Марио Балотелли: Тэгэхэд би дотроо инээж байсан

img

Марио Балотелли хэмээх нэрийг хөлбөмбөгийн ертөнц хэдэн жилийн өмнө анх дуулсан. Яахаараа хар арьстай хүн ийм багаасаа Италийн иргэн болчихдог билээ ч гэж хүмүүс гайхаж үзсэн. Балотелли гарвал нь гана залуу. Тэр багадаа аав ээждээ эрхэлж, тарвалзаж чадаагүй гэдэг. Учир нь ходоодны өвчтэй төржээ. Тиймээс хүнд хагалгаа хийлгэсэн байна. Гурван настайд нь түүнийг Франческо, Сильвиа Балотелли хэмээх итали хосод өргүүлжээ. Тэд Марио хэмээх нэр хайрлаж, өөрийн хүү шигээ өсгөсөн юм. Ингэж л хархүү Италийн иргэн болсон хэрэг.

Англид ирсэнээр тэр хэвлэлийн амттай бай болсон юм. Де Йонгтой зодолдож, багийн удирдлагатай байн байн муудалцах Марио авгай хүүхний асуудалд орооцолдох дуртай англи оддын тухай бичдэг шар мэдээний буланд байнга зочлох боллоо. Марио сэтгүүлчдэд тун дургүй. Үүнийгээ ч нуудаггүй. “Эгч бид хоёр муудалцахаар би түүнд “Би чамтай нэг ч үг дуугарахгүй. Би чамайг сэтгүүлч гэж бодлоо” хэмээн хэлдэг” гэж ний нуугүй ярьсан удаатай.

Сэтгүүлчдээс гадна арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчид түүний дургүйцлийг ихэд хүргэдэг. Италийн “Ювентус”-ын хөгжөөн дэмжигчид түүнийг үргэлж хар, бараанаар нь дуудаж, доромжилдог байжээ.

Түүний “Манчестер Сити”-д ирсэн нь Роберто Манчинитэй шууд хамаатай. “Би дөнгөж 17-той хүү байсан. Роберто Манчини намайг их хөлбөмбөгт оруулсан” гэж Марио ярьдаг. Өөрөөр хэлбэл, тэр Манчинигийн ачийг хариулах хүсэлдээ автан, бас багагүй мөнгөнд урхидуулан Англид ирсэн юм. “Энд хэр удахаа хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан би хийсэн гэрээгээ хүндэлнэ. Цом хүртэж, аварга болохын төлөө зүтгэнэ. Манай багт энэ зорилгод хүргэж чадах тоглогчид бий” гэж тэр ярьжээ.

Харин үзэгчид рүү харж огт инээдэггүй, хөмхийгөө зууж явдаг нь хөгжөөн дэмжигчдийн хайрыг булаахад төвөг уддаг нь үнэн. Сүүлд тэр хет-трик хийснийхээ дараа ч инээгээгүй билээ. Гэхдээ энэ тухайгаа “Би намайг дэмжиж байгааг мэдэрч, миний тухай дуулж буйг сонссон. Тэр орой би гурван гоол хийсэн. Дотор маань үнэхээр сайхан байлаа. Би хэзээ ч хөгжөөн дэмжигчид рүү инээдэггүй. Гэхдээ тэгэхэд дотроо тэдэн рүү инээмсэглэж байсан”  гэж ярьжээ.

Тэр одоо дөнгөж 20 настай. Сарын өмнө Европын шилдэг залуу хөлбөмбөгчний шагнал хүртэх үедээ Уилширийг огт танихгүй гэдгээ хэлсэнээр бөөн дуулиан тарьсан. “Хэн гэнэ ээ? Уил? Үгүй ээ, би тийм хүн танихгүй юм байна. Дараа “Арсенал”-ын эсрэг тоглохдоо сайн харж авья. Магадгүй би түүнд шагналаа үзүүлж, энийг би авсан юм шүү гэдгээ харуулах боломж олдох ч юм билүү” гэж тэр хэлсэн тухай хэвлэлээр бичигдсэн. Харин итали залуу энэ үгэндээ ийм залруулга хийжээ “Намайг сайн анхааралтай сонс л доо. Уилширийн тухай асуулт тавихад би үнэхээр түүнийг таньдаггүй байлаа. Гэтэл хэвлэлээр үгийг маань баахан мушгиад биччихсэн. Харин би түүний “Челси”-гийн эсрэг тоглохыг саяхан харсан. Тэр их сайн тоглогч. “Буучид” энэ жил аварга болох магадлал багагүй бий” хэмээн ярьжээ.

Мариогийн тухай “Челси”-гийн дасгалжуулагч Карло Анчелотти “Тэр үнэхээр Европын шилдэг залуу хөлбөмбөгчдийн нэг. Премьер лигт амжилттай тоглох ч боломжтой. Хамгийн гол нь хэрхэн төлөвшихөөс нь бүх зүйл хамаарна. Хэрвээ долоо хоног бүр тоглоод байж чадвал лигийн шилдэг тоглогчдын тоонд багтана” гэжээ.

Харин Роберто Манчини “Тэр маш их нөөцтэй тоглогч. Тэр авьяас чадвараа нээж, бүрэн гаргаж чадвал ямар ч тоглолтын хувь заяаг эргүүлнэ. Би бурхнаас заяасан өдөр бүр Мариотой тэмцдэг. Заримдаа бүр сайн цохиод авмаар санагддаг” гэжээ.

Тэр шинэхэн Audi R8-аараа нэгэн BMW-тэй мөргөлдчихөөд өөрийгөө огт буруутгахыг хүсээгүй гэдэг. Түүний бодлоор бол энэ хэрэгт Италид байгаа аав, ээж нь буруутай аж. “Англид ирэх болсныг минь дуулсан даруйдаа ээж надад “Баруун талдаа жолоотой машин аваарай” гэж захисан. Дараа нь аав бас тэгж хэлсэн. Тэгээд би тэдний хэлсэнээр л баруун талтай жолоотойг авсан. Баруун талтай жолоотой машин барьж сурах гэж байгаад л тэр машиныг мөргөчихсөн юм” хэмээн өөрийгөө зөвтгөжээ.

Манчинигийн хүү Андреатай Марио үй зайгүй нөхөрлөдөг гэдэг. Хэвлэлээр түүнийг ихэд муулж бичдэг ч Манчестер дахь гэрийнх нь цэвэрлэгч их сайн залуу гэж магтжээ. “Тэр их сайн залуу. Бидэнтэй их элэгсэг харьцдаг. Өмсгөл дээр нь гарын үсгээ зуруулья гэхэд уриалгахан аргагүй зөвшөөрсөн” гэж цэвэрлэгч Фостер ярьсан байна.

Тэр нэг сэтгүүлчдэд ярилцлага өгч байхдаа “Би англиар муугүй ярьдаг. Гэхдээ сайжруулах хэрэгтэй байгаа л даа” гэж италиар их цэвэрхэн хэлжээ. -    Тэгвэл яагаад та италиар ярилцлагаа авч байгаа билээ? -    Та л өөрөө италиар эхэлсэн шүү дээ гэж хариулжээ.

Ийм нэгэн хар арьстай, итали үнэмлэхтэй залуу Англид дөнгөж ирчихээд хөгжөөн дэмжигчдийн өмнөөс огт инээмсэглэхгүй өмнөх гэрээндээ үнэнч хэвээр “ажлаа” хийсээр явна.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ