Ш.Батхүү: Төр арилгасан сонгино шиг банк авч байгаа
Монгол Улсын хэмжээнд 503 салбартай “Хадгаламж” банкийг төрийн өмчит Төрийн банкинд шилжүүлэн нэгтгэх шийдвэр гарч, өчигдрөөс нэгдэх үйл явц албан ёсоор хэрэгжиж эхэлсэн юм. Харин “Хадгаламж” банкны 100 хувь хөрөнгө оруулагч “Жаст” группын ерөнхий захирал Ш.Батхүүгийн талаар элдэв мэдээлэл хэвлэлүүдээр гарч байгаа. Тэгвэл “Жаст” группын ерөнхий захирал Ш.Батхүү өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд олны анхаарлыг татаж байгаа асуудлуудад албан ёсоор тайлбар өгсөн юм.
.
Тэрбээр "Бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн та бүхэнд талархалаа илэрхийлье. Өнөөдөр энд хэвлэл мэдээллийнхнийг цуглуулсан гол шалтгаан бол сүүлийн үед өрнөж байгаа манай компани, манай банк, миний талаар гарч байгаа мэдээллүүдэд тодорхой тайлбар өгөх зорилготой. Эхлээд энэ болж байгаа үйл явдлуудад тайлбар хийе гэж бодож байна. Дараа нь та бүхний сонирхсон бүх асуултад хариулт өгнө" гээд дараахь тайлбарыг хийлээ.
.
-Өнгөрсөн хэд хоногт манай группын харъяалалд байсан “Хадгаламж” банкны талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр төрөл бүрийн яриа, мэдээлэл явлаа. Бидний хувьд энэ асуудалд маш хариуцлагатай, хүлээцтэй хандсан. Өчигдөр “Хадгаламж” банкны балансыг Төрийн банкинд нэгтгэж дууссан тул одоо харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашигт ямарваа нэгэн хүндрэл үүсэхгүй гэдэг нь баталгаажсан учраас болж байгаа үйл явдалд тайлбар өгье гэж бодсон юм. Төрийн банктай нэгдсэн үйл явцтай холбогдуулаад дутуу ойлголттой, санаатай, санаандгүй янз бүрийн гуйвуулсан мэдээллүүд яваад байна. Энэ бүхэнд тайлбар өгөх гэж байна.
.
-Юуны өмнө Хадгаламж банк ямар байж байгаад Төрийн банкинд хүлээлгэж өгч байгааг тодруулах нь зүйтэй. Та бүхэн мэдэж байгаа Хадгаламж банк бол хамгийн сүүлд хувьчлагдсан төрийн банк. Энэ хувьчлалд Оросын компаниуд оролцож анх авсан. Энэ компаниуд авсны дараагаар байдал хүндэрсэн. Асуудал юунаас эхэлсэн гэхээр тус банкны ажилчид банкнаасаа 14 тэрбум төгрөг /н.Чимэдцэрэнгийн хэрэг/ хулгайлсан хэрэг гарсан. Үүнээс үүдэн хувьчилсан Төрийн өмчийн хороо, хувьчилж авсан Оросын компаниудын дунд маргаан дэгдэж, үйл ажиллагаа нь зогсонги байдалтайгаар хоёр жил болсон. 2008 оны сүүлээр Хадгаламж банкийг аваачээ гэсэн санал манайд ирсэн. Тухайн үед “Хадгаламж” банк ямар байдалтай байсан гэхээр 80 тэрбум төгрөгийн активтай байсан. Бид 2009 оны гуравдугаар сарын 31-нд Хадгаламж банкийг авсан. Дөрөвдүгээр сарын 2-ноос Монголбанкны шалгалт хийхэд Хадгаламж банк тухайн үед өөрийн хөрөнгөгүй байсан. Нэг ёсондоо Хадгаламж банк тухайн үед 40 салбартай, 200 ажиллагсадтай. Салбар гэдэг нь орчин үеийн ойлголтоор биш байрны нэг давхарт байрласан, орон сууцны мөнгө хурааж авдаг касс л байсан.
.
Бид энэ банкийг аваад 2009 оны эцэс гэхэд 200 тэрбум төгрөгийн активтай болгож, “Жаст” группийн зүгээс 33 тэрбум төгрөг дүрмийн санд нь хийсэн. Банкны үзүүлэлтүүдийг хангасан их сайн банк болгосон. Үүний дараагаар 2010 гуравдугаар сарын 26-нд “Монгол шуудан” банкийг авсан. Энэ банк тухайн үед жинхэнэ утгаараа хүндрэлд орсон, дампуурлын ирмэг дээр байсан. Тооны хувьд ямар байсныг цөөхөн баримтаар хэлье. Хадгаламж банкинд 170 тэрбум төгрөгийн актив ирсэн. Үүнээс 90 тэрбум төгрөгийн актив нь чанаргүй зээл байсан. Ингээд Хадгаламж, Монгол шуудан банкийг нэгтгэхэд 360 тэрбум төгрөгийн активтай боловч 170 тэрбум буюу 60 хувь нь чанаргүй актив. Хадгаламж банкны гараа ингэж л эхэлсэн. Хэрэв энэ хоёр банкийг тухайн үед манайх авч дүрмийн санг нэмээгүй байсан бол 300 тэрбум төгрөгийн хадгаламж эзэмшигч, харилцагчдын мөнгө эрсдэлд орж, энэ ачаа улсын нуруун дээр ирэх байсан.
.
Тэгэхдээ 300 тэрбум төгрөгийн энэ ачааг үүрсэн “Жаст” групп улсаас нэг ч мөнгө авалгүй хөрөнгө оруулж, гараагаа эхэлсэн гэдгээ юуны өмнө цохон тэмдэглэмээр байна. Монгол шуудан банкны хувьд төлбөрийн чадваргүй, дахин ангилал хийхэд өөрийн хөрөнгө нь хасах байсан. Манай зүгээс 27 тэрбумын хөрөнгө оруулалт хийж, дүрмийн санг нь 60 тэрбум болгосон. Энэ хоёр банк ямар байдалтай үйл ажиллагаагаа эхэлснийг товч хэллээ. Түүх бол энэ. Ер нь банкин дээр байдаг нэг чухал үзүүлэлт бол өөрийн хөрөнгө. Өөрийн хөрөнгө гэдгийг энгийнээр тайлбарлавал аливаа банк хүнд 1000 төгрөг зээлдүүллээ гэхэд 140 төгрөгийг өөрийн хөрөнгөнөөс, 860 төгрөгийг нь бусад хүмүүсээс татан төвлөрүүлсэн хөрөнгөнөөс олгодог дүрэмтэй. Тэгэхээр өөрийн хөрөнгөний дутагдалд орно гэдэг нь зээл үүсгэж чадахгүй болохыг хэлж байгаа юм.
.
Ихэнх банк өөрийн хөрөнгийн хэмжээг яаж нэмдэг вэ гэхээр ашгаа өөрийн хөрөнгөдөө тооцуулаад явдаг. Ний нуугүй хэлэхэд, монголын банкны системд нийт 84 тэрбум төгрөгийг дүрмийн санд хийсэн нэг ч хөрөнгө оруулагч байхгүй. Хамгийн их хийсэн нь 10 гаруй тэрбум төгрөг л хийсэн байдаг. Манай банкны хувьд 170 тэрбум төгрөгийн алдагдлыг үүрсэн, дээрээс нь маш их чанаргүй активтай үйл ажиллагаагаа эхэлсэн болохоор байнга алдагдалтай явж эхэлсэн. Сая Монголбанкнаас өгсөн мэдээгээр манай банкны төлбөрийн чадвар 2011 оноос муудсан гэж байна. Би бодохдоо шинэ хүмүүс ажилд ороод өмнөх зүйлээ сайн мэдэхгүй байсан гэж ойлгосон. Хоёр банк нэгдээд, энэ хоёр банкийг эрүүлжүүлэх ажлыг Хадгаламж банк хийж ирсэн. Тэрнээс биш хэвлэлүүдээр гараад байгаа шиг үнэхээр сайхан, үнэтэй цэнэтэй банкийг хямдхан авчихаад Жаст групп өөртөө баахан зээл аваад дампууруулчихсан асуудал ерөөсөө байхгүй. Нэгдүгээр асуудал маань энэ.
.
Хоёрдугаар асуудал нь Монголбанкны өнгөрсөн хугацаанд улсын нуруун дээр ачаа үүрүүлэхгүй, хувийн хэвшлийн байгууллага орж ирээд энэ банкийг эрүүлжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байхад цаг хугацааны, ангиллын дэмжлэг үзүүлсэн ийм л асуудал. Энэ хугацаанд буюу Хадгаламж банк 2009-2013 онд активын хэмжээ 12 дахин өссөн. Ер нь банк өөрийн хөрөнгөө байнга нэмэгдүүлж байх ёстой. Бидний хувьд ашгаас хийх ямар ч боломж байгаагүй, алдагдалтай байсан учраас жил болгон сан байгуулж, алдагдлыг үүрч байсан. Нөгөө талаар энэ хөрөнгөө өсгөхийн тулд хөрөнгө оруулагчийг татах байсан. Гэтэл бодит байдал дээр ийм алдагдалтай банкинд хөрөнгө оруулах компани монголоос олдоогүй. Ганц зам нь эзэн дүрмийн сандаа нэмж хөрөнгө оруулах. Ингэхдээ маш их эрсдэл үүрээд дүрмийн санг нэмснээр банкны үйл ажиллагаа өсч, харилцагчид мөнгөний эрсдэлгүй болох байсан.
.
Сая Хадгаламж банк Төрийн банкинд нэгтгэхэд манай банкийг дампуурчихлаа гэж мэдээлсэн. Би энэ талаар хариуцлагатай мэдэгдэхэд Хадгаламж банк дампуурсан гэдэг худлаа шүү. Та бүхэн мэдэж байгаа. Амьдрал дээр дампуурал гэдгийг төлбөрөө хийж чадахгүй болохыг хэлдэг. Тиймээс хэдэн тоо хэлэхэд, Хадгаламж банкны хувьд Төрийн банкинд 1.1 их наяд төгрөгийн актив шилжүүлсэн. Баланс нийлүүлэхэд 200 тэрбум төгрөг нөөцийн дансанд байсан. Салбаруудад 150 тэрбум төгрөг бэлнээр, 50 гаруй тэрбум төгрөгийн Монголбанкны болон Засгийн газрын үнэт цаас байсан. Энд хадгаламж эзэмшигч харилцагчдын мөнгө ямар ч эрсдэлгүй, эхний шаардлагаар бүх харилцагчдын төлбөрийг бүрэн хийх чадвартай байсан. Манай банкинд байсан хүндрэл бол өөрийн хөрөнгийн дутагдал гэдэг асуудал.
...
Гэхдээ энэ бүхэн өнөөдөр гэнэт гараад ирсэн асуудал биш, анх энэ банк байгуулагдсан цагаас хойш Монголбанктай Хадгаламж, Монгол шуудан банкийг эрүүлжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлсэн. Банк томроод өргөжөөд өөрийн хөрөнгийг нэмэхийн тулд дахин хөрөнгө нэмэх шаардлагатай болсон ч бидний болон миний зүгээс 84 тэрбум төгрөг хийсэн, дахин хөрөнгө оруулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Гадны хөрөнгө оруулагч олсон, уулзсан. Зөвшөөрсөн ч Монголбанкны бодлого манай бодлоготой нийцэхгүй байна гээд хүлээж аваагүй. Дотоодын хөрөнгө оруулагч олсон, ярилцсан ч Монголбанкны шалгуурыг хангаагүй. Тиймээс Монголбанктай ярьж байгаад харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг найдвартай байлгах үүднээс Төрийн банктай нэгтгэх асуудлыг ярилцсан. Би энэ шийдвэрийг хүндэтгэлтэй хүлээж авсан. Энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Төрийн банктай, Төртэй нэгтгэнэ гэдэг бол хоёр бизнесийн байгууллага хоорондоо хийж байгаа бизнесийн үйл ажиллагаа биш юм.
.
Мэдээж Монголбанк “Хадгаламж” банкийг Төрийн банк руу нэгтгэнэ гэдэг бол албадлагын арга хэмжээ авна. Монголбанк муудаа, эсвэл Монголбанк хүч хэрэглэж байгаа ч биш угаасаа хуулиндаа асуудлыг шийдэх ганц арга нь энэ. Тэр утгаараа хөтөлбөрүүдээ зогсоосон. Хөтөлбөр зогссон учраас сан байгуулсан. Тэгээд үлдсэн актив, пассиваар Төрийн банктай нэгдэж байгаа л асуудал юм. Тэрнээс биш байгууллагуудын төлбөрийг хийж чадахаа байсандаа “Хадгаламж” банк татан буугдаж, дампуурсан зүйл байхгүй.
.
Түүнчлэн хэвлэлээр “Хадгаламж” банкийг муутгаж, унагахад холбоотой этгээдийн зээл гэж яригдаад байгаа Ш.Батхүү гэж нөхөр өөрийнхөө компаниудаар 160 тэрбум төгрөгийн зээл аваад тэрнээсээ болоод дампуурсан гэсэн мэдээлэл гараад байгаа. Миний зээлсэн 160 тэрбумын муу зээл гээд байгаагийн 100 гаруй тэрбум нь 2, 3 банкийг дампууруулаад байгаа “Олон овоот” компанийн Зоос, Анод-оос шилжүүлж авчирсан зээл. Би банкнаас гадна цаанаа бизнес эрхэлдэг байсан. Засгийн газрын махны хөтөлбөр, Засгийн газрын шатахууны хөтөлбөрт манай компаниуд зээл авсан. Гэхдээ энд зарим хэвлэлд бичиж байгаа шиг нууж авсан юм байхгүй. Ярилцаад тохироод авсан зээл. Энэ зээлүүдээр хийсэн ажлууд хэрэгжээд үргэлжлээд явж байгаа. Энэ бүхнийг муу зээл гэж яриад байгаа нь ор үндэсгүй зүйл.
.
Эцэст нь дүгнэж хэлэхэд, Хадгаламж банк гэдэг өнөөдөр улсын хэмжээнд сүлжээтэй, хамгийн шилдэг менежменттэй, 3300 гаруй ажиллагсадтай, тэднийг бүгдийг нь онлайнаар холбосон, үйлчилгээний хувьд бусдаас илүү гарахгүй ч дутахааргүй, төлбөрийн бүрэн чадвартай ийм банкийг Төрийн банкинд нэгтгэж байна гэдгээ хэлмээр байна. Энэ банкийг өдий зэрэгт хүргэхэд чөмгөө дундартал ажилласан хамт олон, удирдлагын багтаа, надад итгэж хамтран ажилласанд талархлаа илэрхийлэх нь зөв гэж бодож байна. Энийг хүлээж авсан Төрийн банкныхан цаашдаа энэ сайн активыг улам хөгжүүлээд яваасай гэж хүсч байна.
.
Ер нь бол Төрийн банк монголчуудын хэлдгээр арилгасан сонгино шиг банк авч байгаа шүү. Эрсдэлтэй гэсэн бүх зээлийг үлдээсэн. Тэр үлдээсэн бүх зээлийг миний Хадгаламж банкинд оруулсан дүрмийн сангаар хаасан. Тэгэхээр гадуур яригдаад байгаа “Улс хохирчихлоо, улсын мөнгөөр аварчихлаа” гэж байгаа нь ор үндэсгүй, эсвэл юм мэдэхгүй, мэдсэн ч мэдэн будилж байгаа хүмүүсийн яриа гэж хэлмээр байна.
.
Төрийн банкинд 3-4 дахин том банк очиж байна. Энд 600 гаруй тэрбум төгрөгийн цоо эрүүл зээл очиж байгаа. Түрүүн би хэлсэн. Манай банк Төрийн банкнаас том учраас энэ эрүүл зээл очихоор 14 хувийг өөрийн хөрөнгөөр хангах үүрэгтэй. Тийм болохоор Төрийн банкны хувь нийлүүлэгч Засгийн газар өөрийн хөрөнгө гэж яриад байгаа болохоор ямарваа нэгэн надтай холбоотой зээлийг хаасан асуудал байхгүй.
.
Энэ хоёр банкийг аваад өөд нь татахын тулд дүрмийн санд нь 84 тэрбум төгрөг хийж, жил бүр алдагдлыг нөхөхийн тулд 40-өөд тэрбум төгрөгийн алдагдлыг хаасан. Банк худалдаж авахад мэдээж бизнес хийж байгаа болохоор улс шиг албадан аваагүй. Зарж байгаа хүмүүстээ мөнгө төлсөн. Банкны бизнес маань ашиг олохгүй байсан тул Стандарт банкнаас авсан зээлнийхээ 97 сая ам.долларыг банкийг босгох, дүрмийн санг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь явуулахад зарцуулсан гэдгээ хэлмээр байна.
.
Мөн нэг мэдэгдэл хийхэд өчигдрөөс эхлэн би бизнесмэн биш болсон. Та бүхэн шиг жирийн иргэн болсон. “Хадгаламж” банкаа Төрийн банкинд тушаачихлаа. “Жаст Ойл” компаниа “Магнай Трейд” компанид банкны зээл төлүүлэх нөхцөлтэйгээр өгчихсөн. “Жаст Агро” компаниа татан буулгаад 11 үйлдвэрийг нь Хадгаламж банкны гүйцэтгэл хангуулах үүрэгт нь өгчихлөө. “Олон овоот” компаниа хамтрагч байсан н.Алтан захиралдаа хүлээлгээд өгчихлөө. Ер нь би 1991 оноос хойш бизнес хийж байгаа. Энэ хугацаанд би өдөрт 12-14 цаг ажиллаж байсан. Манай компаниудад нийт 5000 гаруй хүн ажиллаж байсан. Энэ хүмүүсийн өмнөөс цаг тутамд байнга хариуцлага үүрч байсан. Тэгээд өнөөдрөөс ачаалал багассаныг мэдэрч байна. Би “Жаст” группын ерөнхий захирал Ш.Батхүү Хадгаламж банкийг дампууруулаад улс орон, харилцагчдыг хохироогоогүй. Энэ бол юм мэдэхгүй болон өөр хэн нэгний санаатай үг хэл гэж бодож байна гэдгээ дахин хэлмээр байна" гэлээ.
.
“Стандарт” банкнаас авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй нь үнэн
.
Ш.Батхүү дээрх тайлбарыг хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
.
-Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж Стандарт банкнаас зээл авсан. Тэрхүү зээлийг ТӨХ-ны дарга Д.Сугар, Эрдэнэт үйлдвэрийн дарга Ч.Ганзориг нар батлан даалт гаргаад мөнгө зээлсэн энэ талаар ямар тайлбар өгөх вэ? -Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж авсан нь үнэн. Эхний шатны 20 сая ам.долларын зээлийг л авсан. Тэрхүү зээлээ би төлж дуусгасан. Би 1997 оноос хойш Эрдэнэт үйлдвэртэй хамтарч ажиллаж ирсэн. Эрдэнэт үйлдвэрт шатахуун нийлүүлдэг, цахилгааныг нь хааж өгдөг гээд маш олон үйлчилгээ хийж өгсөн. Эрдэнэт үйлдвэр хамтарч ажиллаж байсны хувьд надад баталгаа гаргаж өгсөн. Гэхдээ энэ зээлээ төлж дуусгасан, ямар ч асуудалгүй. Сүүлд авсан зээл нь 100 хувь манай компанийн баталгаатай миний авсан зээл.
.
-Баталгааг гаргаж өгөхөд эдгээр хүмүүс хэрхэн оролцсон бэ? -“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж зээл авахад, хувь нийлүүлэгч оросын талаас хуулийн хүрээнд баталгаа гаргаж болно гэж зөвшөөрсөн. Энэ дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар нар гарын үсэг зурж оролцсон асуудал бий. Энэ зээлээ төлчихсөн. Дахин “Стандарт” банкнаас зээл авахад “Эрдэнэт” үйлдвэр хамаагүй. Харин зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн асуудал бий. Энэ зээлийнхээ ихэнхийг би “Хадгаламж” банкинд нийлүүлсэн тал бий. Мөн “Олон овоот” төсөлд зарцуулсан тал бий.
.
-Олон овоотын ордын талаар тодруулаач? -Анх Ашигт малтмалын газраас бидэнд ашигт малтмалын А лиценз дээр 18.5 тоннны нөөцтэй ордыг өгсөн. Би тэр үед Ц.Мянганбаяр захирлаас “Гэрээ хийгдчихлээ, Би авчихлаа. Чи надад гэрээн дээрээ 25 тонн байгаа гэсэн баталгаа гаргаж өгчихлөө. Гэхдээ чи надад адилхан бизнесмэн хүний хувьд, үеийн залуучууд байна үнэнийг хэлээрэй. Энэ алт нь үнэхээр байгаа юу" гэж асуусан. Хариуд нь "Надад итгэж болноо" гэж хэлсэн. Бид хоёр жил газар ухсан. Их ч хөрөнгө зарцууллаа. Бараг үртэс ч гарсангүй. Бид хөндлөнгийн хараат бус байгууллагаар нэлээдгүй хөрөнгө гаргаж дүгнэлт хийлгүүллээ. Уг дүгнэлтээр тэнд үсрээд 2-3 тонн алт байна гэсэн. Тэгэхээр үүнтэй холбоотой том асуудал яригдах байх.
.
Хууль хяналтын байгууллагаас яахаараа улсын фондод бүртгэгдсэн ашигт малтмал бүхий газрын нөөц нь өм цөм дутсан нь ямар учиртай гэж асуудал үүснэ. Би одоо 2012 оны тайлангаар Олон овоотоос 97 тэрбумын алдагдал хүлээсэн. Миний энэ хэлж байгаа тоог батлахыг хүсвэл холбогдох албадаас тодруулж болно. Ер нь миний алдаа бол “Монгол газар”-тай холбогдсон явдал гэж болно. Олон овоотоос дээр дурьдсан 2-3 тонн алтыг гаргахаар олборлолт хийвэл ашгаасаа илүү зарлага гарахаар байгаа. Хэрвээ Олон овоотоос тооцоолж байснаар алт гарсан бол бүх зээлээ төлчих байсан.
.
-Та өөрт үлдсэн өрөө яаж дарах вэ. Нэг талаар улс таны өмчийг албадан хураагаад авчихаж байна. Та дэндүү хүлцэнгүй байгаа юм биш үү?
-Амьд хүн аргатай гэдэг би ямар ч байсан өрөө төлнө. Магадгүй Хадгаламж банкийг өөртөө нэгтгэсэн Төрийн банк хэдэн жилийн дараа хувьчлагдах болбол би авна гээд явж байж ч болно. Нөгөө талаар улс миний юмыг авчихлаа гээд тэмцэж болно. Би тэмцлээ гэхэд манай 2.7 сая харилцагч, хэдэн зуун мянган хадгаламж эзэмшигч хохирох гээд байсан. Хүлцэнгүй байлаа гээд яахав нийтийн эрх ашиг гэж нэг юм байгаа. Энэ олон өдрүүдэд шуугилаа.
.
Бид хүлээцтэй хандлаа. Би энэ ухамсарт амьдралынхаа туршид хариуцлага, тэр тусмаа бусдын өмнөөс хариуцлага хүлээж амьдарсан. Тиймээс банкныхаа ажилтнууд, харилцагч нарын өмнөөс хариуцлага хүлээсэн. Энэ хүмүүс дампуурчаад өдөр шөнөгүй харааж, шууд тамын тогоонд амьдрах сонирхол алга. Ер нь хүн өөрийнхөө хамгийн нандин хадгаламж, ирээдүйд үр хүүхдийнхээ сургалтад, ядарсан үедээ хэрэглэх гэсэн мөнгөө итгээд банкинд хадгалж байгаа болохоор үнэхээр хариуцлагатай байх байгууллага. Тийм болохоор хүмүүсийн итгэлийг алдаж болохгүй. Мөн намайг одоогоор хуулийн байгууллагынхан шалгаагүй байгаа. Харин гадаадын улс орон руу явах эрхийг л хассан.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ