Н.Номун-Эрдэнэ: Худал мэдээлэлд автан Шведэд ирэх хүмүүс нэмэгдсэн

.
.
Худал мэдээлэлд автан Шведэд ирэх хүмүүс нэмэгдсэн
.
-Сайн байна уу? Та юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн байна уу. Би Швед улсаас бичиж байна. Европ тивд амьдарч байгаа монголчуудын асуудлаар онлайн ярилцлага хийхийг хүссэн юм аа. Би Европ дахь монголчуудын нийгэмлэгийг давхар удирддаг. Анхаармаар зүйлүүд бас санал хэлэхийг хүслээ. Намайг Н.Номун-Эрдэнэ гэдэг. Швед улсад удаан хугацаагаар оршин суух эрхтэйгээр амьдраад есөн жил болох гэж байна. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Би Швед дэх монголчуудын үндэсний холбоо, Европ монголын нийгэмлэгийн тэргүүн гэх олон нийтийн ажил давхар хийдэг юм. Манай нийгэмлэгт европын улсуудад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын холбоо, соёлын төв, зарим спортын холбоод нэгддэг. Миний энэ удаагийн хэлэхийг хүссэн зүйл маань Шведэд цагаачлана хэмээн гэр бүлээрээ ирж байгаа монголчуудын талаар мэдээлэл юм. Наашаа битгий ир гэж хэлэх гэсэн үг биш л дээ. Гэхдээ Швед улсад ажиллаж, амьдраxаар ирэx гэж байгаа Монголчууддаа санамж зөвлөгөө өгөx нь зүйтэй болов уу гэж бодож байна. Монголчууд маань аxуй амъдралаа сайжруулаx, газар үзэж, гадны соёлтой танилцаx зорилгоор гадагшаа яваx xүсэл эрмэлзэлтэй байдгийг буруутгаxын аргагүй. Гэвч Монголоос виз гаргуулж ирсэн xүмүүс маань олон сая төгрөгөөр xудал xуурмаг мэдээлэлд автан ирж байгаа тоxиолдол цөөнгүй байна.
.
-Тухайлбал?
-Швед Улсад цагаачлалын албанд бүртгүүлж болох боловч Монгол Улс өөрөө цагаачлах шалтгаантай улсуудын тоонд багтдаггүй. Ихэвчлэн 3-4 сар болоод л олны хэлж заншсанаар харлах байдалд ордог. Энэ хугацаанд зарим нэг нь ажлаа олж чадвал ажлын гэрээ рүү орох боломж бас бий. Хараад байхад тийм тохиолдол нь маш их хэцүү. Швед улсад хараар байхад хуулийн байгууллагын хяналт шалгалт харьцангүй зөөлөн гэж хэлж болно. Харласан иргэдийн хувьд орон байр хүүхдийн сургууль цэцэрлэг гэсэн бэрхшээл учирдаг. Сүүлийн үед ингэж гэр бүлээрээ ирж байгаа иргэдийн хувьд байр сууц авах асуудал улам муудаад байгаа. Ялангуяа харласан хүмүүсийн хувьд байнгын ажил олдох нь жил ирэх тусам муудаж байгаа ч ажлын гэрээ хийх замаар хууль ёсны болсон монголчууд ч байна.
.
-Тэгвэл монголчууд Шведэд очсон л байхад болно гэсэн ойлголттой байгаа юм байна тийм үү?
-Миний хувьд гол нь монголчууддаа зөвлөгөө өгөх зорилго агуулж байгаа гэдгийг ойлгох биз ээ. Яахав ах эгч, дүү нар нь байр сууриа олсон хүмүүсийн хувьд байдал харьцангүй гайгүй л дээ.
.
Швед рүү ирэхэд нэг хүний 5000 ам.доллар
.
-Таны судалгаагаар Шведэд ер нь хичнээн монгол иргэн байгаа вэ?
-Албан бус тоогоор 5000 мянга орчим монгол хүн амьдардаг гэдэг. Хамгийн гол нь гэр бүлээрээ байр орон сууцаа зараад, ажил төрлөө орхиод олон сая төгрөгийг зарцуулж ирчихээд хааяа нэг цагийн ажил хийгээд яваа монголчуудаа харахад хэцүү байдаг юм.
.
-Хэдэн сая төгрөгөөр Шведэд очдог юм бол?
-Ойролцоогоор нэг хүний 5000 ам.доллар. Харин ам бүлээрээ явна гэвэл үнэ нь багасна. Тухайлбал, дөрвүүлээ бол нэг хүний 3000 ам.доллар гэж дуулсан.
.
-Шведийн виз гарахад гайгүй байдаг юм уу?
-Швед Улс нь Европын холбооны орнуудын Шингений улсын тоонд ордог. Тийм болохоор Шингенд багтдаг улсуудын визээр голдуу ирдэг. Тэгээд ирээд цагийн ажлаар ойр зуурын хэрэглээ болсон байр хоолоо л аргалдаг. Тийм болохоор Монголдоо байнгын ажил орлоготой хүмүүс гадаад гэж хошуураад дэмий дээ л гэж хэлэх гэсэн юм. Мэдээж илүү сайн сайхан амьдралтай болохыг хүн бүр хүсч мөрөөддөг.
.
-Нийгмийн амьдрал, стресс, нийслэлчүүдийн хувьд утаа гээд л манайхан эх орноосоо явахыг хүсдэг олон шалтгаан бий.
-Хэрвээ Швед рүү ирэх бол хувийн бэлтгэлтэй байх нь чухал. Жишээ нь, ойр зуурын хэрэглээний англи үг сураад ирэх хэрэгтэй. Мундаг сайн хэлтэй байх шаардлага бага, шведэд хүн болгон англи хэлтэй байдаг. За тэгээд тухайн хүний сэргэлэн зан, овсгоо самбаа чухал. Стокольм хотдоо ихэнх монголчууд маань төвлөрч голдуу зочид буудал, ресторан гээд үйлчилгээний салбарт ажиллаж байна. Монгол эзэнтэй ресторан, карго явуулах, үсчин гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10–аад аж ахуйн нэгж байна. Шведийн ресторануудад монгол тогооч нар амжилттай ажиллаж байна.
.
-Ер нь Европын холбооны улс орнуудад монголчууд хэр амьдарч байна?
-Монголчууд маань энд өөрсдийнхөө төлөө ажиллаж байна. Тэр нь олон нийтийн байгууллагууд. Тухайлбал, Швед дэх Монголчуудын үндэсний холбоо, “МGL Euro” спорт клуб, “Бид монголчууд“ урлагийн ажилтны холбоо, Монгол шагайн харвааны холбоо зэрэг олон байгууллагууд бий. Мөн 2009 оноос Элчин сайдын яамтай болсон нь маш их дэвшилт болж, монгол хүний эрх зөрчигдлөө гэхэд хамгаалах газартай болсон.
.
-Монголчууддаа яаж туслаж байна?
-Монголчуудынхаа олон талт үйл ажиллагааг дэмжиж байна.
.
-Монгол хүний эрх яаж зөрчигддөг юм бэ?
-2009 онд Шведийн цагдаа нар 40 монгол иргэнийг ямар ч буцах үнэмлэх,бичиг баримтгүйгээр нутаг буцаасан. Энэ үйлдэл нь 2-3 удаа давтагдаж, элчин сайдын яамтай болсноор таслан зогсоож, холбогдох байгууллагуудад нь буцах үнэмлэхгүйгээр нэг ч монгол хүнийг буцааж болохгүй гэсэн шаардлага тавьсан. Мөн Скандинавын орнуудаа давхар хариуцдагынхаа хувьд харилцаа ч идэвхижсэн. Одоо манай олон нийтийн байгууллагууд элчин сайдын яамтайгаа байнгын холбоотой ажилладаг.
.
Хүүхэдтэй хүн баригдвал сулласан тохиолдол бий
.
-БНСУ-д хараар ажиллаж байгаа иргэн баригдвал шууд саатуулагдан нутаг буцах тохиолдол цөөнгүй гардаг. Шведэд баригдвал бас шууд буцах уу?
-Бас ч харьцангүй энэрэнгүй улс шүү. Хүүхэдтэй хүн баригдвал сулласан тохиолдол ч бий. Яагаад гэвэл хүүхдийн эрхийг дээдэлдэг орон. Миний бодлоор Швед улс гурван зүйлийг эрхэмлэж хөгжсөн юм шиг санагддаг. Нэгд, хүүхэд. Хоёрт, эрүүл баталгаатай хүнс. Гуравт, байгаль орчноо хайрлах сэтгэл.
.
-Таны бичсэнээс харахад манай улсад хамгийн их яригддаг ч биелдэггүй зүйлс байгаа болохоор монголчууд маань сайн сайхан ирээдүйн төлөө Шведийг зорьдог бололтой.
-Тийм байх аа. Гол нь наашаа ирэх шийдвэрээ зөв гаргаарай гэж хэлэх байна. Уг нь Европт байгаа монголчууд маань нэг үеэ бодоход хамтран ажиллах арга эвээ олох алхамаа хийж байна. Түүний нэг илрэл нь Европ-Монголын нийгэмлэг хэмээх бүтэц зохион байгуулалт.
.
-Хүний газар нэрээ гэж сайхан санагдаж байна.
-Нэг жишээ дурьдахад, “Монгол орны хөгжилд” нэртэй чуулга уулзалтыг нэрлэж болно. Энэхүү чуулга уулзалтыг Британи дахь монголчууд анх есөн жилийн өмнө Лондон хотноо зохион байгуулсан бөгөөд эрдэм шинжилгээний хурал, нөгөө талаас эв нэгдлийн чуулган юм. Өнгөрсөн онд Шведэд хамтран зохион байгуулсан. Энэ онд Лондонд зохион байгуулна. Чуулганыг төрөөс тодорхой хэмжээнд дэмждэг ч цаашид тогтвортой дэмждэг байгаасай гэж боддог. Бид монголчууддаа тусалчих юмсан, эх орондоо тустай зүйл хийчих юмсан гэсэн хүмүүс л байдаг. Тиймээс боломж бололцоогоороо эх орноо сурталчилах, монгол хүүхдүүддээ хэл соёлыг нь заах гэх мэт ажлыг хийдэг.
.
Бид эх орондоо хувь нэмрээ оруулж байна
_
-Гадаадад байгаа хүүхдүүд монгол хэлээ мартах гээд байдаг даа?
-Тиймээ, Монгол хүүхдүүддээ хэл соёлыг заах гэдэг маш том асуудал. Энэ нь эргээд улс орны тусгаар тогтнолын асуудал. Тийм болохоор төр, олон нийтийн байгууллагууд хамтдаа санаа тавьж, ажиллах шаардлагатай. Манай Швед дэх монголчуудын хувьд энд амьдарч байгаа монгол хүүхдүүдийнхээ насны онцлогт тохирсон гарын авлагыг зохиосон. Үүнийгээ БШУЯ-нд илгээж, хэвлэж өгөхийг хүснэ. Дэмжинэ гэж найдаж байна. Санаачлагаараа монгол хүүхдүүддээ үнэ төлбөргүйгээр хэл соёлыг нь зааж, өгч байгаа багш ч бий.
.
-Хэрэв яам дэмжвэл бусад улс орнуудад амьдарч байгаа монгол хүүхдүүдэд ч хэрэгтэй гарын авлага бололтой. Ер нь хилийн чанадад байгаа монголчууд эх орноо гэсэн сэтгэл нь илүү сэргэдэг гэдэг дээ?
-Тийм шүү. Нутгаасаа хол яваа хүмүүст чинь нутгаа гэсэн сэтгэл байнга л эргэлдэнэ шүү дээ. Бидний хийж байгаа ажил бүхэн монголчуудаа дэмжиж, сурталчилах. Үүгээрээ л бид эх орондоо хувь нэмрээ оруулж байна.
.
Чингис гэдэг архи уучихаад шилийг нь хог руу шидчихдэг
.
-Тэгвэл нутагтаа байгаа монголчуудын эх орноо гэсэн сэтгэлийг яаж сэргээж, зөв бодолтой, нэгнийгээ хайрлаж, хүндэлдэг болгох вэ. Таны бодлоор?
-Ер нь бол улс орныхоо бодлогоо л тогтвортой болгох нь чухал шүү дээ. Шведэд Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдлөө гэхэд нийгэмд нөлөөлсөн огцом өөрчлөлт гарахгүй. Хүүхдүүддээ төрөөс мөнгө өгдөг. Тэр нь аль ч намын шоу болдоггүй. Олон жилийн турш мөрдөгдөж ирсэн хүүхдийн эрх, төрөлтийг дэмжсэн бодлого нь. Тийм болохоор улс эх орныхоо эрх ашигт нийцсэн асуудалд улстөрчид маань нэгдмэл байх хэрэгтэй юм уу гэж боддог. Дээр нь хаа хаанаа хариуцлагаа ухамсарлаж чадвал болно гэж бодож байна. Нэг жишээ хэлэх үү.
_в..
-Тэг л дээ.
-2006 онд сайд болсон нэг эмэгтэй 7 хонoод л ажлаасаа өөрөө огцорсон. Шалтгаан нь телевиз, радиогийн татвараа долоо хоног хэтрүүлж, хоцроосон гэдгийг сэтгүүлч нар ил гаргаад ирсэн. Уг нь татвараа бүрэн гүйцэт төлсөн ч хуулиа дагаж мөрдөөгүй гээд огцорсон юм. Тийм болохоор хуулиа дагаж мөрдөхгүй бол болохгүй гэдэг сэтгэхүй хүн бүрт суучихсан учраас л энэ улс хөгжөөд байна. Тэрнээс биш маш их амралтын өдрүүдтэй шүү дээ.
.
-Хариуцлага бол эх орноо гэсэн чин сэтгэлийн нэг илрэл гэж ойлголоо. Тэгвэл монголчуудаа яаж эх оронч сэтгэлгээтэй болгох вэ. Саналаа хэлээч?
-Эх орондоо хайртай болгох хүмүүжлийг бага балчир наснаас нь үндэсний бахархалуудаа мэддэг болгохоос эхлэх хэрэгтэй. Жишээ нь, эндэхийн дунд сургуулиудад “ABBA” хамтлагийн дуунуудыг маш сайн сургадаг. Яагаад гэвэл Швед улсыг дэлхийд таниулсан бахархал болсон хамтлаг гэж үздэг.
.
-Монголын хувьд юу байж болох вэ?
-Бид Чингис хаан л гээд байдаг. Гэвч гадаад хүн танай Чингис хаан чухам ямар хүн байсан, ямар гавъяа байгуулсан юм бэ гэж асуухад их ухаантай хүн байсан гэдгээс өөр хариулт өгч чадахгүй хүн ч байгаа. Тэгээд их хааныхаа нэрийг хаа сайгүй байрлуулна. Чингис гэдэг архи уучихаад шилийг нь хог руу шидчихдэг гэж гадныхан гайхаад л байдаг юм. Тэгэхээр та бид эх оронч болох уу үгүй юу. Бас нэг хэлмээр юм байна. Швед улс байгалийн баялагаар бол тааруухан. Гол нь иргэдийнхээ толгой доторх баялагыг зөв ашиглаж чадсан улс. Нийгмийн халамжийн бодлогоо зөв зохистой барьж чадаж байна.
.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ