Ерөнхий сайд засаг дарга нарт албан даалгавар гаргалаа
2011-01-04

Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хандсан албан даалгавар гарлаа. Албан даалгавраар орон нутагт төрийн хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засаг дарга нар хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд аливаа асуудлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж, түүний явц, үр дүнд тавих хяналтаа сайжруулан, хүлээлгэх хариуцлагыг чангатгаж ажиллахыг үүрэг болгов.

Түүнчлэн худалдан авах ажиллагааны бүх тендерийг 2011 оны 2 дугаар сарын 1-ний дотор улсын хэмжээнд зарлаж, 4 дүгээр сарын 1-ний дотор дүгнэж дуусган гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, ажлаа эхлүүлсэн байхыг Засаг дарга нарт даалгалаа. Мөн төсвийн хөрөнгө оруулалтын ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах, төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, гэрээнд заасан хүлээх үүрэг, хариуцлагыг маш тодорхой биелүүлэхийг Засаг дарга нарт даалгасан байна . Ерөнхий сайдын албан даалгаварт Аймаг, нийслэлийн Засаг дарга нар эрх шилжсэн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний тайлан, гүйцэтгэлийн тайлан мэдээг холбогдох журам, маягтын дагуу бэлтгэж улирал бүрийн 3-ны дотор төсвийн ерөнхийлөн захирагчид ирүүлэх, албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд С.Баярцогтод үүрэг болгов.

Ц.Батука
Shuud.mn
Сонин хачин