Ай.Төмөр-Очир: Бид бөөн хар алдаа

.
-Таны хувьд ямар үед шүлгээ бичдэг вэ?
-Дуртай үедээ л бичнэ.
.
-Үргэлж онгод ордог гэж ойлгож болох уу?
-Тэр худлаа. Эмзэглэх, гуниглах, эгшиглэх үед л онгод ордог. Би зарим хүмүүстэй адил шанаа тулж, ширээ налж суудаггүй. Голдуу л морин дэл дээгүүр шүлгээ тэрлэдэг.
.
-Танд “Болор цом”-ын эзэн болох бодол бий юу. Уг наадамд айрагдсан шүү дээ?
-“Болор цом”-ын эзэн болохыг боддоггүй. Үзэгч, сонсогчдынхоо сонорыг үнэний үнэр ханхалсан гашуун үгтэй шүлгээр мялаадаг.
.
-Өнөөгийн Монголын яруу найргийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Монголын яруу найраг орой дээрээ овоотой, бэлдээ чулуутай их хайрхан шиг сүндэрлэдгээрээ сүндэрлэж, сүмбэрлэдгээрээ сүмбэрлэсээр л байна. Түрүү үеийг үгүйсгэхгүй. Дунд болоод залуу үеэ бүдгэрэхгүй байгаасай гэж боддог. Залуучууд миний насныхан амьдрал мэдэхгүй, арьс элдээгүй, аргал түүгээгүй, адуу манаагүй болохоор хуурай цагаан магтаал, хуурамч зэрэглээ шиг бүтээл туурвих нь байна. Үүнийг цагийн салхи мөдхөн арчаад хаячихна.
.
-Хамгийн сүүлд ямар шүлэг бичив?
-Газар шорооныхоо тухай шүлэг бичсэн. Энэ бол миний элгэн чинад явдаг сэдэв.
.
-Монгол ахуйтай ойр өссөн хүн л шүлэг бичнэ дээ гэж та хэлэх гээд байна уу?
-Тэгж байна. Буурал зохиолчдоо их уншихад тэндээс ердөө л амьдралын мэдлэг ханхалдаг.
.
-Таныг үндэсэрхэг үзэлтэй болохоор монгол дээлтэй ирнэ гэж бодлоо. Гэвч...
-Өмссөн зүүснээрээ монгол болдоггүй юм. Өр зүрхээрээ, өөрийн бүтээлээрээ монгол байвал болно. Би үндэсэрхэг үзэлтэй.
.
-Яруу найрагч хүнтэй ярилцана гэдэг амаргүй юм. Яагаад гэвэл тэд тэнгэрийн магадгүй Янжинлхамын үр сад болохоор тэр биз?
-Саяхан би нэг сонинд ярилцлага өгсөн. “Яруу найрагчтай ярилцана гэдэг яртай модоор цохиулахаас дор” гэж ихэс дээдсийг ч, ичихээ мартагсдыг ч илүү санаархсдыг ч ичээндээ нуугдагчдыг ч үнэн үгээр үрчийлгэж , шорвог найргаар шордож болдог юм. Биеийн хүчээр нэгийг дийлдэг ч билгийн хүчээр түмнийг дийлдгийн учир ийм буюу.
.
-Та нар өөрсдөө өөгүй хүмүүс үү?
-Өөтэй өөтэй. Бид бөөн хар алдаа. Гэхдээ сэтгэлгээний хурд зургаа дахь мэдэрхүй, далд ухамсар нь бусдаас илүү хөгжсөн хүмүүс яруу найрагчид. Тэд хэзээд улс үндэстэн төр нийгмийнхээ тэмтрүүл, түүчээ болж явдаг юм.
.
-Ардын уран зохиолч Д.Цоодолын “Миний муусайн найз” нарыг санагдтал хэллээ, та?
-Тэр үнэн. Миний муусайн найз нар чинь зоос мөнгөгүй нь үнэн ч зориг зүрхээрээ үнэн үгээрээ, үзгэн хүлгээрээ монголыг тээж яваа юм. Тэд хэзээ ч бултахгүй, булгихгүй. Мөнгө дагаж мөөрөхгүй, өнгө дагаж өөрчлөгдөхгүй “амьтад.”
.
-Тантай санал нийлж байна. Гэвч зарим нь өнгө дагаж өөрчлөгдөөд байгаа юм биш үү?
-Харин ээ. Тийм сурагтай. Энэ бол эх орноосоо урвах өргөсөн тангарагаасаа няцах өөрийгөө өшиглөхтэй ижил юм. Дөрөв дэх засаглалын дөрөөн сур тасарвал монгол төрийн эмээл хэлтийнэ. Морьтон түмний заяа хазайна.
.
-Дөрөв дэх засаглалын дөрөө заримдаа их л хахир дуугараад байх юм?
-Дутагдлаа ухаарахгүй бол дух руугаа хадаас шаасан нь дээр. Жингэнэж дуугардаг дөрөө гангинаж сонсогдох нь дуулдах л юм. Тэдэнд харамсдаг.
.
-Тэгвэл хуурамч сэтгүүлч, найрагч нар нийгмийг сэвтээнэ гэж хэлж байна, тийм үү?
-Өнөө цагт хулхидах гэж том ойлголт гарч ирлээ. Ер нь сэтгүүлч,яруу найрагчид хуурамч байх эрхгүй. Яагаад гэвэл энэ бол цусанд байдаг мэргэжил юм. Өөрийгөө өнгий, тараа тань...
.
-Та Янжинлхамын үнэнч хүү юу эсвэл боол нь уу?
-Ямар ч байсан хүргэн нь биш.
.
-Тэгээд юу нь юм?
-Их ойрын садан. Ивээл жилтэй нь үнэн.
.
-Хүргэн гэдэг ойр үг биш гэж үү?
-Биш биш, огт биш. Хүргэн бол өөр цусных болчихно. Янжинлхамын үр сад л байх ёстой. Тэгэхдээ сүүлийн үед хүргэн бэрүүд бас төрж байгаа нь нууц биш.
.
-Ярилцсанд баярлалаа.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ