Тооцоолж чадаагүй 10 метрээс болж, төсвийн 2.4 тэрбум төгрөг салхинд хийслээ
2009 онд ашиглалтад оруулсан Долоон буудал, Чингэлтэй, Бэлх болон хойд чиглэлийн зуслангийн нийт 50 мянга гаруй айл, өрхийг цахилгаанаар хангадаг “Хайлааст” дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Нүүлгэн шилжүүлэх ажил ямар байгааг тодруулахаар өнөөдөр тус газрыг зорьсон юм. “Хайлааст” дэд станц нь СБД 16-р хороо, “Дамбадаржаагийн рашаан”-ы хойно байрлах бөгөөд биднийг очиход “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн ажилтнууд 110 мянган вольтын хуваарилах байгууламжийг нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж байв.
.
Уг дэд станцын нэр “Хайлааст”. Тэр ч утгаараа Хайлааст орчимд суурилуулах байсан ч тухайн үед барихаар төлөвлөсөн газрыг нь сонгуулийн амлалттай холбоотойгоор иргэд, айл өрхүүдэд олгосон гэх. Тиймээс тухайн үеийн удирдлагууд нь хамгийн ойр сул байгаа газрыг чөлөөлсөн нь энэхүү Хайлаастынхаа эсрэг зүгт буюу Дарь-Эх, Дамбадаржаагийн автозамын хажуу дахь байршил. Уг байршил нь “Дамбадаржаагийн рашаан”-ы яг хойд талд намгархаг, цэвдэгтэй газар байсан ба гүйцэтгэгч компанийн зүгээс сайн судалгаа хийлгүй суурилуулт хийсэн аж.
.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан уг дэд станц ашиглалтад орсноос хойш байгууламжийн ихэнхи талбайд хөрсний ус гарч, 110кВ-ын трансформаторын сууриуд хазайж, 1-1.5м өргөгдөн, дамжуулагч шинн татагдаж, чичирсэн байдалтай, хэмжүүрийн кабелиуд болон газардуулгын байгууламжид ноцтой аюул учирсан байна.
.
Тиймээс “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-иас холбогдох байгууллагуудад мэдээлэл өгснөөр нүүлгэх ажлыг эхлүүлжээ. Дэд станцыг нүүлгэх ажил 70 хувийн явцтай байгаа ба “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-иас одоогоор 300-аад сая төгрөг зарцуулсан гэнэ. Гэвч цаашид нэмэлт хөрөнгө гаргах шаардлагатай гэдгээ нийслэлийн Засаг даргад асуудлыг танилцуулжээ. Хотын даргын зүгээс өвлийн улиралд 50 мянган айл өрх цахилгаангүй болох эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс шаардлагатай төсөв мөнгийг яаралтай гаргаж өгөхийг үүрэгдсэн гэнэ.
.
Тухайн үед уг станцыг барих тендерт “Автоматик” ХХК ялж, нийтдээ 2.4 тэрбум төгрөгийн өртгөөр баригдсан уг дэд станцыг 2009 оны арванхоёрдугаар сарын 19-нд цахилгаан залгаж, хэрэглэгчдэд түгээж эхэлжээ. Гэхдээ “Хайлааст” дэд станцыг улсын комисс болоод “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК -ийнхан хүлээж аваагүй гэнэ. Гэвч нэгэнт улсын төсвөөс хөрөнгө мөнгө төсөвлөж хийж гүйцэтгэсэн нь үнэн тул хүчээр шахам ашиглалтад оруулсан талаар албан бус эх сурвалж мэдээлж буй.
.
Харамсмаар нь уг дэд станцыг 10-аадхан метр зүүн тийшээ нүүлгэж байгаа гэх. Тиймдээ дэд станцын гүйцэтгэгч болсон “Автоматик” ХХК-нийхан арваадхан метр талбайг зөв тооцоолсон бол өнөөдөр төсвийн мөнгө салхинд хийсэхгүй байв. Нөгөө талаар тус дэд станцаас цахилгаан авдаг 38 мянган хэрэглэгч 43 цаг тог цахилгаанаа хязгаарлуулахдаа тулахгүй байсан биз ээ.
.
Эцэст нь дүгнэхэд төсвийн мөнгөөр, тендер зарлан хийгддэг олон ажил араасаа хэл ам дагуулдаг. Тэгвэл төсвийн мөнгийг энэ мэт үрэн таран хийж, татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэсэн тендерийг хийж гүйцэтгэх зөвшөөрөл олгосон болоод тендерт ялсан нөхдөд хэн, хэзээ, ямар хариуцлага хүлээлгэх вэ?
П.Наран
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ