Ш.Сүрэнжав: Би сэтгэлийн хоёр туйл дээр шүлэг бичдэг
Монгол Улсын төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав гэхээр уншигчдын санаанд юуны өмнө “Ерэн баатарын дууль” орж ирдэг. Энэ найраглал түүний нэрийн хуудас болсон гэхэд болно. Онгодын их гал дөлтэй, авьяас билэгийн ундарга болсон эрхэм найрагчийн эгэл ярианд анхаарлаа хандуулна уу.
.
-Таны бодлоор эх орон гэж юу вэ.Эх орон хаанаас эхлэх вэ?
-Эх орон эцгийн гэрийн хоймроос эхэлдэг гэж би боддог. Хөдөө нутагт төрж өссөн би эх орноо тэндээс л эхэлж таньсан юм.
Гүрний алтан тамга шиг
Таван ханатын буйраар
Гүйцэж тоолшгүй сүргийнхээ
Бэлчээр нутгийг тамгалсан
Миний анх таньсан эх орон энэ
Маргад эрдэнийн чулуунд нь
Хайгуулчийн алх тог хийж
Манаа хилийн шугамд
Харуулын өсгий тов хийж
Маргал бугын гүйдэлд нь
Дурангийн хараа гялхийж
Манхан шаргал элсэнд нь
Нефтийн цамхаг ярсхийж
гэсэн бадагтаа санаагаа хөгжүүлж эрт эдүгээгийн монгол ахуйг дүрсэлсэн юм. Эх орон миний шүлгийн амин сүнс.
.
-Таны залуу насыг монголын радиогүйгээр төсөөлөхийн аргагүй. Та ид залуудаа монголын радиогийн томилолт аваад онгоцноос хоцорсон гэдэг. Гэтэл тэр онгоц нь Отгонтэнгэрийг мөргөж сүйрсэн юм билээ. Таныг бурхан өршөөжээ?
-Тэр чинь 1963 он. Миний анхны томилолт юм. Онгоцны билет авчихсан анх удаа онгоцонд суух гэж байгаа болохоор сэтгэл хөдөлснийг хэлэх үү. Тэр шувууд нисдэг тэнгэрт шувуудтай хамт нисвэл мөн ч сайхан онгод орно доо гэж залуугийн дэрвүүн хүслээр дэвэлзэхгүй юу. Тэгээд 100 татах санаатай нисэхийн хавиар эрэлд мордсон юм. Ингэж яваад л онгоцноосоо хоцорсон.Тэр онгоц Отгонтэнгэрийг мөргөж олон сайхан хүний алтан амь сүйдсэн дээ хөөрхий. Зөн совин, тэнгэр хийгээд яруу найрагч ямагт холбоотой юм шүү дээ. Хүн ерөөсөө зөн билгийн амьтан. Нэгэн суутны үг бий дээ. “Хүн гэдэг бол эргэлдсэн улаан хуй дундах ганц зул юм” гэсэн нь бий. Эргэлдсэн улаан хуй гэдэг нь дэлхийн соронзон орон юм.
.
-Таныг Дорнийн их яруу найрагч Бэгзийн Явуухулан гуайн гарын шавь гэдэг. Багшийгаа эргэн дурсаач?
-Явуу багш маань их дөлгөөн, ухаантай, хүнд муу юм хийдэггүй, хүнийг сайн муугаар дүгнэдэггүй. Гагцхүү яруу найрагч мөн эсэхээр нь л ханддаг байсан. Авьяас бол зөвхөн тухайн хүнийх бус ард түмний өмч гэдгийг ойлгож дэмждэг, авьяастай хүний сул талыг ойлгож уучилдаг байсан. Надад өөр багш ч бий. Дэлхийн утга зохиолоос Пушкин, Равжаа, Цанъянжамц, Таагүрийг хүндлэн биширдэг. Тэд ямар хүмүүс байсныг би мэдэх биш. Ямар ч гэсэн зохиол бүтээлээрээ л сэтгэлийг минь эзэмдсэн юм. Расул Гамзатов, Евгений Евтушенко хоёр ч сайхан бичдэг. Аль алинтай нь уулзаж учирч л явсан. Зарим хүмүүс тэднийг муу хэлдэг юм. Би лав тэгж чадахгүй.
.
-Таны ширээний ном?
-А.Пушкины “Евгений Онегин”, Василий Шукшин, Валентин Распутин, Расул Гамзатовын номууд, Б.Явуухулан, Таагүр, Цаяъянжамцын шүлгүүд их ойр байдаг. Мөн С.Баясгалангийн орчуулгуудыг амтархан уншдаг.
.
-Монголын яруу найргийг дэлхийн яруу найрагтай харьцуулахад ямар байна?
-Ямар ч гэсэн дэлхийн яруу найргийн дэвжээнд өөрийн гэсэн байр суурьтай гэж боддог. Энэ санааг Явуу багш бусдаас эрт мэдэрч шүлгээрээ тунхагласан. Дорнын яруу найргийн өвөрмөц сэтгэлгээнд суурилж, дэлхийн яруу найргийн ур зохиомжийг хослуулсан цагт монголын яруу найраг дэлхийн дэвжээнд байсаар байх болно.
.
-Ингэхэд анхны шүлэг тань хэдэн онд хэвлэглэж байв?
-1960 онд миний анхны шүлгийг Ц.Гайтав “Үнэн” сонинд тавьж өгч байсан. Анхны шүлгээ хараад хачин их догдолж билээ. Түүнээс хойш хоёр жилийн дараа анхны номын уралдаан болж П.Пүрэвсүрэн, Ж.Шагдарсүрэн бид гурвын бүтээл шалгарч хэвлэгдсэн юм.
.
-“Ерэн баатрын дууль” найраглалаа их залуудаа бичсэн гэдэг?
-Үнэхээр тийм. 1963 онд буюу дөнгөж 25 настайдаа бичсэн. С.Удвал, Ц.Уламбаяр, Д.Цэдэнжав нартай хамт Халх гол орлоо. Дайн байлдаан болсон газрыг анх удаа үзсэн нь тэр л дээ. Онгод орж маш хурдан 30 минутанд л уг найраглалаа бичсэн. Хожим нь С.Удвал гуай чиний “Ерэн баатрын дууль”-ийг уншаад нулимс гарсан шүү гэж билээ.
.
-Таны зохиосон “Арав дахь хавраа үдье”, “Торгон хилийн зүг”, “Миний нутгийн бараа” гээд олон сайхан дуунууд одоо ч дуулагдсаар байгаа. Дууны талаар бодлоо хуваалцаач?
-Дуунд миний сэтгэл шингэсэн. Хөгжмийн зохиолч, дуучин хоёргүйгээр дууны тухай ярих ч хэрэггүй. Үг, ая сайн болсон байхад ямар дуучин хэрхэн дуулахаас их зүйл шалтгаална даа.
.
-Ер нь та ямар улиралд илүү их шүлэг бичдэг вэ?
-Өвөл. Би хавар сэрж, намар гунигладаг. Өвөл цонхны цаана цас орж шуурга манарч байхад эрчимтэй бичдэг. Ер нь би сэтгэлийн хоёр туйл дээр шүлэг бичдэг. Алтан дундажаас олигтой шүлэг төрөхгүй. Яруу найраг гэдэг зүрхнээс зүрхэнд хүрдэг болохоор хүний сэтгэлд хүртэл бичихийг л эрмэлздэг дээ.
.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ