Д.Баатаржав: Үндэсний сур эрхийвчилж харвадаг, байт харваа гурван хуруугаараа татаж харвадаг
Манай улсад байт харвааны Азийн “Гранпри” тэмцээн анх удаа зохион байгуулагдаж 10 орны 160 гаруй байтын тамирчин өрсөлдөж байна. Уг тэмцээнд тамирчид эрэгтэй, эмэгтэй, багийн, холимог баг гэсэн ангилалд цэц мэргэнээ сорьж аваргаа тодруулах юм. Азийн “Гранпри” тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч, Сингапурын иргэн Хун Мау Суй, Азийн байт харвааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ум Су Хо зохион байгуулалтыг хариуцан ажиллаж байгаа юм. Тэмцээний урьдчилсан шатны харваа хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа бол шигшээ харваа наймдугаар сарын 2-нд болно. Монгол Улсад анхны дэлхийн аварга цолыг байт харвааны төрөлд Д.Дэмбэрэл агсан хүртсэн бол 2008 онд Д.Баатаржав паралимпийн алтан медалийг эх орондоо авчирсан билээ. Паралимп гэдгийг юу байдгийг зарим хүн мэддэггүй шахам байхад 2008 оны Бээжингийн олимпоос Д.Баатаржав алтан медаль хүртэн, монголчуудад энэхүү спортыг таниулсан гэхэд хилсдэхгүй. Анхны паралимпийн алтан медалийн эзэн Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Д.Баатаржавтай уулзаж, ярилцлаа.
.
- Монгол улсад байт харвааны Азийн “Гранпри” тэмцээн анх удаа зохион байгуулагдаж байна. Тэмцээний зохион байгуулалт хэр санагдаж байна вэ?
-Тэмцээний зохион байгуулалт сайн байна. Бид гадаадын аль нэг оронд тэмцээнд очиход яг ийм байдаг. Гэхдээ энэ удаагийн тэмцээн эх оронд маань болж байгаа учраас илүү сайхан болж байна. Энэ удаагийн тэмцээнд дэлхийд чансаагаараа тэргүүлдэг гадаадын олон тамирчин ирсэн байна. Үүнээс харахад тэмцээний чанар өндөр байна гэсэн үг. Байт харвааны Азийн “Гранпри” тэмцээн бол олон улсад А зэрэглэлийн тэмцээн юм. Энэ утгаараа дэлхийн аль ч улсаас ямарч тамирчин ирж оролцох боломжтой.
.
-Ингэхэд пара байт харваа энгийн байт харваанаас юугаараа ялгаатай бэ?
-Ялгарах зүйл огт байхгүй. Паралимп гэдэг үгнээс л пара байт харваа гэсэн үг гарч байгаа юм. Яг спортынхоо хувьд эрүүл тамирчдын спорттой адилхан. Эрүүл тамирчинтай ижил зай, цаг хугацаанд адилхан нум сум, хэрэглэлээр харвадаг.
.
-Гэхдээ тэмцээн уралдаан нь тусдаа болдог. Магадгүй хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт гэж ойлгодог байх?
-Хүн бүр тэгш эрхтэй гэдэг шиг спорт энэ дүрмийг баримталдаг. Яахав, ялгадаг ганц, нэг зүйл нь тэргэнцэртэй хүмүүс уралдах гэсэн төрөл, хэвтээ байдлаас штанк түлхэх гэх мэт төрлүүд бий. Байт харваа бол эрүүл тамирчидтай яг адилхан. Паралимпийн нэг онцлог байдаг. Эрүүл олимпод бэртэл аваад паралимпд оролцож болдог. Бэртэлтэй хугацаандаа паралимпд өрсөлдөж байгаад эрүүл тамирчдын олимпод оролцож болдог. Пара гэдэг бол параллель гэдэг үгнээс гаралтай. Хэнийг ч орхихгүй эрүүл олимптой зэрэгцэж явна гэсэн утгатай. Түүнээс өвчин зовлонтой хүн, дандаа ядарсан хүмүүсийн спорт биш. Би хөгжлийн бэрхшээлтэй, хөгжиж чадахгүй хүмүүс гэж ойлгоод ялгаварлаж байгаа бол их эмзэглэдэг. Ослын улмаас гар хөлөөсөө салаад, эрүүл хүмүүстэй зэрэгцэн өрсөлдөнө гэдэг хэцүү гэдгийг ойлгох хэрэгтэй.
.
-Байт харвааг их амархан спорт мэтээр төсөөлдөг тал бий. Үндэсний сур харвадаг хүн бүр л чадах юм биш үү?
-Харах, биеэрээ хийх ондоо шүү дээ. Тусгай техник элемент, хүнд дасгалуудыг тодорхой хугацаанд хэмжээтэйгээр олон давтаж мэргэшиж байж шат ахиж цол зэрэгт хүрдэг. Тэгэхгүй харсныхаа зоргоор харваад байна гэж байхгүй л дээ. Мөн өдөрт маш олон метр газар алхдаг. Ерэн метрт зургаан удаа явахад 540 метр, 70 метрт зургаа дахихад 420 метр гэхчилэн эдгээрийн нийлбэрүүдийг гаргавал өдөрт нэлээд олон км алхаж байгаа биз.
.
-Та Дорнод аймгийн хүн, буриад сурын харваагаар харвадаг уу. Танай гэрт нум сум бий юу?
-Найз нөхдийн, холбоодын, орон нутгийн хүмүүсийн бэлэглэсэн үндэсний сурын нумууд бий. Яг үндэсний сураар сонирхлын төдий ганц нэг харваж байснаас хэтэрсэнгүй. Үндэсний сур эрхийвчилж харвадаг, байт харваа гурван хуруугаараа татаж харвадаг техникийн ялгаа байдаг.
.
-Энэ спортыг мэргэжлийн түвшинд хөгжүүлээд мөнгө олж болох болов уу?
-Чөлөөт, жүдо бөх, хөлбөмбөг, сагсан бөмбөг зэргийг хүмүүст үзүүлээд мөнгө олох боломж байдаг. Буудлага, байт харваа хоёр мөнгө олох талдаа менежмент муутай. Харин саяхнаас харваж, буудаж байх үед хүн орилж чарлаж болохгүй гэсэн дүрмийг нь аваад хаячихсан. Ингэснээр хүмүүс энэ спортыг үзэх нь ихэсч байгаа. Үүнийгээ дагаад мөнгө олж мөнгөө дагаад улам бүр хөгжиж байгаа.
.
-Манай улсад байт харваа хөгжих хэр боломжтой байна?
-Иймэрхүү олон улсын чанартай тэмцээнийг эх орондоо зохион байгуулаад байвал хүүхэд залуус энэ спортыг сонирхоно. Байт харвааны спортын хувьд манай улсад өвлийн бэлтгэл сургуулилт хийх танхим хомс. Гадаа харвах талбай ч гэсэн хүрэлцээ муутай. Тийм болохоор Монголын байт харваан хөгжил жаахан хойш татагдах нь бий. Хөдөө, гадаа гарч бэлтгэл сургуулилт хийх шаардлага гардаг даа. Дараагийн олимпод амжилт гаргахын төлөө шургуу бэлтгэл хийнэ. Хамгийн хэцүү нь өвлийн бэлтгэл сургуулилтын танхим байдаг.
.
-Хүүхэд, залуусыг хичээллүүлэхэд заал танхим, байр талбайн асуудал бас гарах уу?
-Яг үнэндээ танхим, хэрэглэл материалын асуудал гардаг. Тэгэхээр байт харваан талбайн газрын асуудалд Монголд элэгтэй, өв уламжлалдаа сэтгэлтэй хүмүүс булаацалдахгүй байх аа гэдэгт итгэлтэй байна. Харваа гэдэг бол Монголын ард түмэнд олон зууны турш өвлөгдөн ирсэн гайхалтай уламжлалын нэг. Монгол хүний цус, генд байгалиасаа харвах авьяас байдаг. Монголынхоо нэрийг гаргах хамгийн боломжтой спорт бол байт харваа гэж боддог.
.
-Та залгамж халаагаа бэлтгэх тал дээр хэрхэн анхаарч байна бол?
-Манайх “Добу мэргэн” гээд байт харваан клубтэй. Клуб маань “ХАС” банкны дэргэдэх “Хөгжлийн алтан сан” төрийн бус байгууллагатай хамтран ажилладаг. Эдгээр байгууллагуудын дэмжлэгээр маш олон хүүхдийг сургаж, байт харваагаар хичээллүүлдэг. Монгол туургатны наадмаар хоёрдугаар байр эзэлсэн. Цаашдаа амжилт гаргах, авьяаслаг хүүхдүүд манай улсад олон бий.
.
-Энэ спортоор хичээллэснээр хүн ямар чанарыг өөртөө шингээж авдаг юм бол?
-Байт харваа нь найман настай балчраас наян настай буурал хүртэл харваж цэнгэж, наадаж болдог маш сайхан спорт юм шүү дээ. Хүний зан ааш, оюун ухааныг төлөвшүүлдэг. Байт харваагаар хичээллэснээр хүн стрессээ мартаж амар амгалан сэтгэлийн кайф гэдгийг жинхэнэ авдаг спорт.
.
-Таныг олимпийн аварга болсны дараа хүмүүс утсаар их мөнгө төгрөг их нэхдэг байсан гэсэн. Одоо больсон уу?
-Гэр өгөөч, нэг өрөө байр өгөөч, хүүхдийн сургалтын төлбөр, утасны нэгж өгөөч гэсэн хүн ярьдаг байлаа. Одоо ч гэсэн ярьж л байдаг юм. Мэдээж энэ хүмүүс нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд л дээ. Би чинь компанийн захирал биш шүү дээ. Олимпийн аваргын шагналын мөнгө чинь тэр дороо л дууссан. Ах дүүдээ өгөөд, татвараа төлөөд алга болчихсон. Хүмүүс өг л гээд байхаас өөр хэлбэрээр хандахгүй юм даа. Халамжаа авч чадахгүй байна, туслаач гэж хандвал халамжид оруулах талаар ажлыг нь хөөцөлдөөд л өгнө шүү дээ.
_
-Баярлалаа.
Б.Одон
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ