийн билгэ тэмдэг байсан. Хүмүүсээ биө бие рүүгээ буу шагайхаа боль. Энэ ногоон дэлхийг авч үлдэхгүй бол болохгүй гэх мэтээр. Жим Моррисон хэзээ ч мөнгөний төлөө дуулж байгаагүй. Үүнийх нь төлөө түүний бунханд хүндэтгэл илэрхийлэх хүмүүсийн цуваа тасрахгүй байна.
.
-Та ухаажсан хүн мөн үү?
-Би ухаажсан хүн. Ухаажихын тулд өдөр бүр хайгуул хийдэг. Нэгэнт төрсөн цагаасаа л хайгуулд гардаг юм чинь 60 хүрч ухаажчихаад 61 насандаа үхэж болохгүй. Ингэж утгагүй амьдрах хэрэггүй. Нэг жилийн дотор юу хийх юм. Тийм болохоор би хүмүүст өөрийгөө ганцхан ээжтэй гэх биш харин энэ хорвоогийн бүх ээжийг миний ээж гэж хүндлэх хэрэгтэй гэж хэлмээр санагддаг.
.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Албан ёсны хоёр хүүхэдтэй. Том хүүтэйгээ бол байнга холбоотой байдаг. Багатайгаа нэг их холбогдоод байдаггүй. Бага байхад нь ээжээс нь салчихсан юм чинь тэрнийг тэгэж өөртөө дасгаад яахав гэж боддог юм. Би ер нь хаяад үхэх байж хүүхдээ эрхлүүлэх дэмий гэж боддог ч эрхлүүлэх их дуртай. Үүнийг мэддэг болохоор ээж маань надад хүүхэд ойртуулах дургүй.
.
-Албан бус хүүхэд бас байгаа юу?
-Хэрэв байвал сайн л байна. Энэ бол завхай явдал биш. Нэг ч болов хүүхэд төрчихөөд хүн болох гэж тэмцэж байгаа бол би баярлана. Хүн төрнө гэдэг зүүны үзүүр дээр тогтсон арвайн ширхэг гэдэг биз дээ.
.
-Уучлаарай, хүүхэд гэснээс хүмүүс таны гэр бүлийн амьдралыг их сонирхдог?
-Хэддэх бүсгүйтэйгээ амьдарч байна. Хэдэн хүүхэнтэй явж байна гэдэг хоёр өөр ойлголт. Би уг нь өөрийгөө их журамтай гэж боддог. Гэхдээ хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэг. Ямар ч үед амьдралыг эрчүүд чирж явдаг. Ертөнц дээр байсан цөөхөн хэдэн удирдагч эмэгтэйг эс тооцвол энэ ертөнцийн сайн, муу бүхнийг эрчүүд л хийж байгаа. Ийм учраас надад минийхээр л амьдарч чадах тийм эмэгтэй л хэрэгтэй. Мөн намайг урт удаан дуулуулах нэг л бүсгүй байхад болно. Орчлон дээр хайр, дуу хоёр шиг сайхан юм байхгүй гэдэгт би итгэдэг.
.
-Тийм эмэгтэй олдохгүй байгаа хэрэг үү?
- Олсон. Аз жаргал гэхээр арав, таван цаасыг хэлдэггүй юм. Намайг ядуу ч байсан хамт байх тийм хайрыг би хүсч байна. Гэхдээ би ийм хайрыг хүсдэг шиг надтай амьдарч байсан эмэгтэйчүүд ийм хайрыг хүсээгүй гэж би хэлэхгүй. Тэд зүгээр л өөр амьдралыг хүссэн. Би ямар торонд шувуу хийж, түгжээд тэжээж байгаа биш. Тэд дуртай зүг рүүгээ нисэх эрхтэй. Минийхээр амьдрахгүй тийм хувь тавилан тэднийг дуудаад байвал би тэднийг хүчээр дэргэдээ байлгаад байх хэрэггүй. Нэгэнт болохгүй юмыг болгох гээд нэгийгээ зовоож, чирж чаргууцалдаж болохгүй. Тэгээд ч салж болохгүй гэсэн хууль байдаггүй биз дээ.
Харин одоо би одоо сүүлчийн хайртайгаа учирсан. Тэр эмэгтэйг хайж, хайж олсон. Би одоо гайхалтай амьдардаг. Гэхдээ гайхалтай гэдгийг өөр өнцгөөс харах хэрэгтэй. Хэрэв эд хөрөнгийн тухай асууж байгаа бол би энэ тухай ярих дургүй. Нэгэнт дуучин болж төрсөн л бол мөнгөтэй ч дуулна, мөнгөгүй ч дуулна.
..
-Таны хүзүүндээ зүүсэн эрх ямар учиртай юм. Зүгээр л хэлбэрдэлт юм шиг олон хүнд санагддаг?
-Би 2010 онд Түвд орж, 75 настай нэгэн ламтай уулзаж байсан. Тэр хүн намайг анхандаа тоогоогүй. "Чи дуучин юм бол манай нутгийн Баатар шиг дуулаад баян болохгүй юу. Энд юу хийж ирсэн юм" гээд. Тэгэхэд нь би "Баян болох гэж биш харин юуны төлөө амьдарч байгаагаа ойлгох гэж ирсэн юм" гэхэд надад энэ эрхийг бэлэглэж, нарны илчээр чанадаг цайнаасаа өгч, нэлээд удаан ярилцсан. Одоо завтай үедээ байнга л эргүүлдэг. Эрхийг эргүүлэхгүй бол өлсдөг гэдэг юм билээ. Хүмүүс зовлон бэрхшээл тулгарахаар л бурхан руу очиж, намайг ивээлдээ аваач гэж гуйдаг, тэгж болохгүй. Бурхан чинь энэ хүн хэрэгтэй үедээ над руу хандаж, х
.
-Таныг бөө гэж бичсэн байхыг уншсан. Энэ үнэн үү?
-Тийм эрин үе ирсэн нь үнэн. Би бөөлж байгаа. Би дуулахдаа л бөөлчихдөг. Тэгээд л боллоо. Онгод гэдэг юм чинь өөрийнхөө хүч чадлыг даачих хүн хайж явдаг юм гэсэн. Та нар ч номноос уншсан байх. Өөрөө бодож, сэтгэж, хайрлаж чаддаг сүнс гэсэн үг юмуу даа. Хүний биед орохоороо хийх ёстой зүйлээ хийж чаддаг. Түүнийг биедээ оруулдаг шидийг олсон хүмүүсийг бөө, удган, зайран гэдэг юм.
.
-Бардам зан, билэг танхай байдлыг та юу гэж боддог вэ?
-Чадаж байвал яагаад бардамнаж болохгүй гэж. Гэхдээ энэ үг нь жаахан онцгүй юм. харин өөртөө итгэлтэй байх гэвэл миний бодолтой нийцэх байх. Би хийж байгаа ажлаа ярих юм бол бардам хүн. Яагаад болохгүй гэж? Би л хувьдаа чамайг над шиг дуулна гэж бодохгүй байна. Тиймээс энэ тал дээр бардамнах эрхтэй гэж бодож байна. Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй. Тиймээс юм бүхнийг адилтгах гэж болохгүй. Тийм нийгэм байгуулах гээд манайхан балраа биз дээ. Улаан хувьсгал байгуулаад, бүгдээрээ адилхан амьдрах гэсэн чинь болохгүй байсан биз.
.
-Энэ жилийн баяр наадмаар та морь унаж, “Толин хул”-аа дуулсаар гарч ирсэн нь наадамчдын сэтгэлийг ихээхэн хөдөлгөж байгаа нь анзаарагдсан шүү?
-Монголчуудын дуртай морины тухай дуунд миний “Толин хул” ордог. Наадамчид маань дууг маань сонсож баяссан бол болж дээ. Би ч өөрөө энэ дуундаа дуртай, хайртай. Тиймдээ ч тоглолтоо энэ дуугаараа нэрлэж байгаа. Тоглолтын нэрний хувьд миний хоёр дууны нэрнээс бүтэж байгаа. Би монгол хүн, монгол наадам энэ өдрүүдэд болж байна. Монгол гэх зүрх сэтгэлтэй бүрэн “Толин хул” дээрээ “Морин хуур”-аа хуурдахыг хүсэж л байгаа.
.
-Ер нь яагаад “Харанга”-гүй тоглолтоо зохион байгуулах болов?
-Манай хамтлаг ирэх онд 25 нас хүрнэ. Иймд хамтлагийнхан маань ээлж ээлжээр тоглолтоо зохион байгуулж байгаа. Өнгөрсөн тавдугаар сард гитарчин Я.Одсүрэн маань "Оогий Харангатайгаа, гитартайгаа, найзуудтайгаа” тоглолтоо хийсэн. Тэгвэл өчигдөр, өнөөдөр би тоглолтоо хийж байна.
Харин ирэх есдүгээр сард Ц.Чулуунбат, арваннэгдүгээр сард А.Энхманлай нарын бие даасан тоглолтоо хийнэ
.
Баярлалаа.
Б.Одон
Гэрэл зургийг Б.Батмөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ