Алдарт эхийн мөнгийг 200, 400 мянга болгох боломжийг судална

img

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар 2012 оны улсын төсвийг хэлэлцсэн юм. Бүлгийн хуралдаанаар  улсын төсвийн асуудлаар зардлыг бууруулахаас гадна орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжийг судлах чиглэлийг ажлын хэсэгт өгсөн байна. Газрын тос, нүүрс, төмрийн хүдрийн экспортын татварыг нэмэгдүүлэх боломж байгаа эсэхийг судлах юм. Нөгөөтэйгүүр Олон овоотын лицензийн 65 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт авах бололцоотой гэж зарим гишүүн санал гаргасан ажээ.  2012 онд шинээр худалдаж авах автомашин, тавилгын зардлыг нэмэгдүүлэхгүй байх, албан конторын барилгыг шинээр барихгүй байх чиглэл өгсөн байна. Мөн 2012 оны Төсвийн тухай хуультай нэг багц болж орж ирж байгаа суурь тэтгэврийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцсэн гэв. Түүнчлэн энэ хуралдаанаар 1995 оноос өмнө болон хойно тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийн зөрүү их байгааг Засгийн газрын хэмжээнд судлан хөрөнгийн эх үүсвэрийг гаргахаар боллоо. Харин өнгөрсөн бүлгийн хуралдаан дээр яригдсан зарим зардлыг царцаах асуудал дээр “Ирэх жилийн УИХ-ын сонгуульд 12.4 тэрбум төгрөг зарцуулагдах ёстой. Үүнийг царцааж болохгүй. Мөн иргэддээ зургадугаар сарын 1-нээс өмнө ухаалаг иргэний үнэмлэх олгоно. Үнэмлэх шинэчлэх хөрөнгийг иргэдээс гаргалгүй улсын төсвөөс 16 тэрбум төгрөг тусгасан. Түүнчлэн “А” гепатитын хөтөлбөр хэрэгжинэ. Энэ мэт хууль нь гарсан, эхэлсэн ажлуудыг зогсоож болохгүй. Тэгэхээр бүлгийн зүгээс нэгэнт хууль нь гарсан, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан асуудлуудыг царцаах боломжгүй гэж үзлээ. Гэхдээ орон тоог бууруулах чиглэл өгсөн. Ямар ч байсан 1595 хүний орон тоог бууруулах боломж байна. Сургууль, эмнэлэг, цэцэрлэгээс бусад салбарт орон тоог бууруулах замаар төсвийг хэмнэж болно” гэж тус бүлгийн ахлагч Ө.Энхтүвшин хариуллаа. Түүнчлэн “Хэмнэсэн хөрөнгийн эх үүсвэрийг юунд зарцуулах вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Төсвийн  тогтворжуулалтын санг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Улсын төсөв ирэх жил ямар болохыг таахад бэрх. Нөгөө талаар 2008 онд ард түмэндээ амласан томоохон хөтөлбөрүүдээс анхаарч үзэх зүйл үлдэж байна. Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой эхчүүдийн мөнгийг сая болон хагас сая төгрөгөөр нэмэгдүүлнэ гэсэн. Гэхдээ тийм хэмжээнд хүргэж чаддаггүй юм гэхэд 200, 400 мянган төгрөг өгөх боломж байгаа эсэхийг судлах хэрэгтэй. Мөн аймаг орон нутагт хэрэгжих ёстой зайлшгүй ажлуудад хөрөнгө оруулах нь зөв. Ер нь төсвийг хэлэлцэх тун бага хугацаа үлдээд байна. Хоёр намын ажлын хэсэг хуралдаж, байр сууриа нэгтгэх ёстой. Маргааш төсвийн байнгын хорооны хурал болно. Нөгөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан зарлан, 2012 оны төсвийг хэлэлцэхээр төлөвлөж байгаа” хэмээн хариулсан юм. Харин төгсгөлд нь  олон нийтийн анхаарлын төвд байгаа “Олон овоот”-ын ордын асуудлыг судалж үзэх үүрэг болгосон. УИХ-ын хэсэг гишүүн ийм асуудал тавьсан. Маргаашаас зарим байнгын хороо хэлэлцэх юм билээ. Байнгын хороодын шийдвэрийн дараа чиглэл нь гарна” гэлээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

16 тэрбум төгрөг ямар гоё бизнес вэ
2011-11-21