П.Алтангэрэлийг зуун хувь дэмжиж, томиллоо
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар тус байнгын хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь АН-ын бүлгээс тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн П.Алтангэрэлийг нэр дэвшүүлж дэмжсэн байсан юм. Тэгвэл гишүүд нэр дэвшигчээс асуулт асуусангүй, харин Ц.Цэнгэл, Д.Энхбат нарын гишүүд санал хэлж байв. Тэд Байнгын хороодын ажлын ачаалал харилцан адилгүй байдаг. Ачаалал ихтэй байнгын хороодын хуралдааны цаг хугацааг тавиу өгч аль болох цоорхойгүй хууль гаргахад анхаарах хэрэгтэйг бодох цаг болсон.
Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг яагаад байнгын хорооны гишүүд өөрсдөө шийдэж чадахгүй энэ эрхийг намд шилжүүлээд байгаа юм бэ. Цаашдаа ийм тогтолцоо байж болохгүй. Бид дундаасаа ажлаа мэддэг, нэр хүндтэй, мэргэжлийн хүнийг сонгох ёстой. Цаашид байнгын хорооны гишүүд өөрсдийн дундаас байнгын хорооны даргад нэр дэвшүүлж, ардчилсан зарчмаар нууц санал хураалт явуулан сонгодог байх нь зүйтэй гэж байр сууриа илэрхийлж байв. Улмаар санал хураалт явуулахад Пүрэвийн Алтангэрэлийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх саналыг хуралдаанд оролцсон гишүүд зуун хувь дэмжлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ