Батаарыг олборлосон хүмүүс мөнгөө хувааж авах гэрээ хийжээ
АНУ-д дуудлага худалдаанд орох гэж байсан Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн араг ясыг эх оронд нь буцаах асуудлаар жил тойрон хөөцөлдөж байж өнгөрөгч тавдугаар сард “Korean Air” компанийн КЕ 867 нислэгийн онгоцоор авчраад байна. Төрийн тэргүүнээс эхлээд салбарын сайд АНУ-ын шүүхэд хандсаны дүнд эргүүлэн алдагдсан араг ясыг буцааж чадсан ч хил гааль, мэргэжлийн хяналт, салбарын яамдын удирдлага, дарга нарын хаагуур, ямар замаар хил давуулсан, энэ хууль бус ажиллагаанд хэн хэн оролцов гэх асуулт хариултгүй үлдсэн. Соёл, спорт, аялал жуулчлалын сайд энэ асуудлаар Х.Оюунгэрэл “Монголын талаас түүнтэй хамтарч наймаа хийж байсан Т гэгч залуу хамтарсан гэдгийг тогтоосон. Харамсалтай нь, 2011 онд Т гэгч залуу нас барсан” хэмээсэн юм.
Тэгвэл энэ хэргийг УМБГ, Эрүүгийн цагдаагийн газарт шалган, хилээр гаргахад оролцсон хүмүүсийг тогтоосон байна. Тодруулбал “Чингисийн говь” ТББ-ын захирал н.Түвшинжаргал, түүний эхнэр н.Болортуяа, МУИС-ийн ректор байсан н.Болдсүх нарын хүмүүс оролцсон болох нь тогтоогдсон ч н.Түвшинжаргалын эхнэр н.Болортуяагаас бусад нь нас барсан байна. Түүнчлэн хувиараа яс олборлогч н.Өлзийсамба түүнтэй хамтран оролцсон А.Өлзийбат, н.Даваадорж, М.Отгонтөгс, Э.Ганхуяг, Х.Эрдэнээ, н.Идэрхүлэг нарын бүлэг хүмүүсийг шалгаж байгаа юм байна. Үлэг гүрвэлийн ясыг хууль бусаар хилээр гаргахад оролцсон албан тушаалтнууд тодорхойгүй байгаа учир цаашлаад холбогдох байгууллагын өндөр албан тушаал эрхэлж байсан хүмүүсээс тайлбар авах шаардлагатай болжээ. Тухайлбал, Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Д.Цэвээнжав, Хилийн цэргийн удирдах газрын Штабын дарга асан, бригадын генерал Ц.Сэргэлэн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаяр нарын хүмүүсээс тайлбар авч эхэлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Батаарыг олборлосон хүмүүс олдворуудыг худалдсан тохиолдолд мөнгөө хувааж авахаар гэрээ байгуулсан байсныг мөрдөн байцаалтаар тогтоосон гэв.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ