Ц.Батбаяр: XXI зууны алт бол ус
Хөвсгөл далайн цэвэр цэнгэг усны нөөцийг хадгалж, хамгаалах нь монголчуудын төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татдаг асуудал юм. Юуны түрүүнд цэнгэг, цэвэр усыг нь бохирдохоос сэргийлж, Хөвсгөл далайд живсэн шатахуунтай автомашинуудыг татан гаргах нь чухал билээ. Тэгвэл “Монголын зүүний хүчний холбоо” ТББ санаачлан энэ сарын 18-21-ний өдрүүдэд Хөвсгөл далайд живсэн хөлөг онгоц, шатахуунтай машин зэргийг татаж гаргах ажлыг зохион байгуулахаар болсноо мэдээллэв. Энэ үеэр “Монголын зүүний хүчний холбоо” ТББ-ын тэргүүн Ц.Батбаяртай ярилцлаа.
.
-Хөвсгөл далайд хэзээнээс эхлэн тээврийн хэрэгсэл осолдож, живж эхэлсэн бэ?
-Хөвсгөл далай бол дэлхийн цэвэр усны нөөцийн дөрвөн хувийг эзэлдэг. Тиймээс зөвхөн Монголын далай биш, дэлхийн далай. Дэлхий усгүй боллоо гэхэд савлаад авахад бэлэн, шууд ууж болно. Хүмүүс өнөөдөр алт л яриад байна. Үнэндээ XXI зууны алт бол ус юм шүү дээ. Тиймээс Хөвсгөл далайг хамгаалах ёстой. Хөвсгөл далайд мөсөн тээвэр хийж эхэлсэн цагаас хойш 45 гаруй тээврийн хэрэгсэл осолдож далайн ёроолд живсэн юм билээ. Анх 1969 онд Хөвсгөл далайд ДТ-75 трактор живсэн. Дараа нь ЗИС-164 цистерн дөрвөн тонн орчим шатахуунтай явж байгаад живсэн. Энэ мэт олон баримт бий. Хамгийн сүүлд буюу 2011 оны 12 дугаар сар болон нэгдүгээр сард загасанд явсан иргэдийн хоёр мотоцикль живсэн. Нуурын гүнд живсэн эдгээр машинуудын 70 гаруй хувь нь шатахуунтайгаа байгаа. Хөвсгөл далай давсгүй цэнгэг тулдаа одоохондоо шатахуун нь исэлдэж задралд ороогүй гэдгийг тогтоосон. Гэхдээ далайн ёроолд удаан байснаар зэвд идэгдэн, урваж исэлдэн далай ээжийг дотроос нь бохирдуулж байгааг үгүйсгэхгүй.
.
-БНСУ-аас ирж байгаа аврагчид Хөвсгөл далайн гүнд байгаа тээврийн хэрэгсэлийг гаргана гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Тийм. Солонгос улсаас мэргэжлийн усанд шумбагч дөрвөн аврагч ирж байгаа. Тэд эхний ээлжинд Хөвсгөл далайн гүнд байгаа живсэн ачаатай машин, хөлөг онгоц, бусад хог хаягдлыг далайн гүнээс гаргах үйл ажиллагааны эхлэлийг хийнэ. Тодруулбал, шумбагчид эхний ээлжинд далайн ус доошоо хэр гүн, татаж болох эсэх, шатахуунтай машинууд далайн яг аль хэсэгт нь байгааг тогтоох оролдлого хийнэ. Оролдлого амжилттай болж хаана байгааг тогтоочихвол далайн гүнд байгаа бүх тээврийн хэрэгслийг гучин жил биш гурван жилд гаргах бүрэн боломжтой. Есдүгээр сарын сүүлчээр далай давалгаалаад ирэх учраас шумбагчид нэмэгдэж ирнэ. Хөвсгөл далайн ус тэсгим хүйтэн учраас усны хувцаснаас гадна давхар тусгай хувцас өмсөх шаардлагатай байдаг. Солонгосчууд тусгай хувцастайгаа ирж байгаа.
.
-Хөвсгөл далайг цэвэрлэхэд хичнээн төгрөгийн зардал гарах вэ?
-Урьдчилсан тооцоогоор Хөвсгөл далайг цэвэрлэхэд 2-3 тэрбум төгрөгийн зардал гарна. Энэхүү зардлыг олон улсын байгууллагууд болон “Монголын зүүний хүчний холбоо”-г дэмжин ажилладаг хувь хүн албан байгуулагууд гаргах талаар ярьж байгаа ч төр засгаас анхаарал хандуулах нь дамжиггүй.
.
-БОНХЯ-наас энэ ажилд нь хэр анхаарч байна?
-Энэ сарын 18-21-ний өдрүүдэд Хөвсгөлд далайд аврагчид далайн гүн рүү шумбаж, байршил, гүнийг тогтоох оролдлого хийх үеэр “Цэнгэг далай, цэнгэг ус” олон улсын форум тэнд болно. Энэ форумын үеэр Хөвсгөл далайн ундны усны нөөцийг яаж цэнгэг хэвээр нь хадгалж үлдэх талаар хэлэлцэх бөгөөд БОНХЯ-наас мэдээлэл хийнэ. Түүнчлэн МХЕГ-аас Хөвсгөл далайд хийсэн хөрсний бохирдлын талаарх сүүлийн таван жилийн судалгааны дүнг танилцуулна. Форумд ОХУ, БНХАУ, Солонгосын 20 гаруй эрдэмтэн судлаач, манай улсын байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл 400 орчим хүн оролцоно.
.
-Форум зохион байгуулах болсон шалтгаан?
-Хөвсгөл далайн асуудал бол эко системийн асуудал. Учир нь Хөвсгөл далайд нийтдээ 960 гол мөрөн цутгадаг. Гэтэл Хөвсгөл далайгаас Эгийн гол ганцхан эх авч урссаар Сэлэнгэ мөрөнд цутгана. Сэлэнгэ мөрөн нь Байгаль нуур гэж яваад Хойд мөсөн далайд цутгадаг шүү дээ. Монголын бүх гол мөрөн нийлж 10 жил урсаж байж Хөвсгөл далайн устай тэнцэхүйц хэмжээний голдирлыг үүсгэж чадна. Хөвсгөл далай усны найрлагын хувьд дэлхийд гайхагдаж байгаа нуур. Тиймээс бид энэхүү дэлхийд гайхагдсан цэвэр, цэнгэг далайгаа хайрлаж, хамгаалах ёстой. Энэ бол хүн бүрийн үүрэг гэж болно. Нөгөө талаар Хөвсгөл далайн гүн дэх живсэн хөлөг онгоц, автомашин зэргээс илүүтэй эрэг хөвөө орчмын эко системийн асуудлыг ярих цаг болсон. Өнөөдөр Хөвсгөл далайн эрэг орчмоор жуулчны бааз нэртэй 300-400 байгууллага, аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдний дийлэнх нь гаднаа модон жорлонтой байгаа нь хөрсөнд нэвчин Хөвсгөл далайг бохирдуулах хэмжээнд хүрэхийг ч үгүйсгэхгүй. Тиймэээс жуулчны баазын асуудлыг ч ярих цаг нь болсон.
.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ