П.Бадарч:Хайрласан сэтгэлээрээ бичсэн шүлгүүд хамгийн сайхан

img

Миний эх орон Есөн эрдэнийн орон хэмээн дэлхийн утга зохиолын ертөнцөд эх орноо, эгэл ард түмнээ мөнхөлсөн СГЗүтгэлтэн П.Бадарч гуайтай уулзаж ярилцсанаа хүргэж байна.

.

-“Гэгээн орчлонгийн шөнө”, “Намрын шөнө гэргийгээсээ хол, уулын  шөнө урт юм билээ”, “Загал”, “Намрын эгшиг” зэрэг олон сайхан шүлгийнхээ тухай хуучлаач?

-Хайрласан сэтгэлээрээ бичсэн шүлгүүд минь л хамгийн сайхан болсон шиг санагддаг. Сэтгэл минь унаж хэн нэгнийг зүрхээ шимширтэл санаж мөрөөдсөн, эсхүл дурссан шүлгүүддээ би хайртай. Дээрх нэр бүхий шүлгүүд ийм л өнгө аястай.

.

-Та “Тэмээ” шүлгээрээ  “Болор цом” авч байсан. Адуу нь илүү сайн шүлэг шиг санагддаг. Таны бодлоор?

-Тийм ээ. “Адуу” сайн.Тэмээ шүлгийн хувьд санаагаа бүрэн гаргаж чадаагүй.

.

-Өнөөгийн яруу найраг ямар түвшинд явна?

-Өндөр байлгүй яахав. Яруу найраг өргөн олны сонирхлыг их татаж сүүлийн үед бөхийн хорхойтнуудаас дутахгүй яруу найрагт шунан дурладаг уншигч олон болж. Энэ нь уулзалт, цуглаан,ярилцлага,сонин хэвлэл, хүмүүсийн ярианаас мэдэгдэнэ. Сэтгэлийг татах өндар түвшинд яруу найраг байгаагүй бол ингэж чадахгүй.

.

-Яруу найргийн хэмжүүр хэцүү юу?

-Харамсалтай нь хэцүү юм.  Ямар ч гэсэн үзэгчид бөх үздэг шигээ яруу найргийг шүүж болохгүй.

.

-Оюун, сэтгэлийн хөдөлмөрийн хэмжүүр өөр гэж хэлэх гээд байна уу Та?

-Яг тийм.

.

-Дэлхийн сонгодог яруу найргаас өөрийнхөө  хамгийн дуртай нэг бадгийг хэлээч?

-Нарс гэдэг модоор

Наадмыг сийлсэн аав минь

Намрын шөнийн хүйтэнд

Намайг хөхүүлсэн ээж минь

.

-Их сайхан шүү. Энэ дууны үгийг сонсохоор сэтгэл аяндаа л хөглөгдөөд их гоё болдог. Та яагаад энэ ардын дууны шүлгийг хэлэв?

-Бага байхад дэлгүүрээс худалдаж авах резенин тоглоом ч үгүй, аав минь хуруугаа эсгэх шахам мод зорж хүүдээ тоглоом хийж өгдөг байсан юм. Энэ дуунаас цоорхой гэрийн хүйтнээс айлгүй, өвлийн шөнө хүүгээ хөхүүлсэн муу ээж минь харагдах шиг болдог. Миний үеийнхний бага нас энэ шүлэгт шингэсэн болохоор хэлсэн юм шүү дээ.

.

-Таны амьдралын аз жаргалтай үе?

-Өө зөндөө. Анхны шүлэг хэвлэгдсэн өдөр

.

-Багшийнхаа тухай яриач?

-Багш нарын хувьд би азтай хүн. Муу багш нэг ч тааралдаагүй. Цөмөөрөө л хүний дээд хүмүүс.Р.Ядам, Д.Чимэд, н.Самдан, Б.Даваасүрэн нар бага, дунд сургуулийн багш. Б.Явуухулан, Ч.Лхамсүрэн, С.Эрдэнэ нар яруу найргийн минь багш. Тэднийгээ би насан туршдаа хайрлан хүндлэх болно.

.

-Та С.Эрдэнэ багштайгаа их адилхан харагддаг? -/Инээв/ Бид хоёр 1959 онд бараа бараагаа харалцсан. Багш маань Хэнтий аймгийн хүн. Аав минь бас Хэнтийнх. Намайг уран зохиолын амьдралд хөлөө олоход тусласан хүн бол Ардын уран зохиолч, Төрийн шагналт С.Эрдэнэ багш минь юм шүү дээ. Багш маань Монголын уран зохиолд, үргэлжилсэн үгийн шинэчлэл хийсэн сод авьяастан байлаа. Түүнээс гадна оюуны их соёлоороо эргэн тойрондоо гэрэл цацруулсан соён гэгээрүүлэгч байсан. Би нэг өдөр хичээлээ тараад харьж явтал С.Эрдэнэ зохиолч цав цагаан цувтай, ганган бүрх малгай тавьчихсан таяг тулчихсан өмнөөс ирж явна. Их эмч хүн болоод ч тэр үү их цэвэрч нямбай. Сэлбэ голын гүүрэн дээгүүр байх нарийн төмөр зам гэгддэг гүүрэн дээр би зогссоор өнгөрөөж билээ. "Энэ хүн шиг л ганган зохиолч болох юм шүү" гэсэн бодол төрсөнсөн. Тэгснээ таяг тулж яваад нь бага зэрэг гайхшрал төрж, "гангараа юм байлгүй дээ". Түүнээс биш залуу хүн хаанаас таягтай явах билээ гэж бодож билээ. Гэтэл багш тэр үед өөрийнх нь хожим бичсэнээр хөлийн мэдрэлийн гол судас анатомиор буюу "ишниос" гэдэг судас нь үрэвсээд доголж байсан юм билээ. Миний гангараа гэж ойлгодог нь бас буруугүй. А.Толстойн "Зовлон туулсан нь" романаас нэг тийм бүрхтэй таягтай тайж бил үү, язгуурт сэхээтний дүрийг уншиж байсан минь санаанд буусан юм. Түүнтэйгээ л жишиж таамагласан хэрэг. Монголын утга зохиолд Д.Равжаа хутагт, С.Эрдэнэ л салхины өнгийг нүдэнд харагдтал, сэтгэлд шигдтэл үгээр зурсан юм. Би Хөвсгөлд багштай явж байгаад "Алтан хараацай" гэдэг дуунд "Алтан хараацай тэнгэр шүргээд өнгөрлөө" гэж гарах юм. Мөн гоё хэлжээ. Гэтэл багш өөдөөс нэг том харснаа "түй" гэж уулга алдсансан. Тэгээд энгэр шүргээд гэвэл илүү гоё бацаан минь" гэж билээ. Багш маань ийм л өчүүхэн юмыг урнаар сэтгэгч байсан даа. Багш маань насныхаа сүүлийн жилүүдэд шашны соёлын талаар ихээхэн сэтгэл зүтгэл гаргаж, төрөлх нутгийнхаа Сэрүүн дуганыг сэргээн гол шүтээнийг нь Гурудева ринбүүчийгээр шүншиглүүлэн залсан. Мөн Төвхөн хийд, Гүнжидийн сүмээр аялж, засч, сэргээхэд нь ихээхэн анхаарсан. Намайг 1996 онд Амарбаясгалант хийдэд очиход багш маань хань Цэрэндэжидтэйгээ Да ламын урилгаар оччихсон хийдийн түүх бичиж байсан даа.

.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

91155516:
ээжийн тухай ердөө 3н шүлэг бичсэн энэ агуу өвгөн найрагчаас адис авах шиг л боллоо.
2014-02-14
91155516:
мэдээж ардын уран зохиолч гэдэг цолтой энэ агуу бууралдаа урт нас удаан жаргалыг ерөөе дөө эхийн бодл сонсохоор нулимс гарах гэж байна лээ би ч гэсэн ээждээ хайртай гэж хааяа л хэлдэг одоо харамгүй байнга хэлж байх юм шүү.
2014-02-14
99945545:
Сэлэнгэ аймгийн Ээж мод-Улан-Удэ хот-Итгэлт хамба-Байгал далайн 5 өдрийн аялалд урьж байна. 640000 төг бүх зардал.Аяны их зам ХХК 9994-5545 8812-9345 9661-5545
2013-07-25
urt nas:
buural nairagch maani urt nasal
2013-07-25