Жудогийнхон Бакуд болох “World Masters” тэмцээнд зодоглоно

Тамирчдын хувьд өндөр хариуцлагатай жил ирлээ. Нэг жилийн дараа зуны ХХХ олимп Лондон хотноо болох гэж байна. Спортынхон энэ олимпийн эрхийн оноогоо цуглуулах томоохон тэмцээн уралдаанд хурд хүчээ сорих юм. Жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчдын оролцох 2011 оны эхний тэмцээн энэ сарын 15, 16-нд Азербайжаны нийслэл Бакуд болох юм. Энэ тэмцээнд манай улсаас 3 эмэгтэй, 6 эрэгтэй нийт 9 жудочид зодоглохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна. Тэгвэл Бакуд болох World Masters тэмцээнд дэлхийн шилдэг 16 жудочид зодоглодогоороо онцлогтой. Тэмцээнд оролцох багийн дасгалжуулагчаар Ардын багш, жудо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Насантогтох, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, МУГД Х.Болдбаатар нар явах юм байна. Харин баг тамирчдын бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдээс МУГТ Х.Цагаанбаатар, ОУХМ С.Мияарагчаа, Г.Болдбаатар, С.Ням-Очир, Б.Тэмүүлэн, Д.Төмөрхүлэг нар багтаж байгаа бол эмэгтэйчүүдээс ОУХМ М.Бундмаа, Ц.Мөнхзаяа, М.Уранцэцэг нар эх орноо төлөөлөн шилдэг жудочидтой өрсөлдөхнээ. А.Алтанчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ