Мөнгө яах вэ эрүүл л амьдрахсан

img

Газраа ухаж баялаг олборлож байвал эдийн засаг суга өсч монголчууд хундага тавилгүй сархад зооглон хутга тавилгүй мах идэж Чингисээс хойш анх удаагаа гар амар хөл хөсөр жаргах юм гэнэ. Мөнгө л олж байвал бусад нь хамаагүй гэдэг үзэл санаа сүүлийн хорин жилд л бүрджээ. Хөгжиж болно оо. Хүний хамгийн эрхэм дээд баялаг болсон эрүүл мэнд, хүний амьдрах орчин хэрхэн сүйдэж буйг огт анзаарахгүй юм. Ялангуяа уул уурхайн их синдром хавтгайрсан энэ цаг үед монгол хүн монгол газар шороон дээрээ эрүүл энх аюулгүй амьдрах аргагүй болоод байна.

.

Уул уурхайн салбар багагүй хугацаанд Монголын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгүүр байх нь. Том боломж том эрсдлийг дагуулдаг хойно, хөгжлийн энэ боломжтой хамт хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгэм, байгаль орчны хүчин зүйлүүдээр нөхцөлдсөн эрүүл мэндийн эрсдэл тулгарах бодит магадлал нэгэнт бий болсон. Ямар эрсдэл хаанаас хэрхэн нүүрлэх вэ гэдгийг тодорхойлох аргачлал ч бидэнд алга. Бүхэл бүтэн улсын хүн амын эрүүл мэндийг хариуцдаг яаманд ч ийм аргачлалын тухай дөнгөж сая сонсч байх жишээтэй.

.

Уул уурхай хөгжсөн аль ч оронд учирч болох эрсдлүүдийг урьдчилан харах, зайлсхийх, нөлөөллийг бууруулах үйл явц уул уурхайн үйл ажиллагааны үе шат бүрт түрүүлэн буюу зэрэгцэн явагдаж байх ёстой юм. Үүнийг эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ гэж нэрлэж болно. Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ гэдэг шиг хүн амд шууд болон шууд бусаар нөлөөлж болох эрсдэлийг тодорхойлж байгаль орчинд ч хүн амын эрүүл мэндэд ч үл нөлөөлөх шаардлагыг тавина. Хэрвээ ингэж чадаагүй бол нөхөн төлбөр тогтооно. Маш өндөр шүү. Гадныхан мөнгө олохоосоо илүүтэй хүн ам, байгаль орчинд хортой юуг ч үл зөвшөөрөх төрийн бодлого явуулсны үр дүнд ногоон эдийн засаг дээр суурилсан хөгжлийн хэтийн бодлого тодорхойлж байна.

.

Хонгорын дуулиан дагуулсан үйл явдал манай улс эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг орхигдуулснаар ямар хор уршиг тарьж болох, тарьж байгааг харж болно. Зүй нь уул уурхайн төсөл эхлэхээс өмнө тухайн орон нутгийн хүн амын эрүүл мэнд ямар түвшинд байв гэдгийг тогтоох. Ингэснээр тухайн төсөлтэй холбоогүй ямар нэгэн суурь өвчлөл, эмгэг өмнө нь байсан эсэхийг тогтоож, үгүй тохиолдолд хүн амын эрүүл мэндийн суурь үзүүлэлт, мэдээллийн баазаа бий болгож авна. Ийм мэдээллийн сангүйгээс Хонгорын иргэд хохирсон уу, үгүй юү гэдгийг тогтоож чадахгүй байлаа. Олон ч шинжилгээний баг гарсан. Хонгорынхон хохироогүй гэж буруу харж байгаад хэлдэг ч хэн нь ч 100 хувь энэ нотолгоо дээрээ зогсч чаддаггүй нь цаана мэдээллийн бааз байхгүйн харгай.

.

Хэдхэн жилийн өмнө 3000 хүрэхтэй үгүйтэй байсан Ханбогд сумын хүн ам өнөөдөр даруй 10 дахин нэмэгдсэн болохоор өсөн нэмэгдсэн энэхүү хэрэгцээнд нь нийцсэн эрүүл мэндийн суурь үйлчилгээ мөн л 10 дахин нэмэгдэж байх ёстой. Дээр нь дуу чимээ, хөрс, агаар, усны чанар, тоосжилт гэх мэт эрсдэлт хүчин зүйлүүд хүмүүсийн эрүүл мэндэд огт нөлөөлөхгүй байгаа гэвэл эндүүрэл. Өөр бусад олон орд газрыг түшиглэсэн суурин газрын хүн амын тоо суга өссөн. Тэнд чухам юу болж байгааг мэдэхийн арга даанч алга. Нам гүмхэн амьдарч байсан хүмүүсийн амьдралын хэмнэл орвонгоороо өөрчлөгдөж байна. Төр иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх ёстой. Тэг гэж бид татвараа төлдөг, нийтийнхээ баялгийг ашиглуулдаг. Харамсалтай нь тэр төр нь улам бүр хэлгүй, дүлий, сохор болсоор байна.

.

Танил эмч саяхан хөдөө орон нутагт хавдрын судалгаа хийгээд ирсэн юм. Арваад жилийн өмнө бас л нэг ийм судалгаанд явсан. Өмнөх судалгаатайгаа харьцуулахад хорт хавдраар өвчлөгсдийн тоо 15 хувиар өсчээ. Түүн дотроо уул уурхайн олборлолт явагдаж байгаа говь болон зүүн бүсийнхний өвчлөл 20 гаруй хувиар өссөн гэх дүгнэлт гаргажээ. Энэ бол энгийн нэг эмчийн тойм судалгаа шүү дээ. Нарийвчилбал асар өндөр тоо гарна даа.

.

Хамгийн аймшигтай нь хорт хавдраар өвчлөгсөд залуужиж байгаа мэдээ. 10 нас ч хүрээгүй хүүхдүүд хавдраар шаналж байна. Олон төрлийн хавдар, элэгний хатуурал, ходоод гэдэсний шархлаанаас болж хэдэн зуун хүн гадагшаа явж эмчлүүлж байна. Жилдээ хэдэн зуун тэрбум төгрөгийн хөрөнгө гадагшаа урсан гарна. Ийм их үнэ цэнээр хөгжсөн эдийн засаг бол үнэн хэрэг дээрээ цус нулимсан дээр өндийн босч байгаа асар том байгууламжтай л зүйрлэгдэх байх даа. Мөнгө яах вэ найзууд аа, эрүүл л байвал улсын наадам үзнэ шүү дээ.

.

Н.Бадамжав

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1234:
Baigal orchinoo suitgej, hun amidrah argagvi bolgoj baina daa Uul uurhai barilga baiguulaliig systemtei, zohion baiguulalttai hihgvi bol suireh ni dee. Hotod lav hvn bitgii hel amitan amidarah ch nuhculgvi bolj baina.
2013-07-22