Л.Мөнхбаатар: Хүнд суртал чирэгдэл, шат дамжлага багасна
Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнгөрөгч долоо хоногт хэвлэл мэдээллийн салбарынхантай зангиагүй уулзалт зохион байгууллаа.
Эл уулзалтын үеэр тус газрын дарга улсын бүртгэлийн үйл ажиллагааг боловсронгүй болгох, төгөлдөршүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан юм. Уг илтгэлийг уншигчдадаа бүрэн эхээр нь хүргэе.
Илтгэгч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар Ардчилсан нийгэмд төр иргэнээ хүндэтгэн, иргэн бүрээ мэдэж байж иргэндээ чиглэсэн үр дүнтэй хөгжлийн бодлогоо тодорхойлдог.
Улс орны бүртгэл нь иргэнийхээ эрх, төрт ёсны баталгааг хангах үндсэн эх сурвалжийн нэг болдогоороо, төр иргэний харилцаанд голлох үүргийг гүйцэтгэх ёстой.
Монгол Улсад бүртгэлийн үйл ажиллагаа төгөлдөршөөгүй, бүртгэлийн нэгдсэн тогтолцоо бүрдээгүйгээс төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэхэд бэрхшээл учирч, төр иргэн хоорондын харилцаа, итгэлцэлийг сулруулах, холдуулах, хүнд суртал газар авах, улмаар далд эдийн засгийн суурь хөрсийг бүрдүүлж, эдийн засгийн хөгжилд бодитой саад бэрхшээл учруулж байсан билээ. Бүртгэлийн нэгдсэн тогтолцоо, нэгдсэн системийг бий болгож чадаагүйгээс иргэдэд үзүүлж байгаа нийгмийн бүхий л үйлчилгээ үр дүнгүй, төрийн үйлчилгээ эзэндээ хүрдэггүй зэрэг сөрөг үр дагавар гарч байсан.
Ийм ч учраас даяарчлагдан хөгжиж байгаа өнөөгийн нийгэмд өөрийн улс орны хөгжлийг урьдчилан харсан бодлогыг хэрэгжүүлэхэд бүртгэлийн нэгдсэн систем, нэгдсэн үйл ажиллагаанд тулгуурласан бодлого нэн чухал гэж үзэн Засгийн газраас бүртгэлийн төгөлдөршүүлэх томоохон зорилтыг тавин ажиллаж байгааг Та бүхэн мэдэж байгаа.
Дээрх асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 78 дугаар тогтоолоор “Монгол Улсад бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр”-ийг баталж, улмаар Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгож бэхжүүлэх” зорилтыг дэвшүүлсэн. Төр иргэнийг холбосон бүртгэлийн нэгдсэн систем, нэгдсэн үйл ажиллагаа бол Монгол Улсын хөгжлийн нэг гол түлхүүр бөгөөд төр иргэний хоорондын харилцааны шинэчлэл нь бүртгэлийн төгөлдөршилөөс эхлэнэ гэж би ойлгодог.
Ингээд бүртгэлийн байгууллага нэгдэн байгууллагдсанаас хойшхи 2 жил 6 сарын хугацаанд бүртгэлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, төгөлдөршүүлэх чиглэлээр хийгдсэн ажлын талаар Та бүхэнд танилцуулж «зангиагүй»-ээр чөлөөтэй ярилцъя гэж бодсон юм.
Байгууллагын бүтэц, зохион байгуулалт, улсын бүртгэлийн эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр:
Улсын Их Хурлын 2008 оны 43, Засгийн газрын 2008 оны 64 дүгээр дугаар тогтоолын дагуу хуучнаар Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар, Татварын ерөнхий газрын харьяа Улсын бүртгэлийн албыг нэгтгэн Улсын бүртгэлийн ерөнхий газрыг 2009 оны 4 дүгээр сард байгуулсан. Монгол Улсын Тэргүүн шадар сайдын 2009 оны 28 дугаар тушаалаар «Агентлагийн үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар»-ыг батлуулж, 21 аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Нийслэлийн бүртгэлийн газарт шаардлагатай бүтэц, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Ингэснээр тус тусдаа үйл ажиллагаа явуулж байсан улсын бүртгэлийн 3 байгууллага нэгдэж төрийн үйлчилгээ иргэдэд ойртох, бүртгэлийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх эхний алхам тавигдсан юм. Тус газар иргэнд суурилсан төрийн бүртгэлийн үнэн бодитой ой санамжийг бий болгох, төр иргэнийг холбосон бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, улсын бүртгэлийн үйлчилгээгээр иргэний эрхийг хангах эрхэм зорилготойгоор “нэг иргэн-нэг бүртгэл” гэсэн зорилтыг удирдлага болгон ажиллаж байна. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллагыг нэгдсэн байртай болгох, нэг дороос үйлчилгээ үзүүлэх арга хэмжээний хүрээнд тус газрын Бүртгэлийн хяналтын газар, Хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээ, Хуулийн этгээдийн бүртгэлийн архив, Хууль зүйн яамны харьяанд байсан хуулийн этгээдийн төрийн бус байгууллагын архив зэргийг байгууллагын үйлчилгээний III байр болох “Монгол тамга” үйлдвэрийн байранд шилжүүлж байршуулсан. Одоо иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн гурван бүртгэл нэг дор төвлөрөн нэг цэгээс үйлчилгээ авах бололцоо бүрдээд байна. Үүний дараагаар бид эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилт тавьж энэ зорилтын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн төслийг боловсруулж, хуулийг маш хурдан шуурхай батлуулсан билээ. 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хурлаар Улсын бүртгэлийн ерөнхий хууль батлагдсанаар улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулах хууль, эрх зүйн орчин бүрдсэн. Мөн иргэн, эдийн засгийн холбогдолтой 30 хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг тогтоож, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд өгөх саналыг боловсруулсан. Улсын бүртгэлийн үйл ажиллагааг түргэн шуурхай хүргэх, бүртгэх үйл ажиллагааны шат дамжлагыг тодорхой болгох, бүртгэлийг зөрчил дутагдалгүй хийх ажлын хүрээнд ”Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”, ”Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх журам”, ”Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам”-ыг боловсруулан баталж үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй захиргааны шийдвэрийг стандартчилах төслийн хүрээнд Нийтээр дагаж мөрдөх нийт 310 шийдвэрт эрх зүйн дүн шинжилгээ хийж, УБЕГ-ын даргын 2009 оны 392 тоот тушаалаар ИБМУТ-ын даргын 22, ҮХЭХБГ-ын даргын 1 тушаалыг тус тус хүчингүй болгосон ба эдгээр дүрэм журмууд ихэвчлэн үнэ хураамжийг давхардуулан оногдуулсан шинжтэй байсан. Засгийн газрын «Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай» 2011 оны 20 дугаар тогтоолын дагуу сум, дүүрэг, хороонд ажиллаж байгаа бүртгэлийн ажилтныг Улсын бүртгэлийн ерөнхий газрын орон нутаг дахь салбар нэгж буюу бүртгэлийн анхан шатны нэгжид шилжүүлэх ажил хийгдэж байна. Ингэснээр бүртгэлийн анхан шатны нэгж дээр улсын бүртгэгч ажиллаж, бүртгэлийн алдаа, давхардал хийдэл гарахгүй байх боломж бүрдэж байгаа юм. Энэхүү ажлын хүрээнд 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Тэргүүн шадар сайдын Улсын бүртгэлийн асуудал эрхлэсэн төрийн захиргааны байгууллагын орон тооны дээд хязгаарыг батлах тухай 2011 оны 70 дугаар тушаалыг тус тус батлуулж, газрын орон тооны дээд хязгаарыг 1288 байхаар тогтоосноос сум, тосгонд 358, дүүрэгт 71, хороонд 152 улсын бүртгэгч /анхан шатны нэгжид нийт 581/ ажиллах боломжтой болж байна. Иргэний бүртгэлийн улсын нэгдсэн /online/ сүлжээг бий болгох чиглэлээр: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэг, санхүүжилтээр “Иргэний бүртгэлийн улсын нэгдсэн сүлжээ” төслийг 2007-2009 онд 2 үе шатайгаар хэрэгжүүлж дууссан. Энэ ажлын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн бүртгэлийн газар, 21 аймаг, аймгийн төвийн сум, нийслэлийн 9 дүүргийн бүртгэлийн үйл ажиллагааг “Онлайн” сүлжээнд холбож мэдээллийн санг шуурхай бүрдүүлэх, хайлтын нэгдсэн системтэй болох, мэдээллийг солилцох, үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх нөхцлийг бүрдүүлэв. Онлайн сүлжээнд холбогдсоноор бүртгэлийн нэгж дээр бүртгэл хийгдсэнээс хойш 30-45 хоногийн дараа мэдээллийн санд тусгагддаг байсан маягтын мэдээлэл 5 минутын дотор үндсэн мэдээллийн санд тусгагдаж, 21 аймаг, 9 дүүргийн дэд серверт улиралд нэг удаа баяжилт хийгддэг байсан бол 24 цагийн дотор тусгагдаж, мэдээлэл солилцох боломжтой болж бүртгэлийн шат дамжлага багасч, хурдан шуурхай болсон.
Түүнчлэн бүртгэлийн мэдээллийн санг ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, ГИХАЭА, ТатЕГ, байнгын ажиллагаатай хилийн 25 боомтод сүлжээгээр холбогдон харилцан мэдээлэл солилцон ажиллаж байна. Цаашид бүх сум, хороодыг нэгдсэн сүлжээнд холбох зорилттойгоор ажиллаж байна.
Архивын бичиг баримтыг цэгцэлж, хувийн хэрэгжүүлэх чиглэлээр:
Бүртгэлийн анхан шатны нэгжээс мэдээллийг түргэн шуурхай, цахим хэлбэрээр авах боломж бүрдсэн хэдий ч цаасан эх нотлох баримтын эмх цэгц муу байсантай холбоотойгоор иргэд, байгууллагад лавлагаа мэдээлэл түргэн шуурхай, үнэн бодитой олгоход хүндрэл учирч байсан. Тиймээс Иргэний баримтын архивт тус тус даа хадгалагдаж байсан Монгол Улсын нийт 2.7 сая иргэний 15 483 773 сая архивын баримтыг иргэн бүрээр хувийн хэрэгжүүлэх томоохон ажлыг гүйцэтгэж дуусгаад байна. Хилийн чанадад улсад суугаа Монгол Улсын иргэнийг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэх ажилтай холбоотойгоор үндэсний гадаад паспорт, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ байхгүй, бичиг баримтын зөрчилтэй иргэдэд тус газрын www.registrationmongolia.com/gad_lavlagaa, www.burtgel.mn/gad_lavlagaa вэб хаяг дээр суурилан иргэний үнэмлэхийн болон төрсний гэрчилгээний лавлагаа авах хүсэлтийг хүлээн авч, лавлагаа, мэдээллийн хариуг тухайн улсынх нь консулын газарт и-мэйлээр олгох үйлчилгээг нэвтрүүлж хэрэгжүүллээ. Цаашид лавлагаа мэдээллийг цахим хэлбэрээр иргэд, байгууллагад олгох зорилгоор улсын бүртгэлийн архивын цаасан баримт, материалыг цахимжуулах ажил хийгдэж эхлээд байна. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивыг Мянганы сорилтын сангийн “Хөрөнгийн эрхийн төсөл”-ийн санхүүжилтээр, Иргэний баримтын архив, Хуулийн этгээдийн бүртгэлийн архивыг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-ын санхүүжилтээр “Бүртгэл мэдээллийн цахим архив төсөл”-ийн хүрээнд гүйцэтгэж байна. Бүртгэлийн архивын цаасан баримт материалыг цэгцэлж, хувийн хэрэгжүүлэх болон цахим хэлбэрт шилжүүлсэнээр иргэд, байгууллагад лавлагаа мэдээллийг түргэн шуурхай олгох, улмаар цахим хэлбэрээр лавлагаа, мэдээлэл олгох бүрэн боломж бүрдэх юм. Иргэний шинэчилсэн бүртгэлийн чиглэлээр:
Хүний хөгжил сангийн тухай хууль, Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэл явуулах тухай Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэний шинэчилсэн бүртгэлийг өнгөрсөн оны 7 дугаар сараас улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж, энэ оны 11 дүгээр сарын 01-ний байдлаар 16 ба түүнээс дээш насны иргэдийн 98.0 хувь буюу 1925772 иргэн Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаад байна. Иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлыг үе шаттайгаар явуулж гадаадад байгаа иргэдийг бүртгэх арга хэмжээнийн хүрээнд хилийн чанадад амьдарч байгаа Монгол Улсын иргэнийг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэх журам»-ыг боловсруулж, Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Гадаад харилцааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан 2011 оны 10/А17/А128 дугаар тушаалаар батлуулан бүртгэлийн ажлыг энэ оны 3 дугаар сарын 23-ны өдөр БНСУ-аас эхлүүлснээс хойш одоогоор дэлхийн хорь гаруй улсад бүртгэлийн ажил хийгдэж нийт 26054 иргэнийг бүртгэлд хамруулаад байна. Олон улсын жишигт манай улстай ойролцоо хүн амтай улс орнууд энэ ажлыг 4-5 жилийн хугацаанд хийж дуусгасан туршлага байдаг бол бид үндсэндээ 5 сарын дотор иргэдээ шинэчилсэн бүртгэлд хамруулж чадсан.
Энэхүү ажил нь хүн хүч, цаг хугацаа шаардсан томоохон ажил байсныг тэмдэглэж хэлэхийг хүсч байна.
Энэ ажлын хүрээнд иргэний баримт бичгийн зөрчил арилгуулах 1 сарын аяныг Улсын хэмжээнд зохион байгуулж, 3307 ажлын хэсэгт 11572 ажилтан ажилласан байна. Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах үүрэг бүхий “Ажлын хэсэг”, аймаг, нийслэл, сум, дүүрэгт шинэчилсэн бүртгэлийг орон нутагт зохион байгуулах үүрэг бүхий “Дэд ажлын хэсэг”, нийт 500 ажлын хэсэг ажиллав.
Иргэний шинэчилсэн бүртгэлтэй холбоотойгоор иргэдийн бичиг баримтын зөрчлийг арилгах, лавлагаа мэдээлэл түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй олгох зорилгоор тус газрын албан хаагчид уртасгасан 24 цагаар ажиллаж иргэдэд үйлчилгээ үзүүлж байсан.
Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийн ажилд тус газар болон аймаг, нийслэлийн Улсын бүртгэлийн газар, хэлтсийн 707, сум, дүүрэг, хорооны 524 бүртгэлийн ажилтнаас гадна ерөнхий газар, аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороонд 502 гэрээт ажилтныг нэмж ажиллуулсан.
Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийн ажилд нийт 1733 албан хаагч, гэрээт ажилтан оролцож, нийслэлд 132 хороонд, орон нутгийн 334 суманд, Хилийн чанад дахь 30 Монгол Улсын элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн нэгжид бүртгэлийг явууллаа.
Энэ томоохон ажлыг хийж дуусгахад дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан аймаг орон нутгийн удирдлагууд, сум дүүрэг хорооны бүртгэлийн ажилтнууд Улсын бүртгэлийн ерөнхий газрын нийт ажилтан албан хаагчид Та бүхэндээ энэ дашрамд талархсанаа илэрхийлье.
Иргэний шинэчилсэн бүртгэлийг хийж дууссанаар бид дараах гол үр дүнд хүрсэн. Үүнд:
Шинэчилсэн бүртгэл хийгдэхээс өмнө иргэн хүний мэдээлэл зөвхөн цаасан мэдээлэлд суурилдаг байсан бол одоо хүний биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/-д суурилсан мэдээллийн сан бий болоод байна.
Монгол улсын нийт хүн амтай биечлэн уулзаж, бичиг баримтын зөрчилтэй иргэдийн бичиг баримтын зөрчлийг арилгаж, бичиг баримтгүй иргэдийг бичиг баримтжуулсан. Иргэний шинэчилсэн бүртгэлийн үр дүнд төрийн үйлчилгээнд гарч байсан доголдлууд арилж, эх орны хувь хишиг, улсын нийгмийн халамжийн үйлчилгээг давхардалгүй олгох суурь болсон. Иргэний цахим үнэмлэх олгох бааз, урьдач нөхцөл суурийг бий болгосон. Хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр:
Хуулийн этгээдийн бүртгэлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, иргэдэд үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд: Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэдэг байсан төрийн бус байгууллага, холбоо, сан, шашны байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн бүртгэл, хувийн хэргийг тус газарт шилжүүлэн авч, өмнө нь 7 хоногийн 2 өдөрт нь иргэдээс баримт бичгийг хүлээн авч, сард 2 удаа улсын бүртгэлийн гэрчилгээг олгодог байсан бол дээрх хуулийн этгээдүүдийг тус газрын ХЭБГ-т бүртгэж эхэлсэнээр бүртгэлийг ажлын өдрүүдэд тасралтгүй хийж, Улсын бүртгэлийн гэрчилгээг ажлын 1-5 хоногийн дотор олгодог болсон нь үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй болгосон. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсанаар улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөлд зурсан гарын үсгийн хэв маягийг нотариатаар гэрчлүүлдэг байсан хуулийн заалт хүчингүй болсон нь иргэд, хуулийн этгээдэд шуурхай үйлчлэх, үйлчилгээний шат дамжлагыг бууруулах нэг чухал алхам болсон. Улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичиг /хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, хуулийн этгээдийн дүрэм, үүсгэн байгуулах шийдвэр, эхлэлтийн тайлан зэрэг/-ийн загварыг онлайн хэлбэрт шилжүүлсэнээр шаардагдах баримт бичиг, маягтын загварыг иргэд тус газрын www.registrationmongolia.com\ цахим хуудаснаас шууд татан авч ашиглах боломжтой болсон. Банк, банк бус санхүүгийн байгууллага, аудит, даатгал, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай зэрэг хуулийн этгээдээс бусад компанид өөрийн хөрөнгийн доод хэмжээг заадаггүй /тухайлбал: ХХК-ийн өөрийн хөрөнгийн хэмжээ 1 сая төгрөг байсан/ болгох арга хэмжээний хүрээнд Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж батлуулсан. Улсын бүртгэлийн үйл ажиллагааны ачааллыг бууруулах, төвлөрлийг сааруулах зорилгоор орон нутагт үйл ажиллагаа явуулах төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын улсын бүртгэлийг тухайн орон нутагт нь бүртгэх зохион байгуулалтын арга хэмжээг авч, бүртгэлийн ажлыг энэ оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс аймгуудад эхлүүлсэн. Мөн сан, хэвлэл мэдээллийн байгууллага, шашны байгууллага, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэний бүртгэлийг энэ оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн орон нутагт хийж эхлэсэн бөгөөд энэхүү арга хэмжээний бэлтгэл ажлын хүрээнд холбогдох сургалтуудыг орон нутагт эхлүүлээд байна. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэнийг бүртгэх ажлыг эхлүүлээд байна. Олон улсын бүртгэлийн байгууллага /CRF/-д 2010 оны 1 дүгээр сард гишүүнээр элссэн. Энэхүү байгууллагад гишүүнээр элссэнээр олон улсын мэргэжлийн бүртгэлийн сүлжээнд холбогдох, тус байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, бусад арга хэмжээнд хамрагдах, бусад орны бүртгэлийн байгууллагуудтай холбоо тогтоож, туршлага солилцох өргөн боломж нээгдлээ.
Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн системийн шинэчлэлийн чиглэлээр:
Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл ажиллагааг бэхжүүлэх, системийг шинэчлэх, архивыг цахимжуулах чиглэлээр Монголын Мянганы Сорилтын сангийн санхүүжилтээр “Хөрөнгийн эрхийн төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд Дархан-Уул, Завхан, Төв, Өвөрхангай, Ховд, Орхон, Хэнтий, Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, нийслэлийн Багануур, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн бүртгэлийн тасгийн болон тус газрын 1, 3 дугаар байрны засвар тохижилтын ажил хийгдэж, хөрөнгийн эрхийн бүртгэлийн систем, технологийн хувьд байж болох шийдлийг боловсруулж, програм хангамж болон тоног төхөөрөмжийн захиалгын ажлууд хийгдэж байна.
Төслийн хүрээнд мөн нийслэл болон бүсийн 8 тулгуур төвийн гэр хорооллын нийт 52995 хашааны газрыг өмчилж бүртгүүлэх, кадастр зураглал давхардсан тохиолдолд зөрчлийг арилгах ажлыг 2012 оны 1 сараас эхлэн 2013 оны 6 дугаар сар хүртлэх хугацаанд хэрэгжүүлнэ.
Мөн бүсийн тулгуур төв 8 аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстийг автомашинаар хангаснаар орон нутагт бүртгэлийн үйл ажиллагаа иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй хүрч үйлчилэх нөхцөл боломжоор бүрдэж байна.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр иргэд, байгууллага, нийгэм эдийн засагт дараах үр дүнг авчирна. Үүнд: Эд хөрөнгийн бүртгэлийн ажиллах орчин, техник, технологид шинэчлэл хийгдэнэ Төвлөрсөн сан бүхий вэб технологид суурилсан систем нь орон зайнаас үл хамааран бүртгэл хийх нөхцөл бүрдэнэ Архивийн баримтыг цахим хэлбэрт шилжүүлсэнээр төвлөрлийг багасган үйлчилгээний хурдыг нэмэгдүүлж ажлын ачааллыг бууруулна Үхмэл капиталыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, албан бус секторын хэмжээ багасна.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмыг шинэчлэн баталж, Нотариатын тухай хуульд өөрчлөлт орсоноор бүртгэлийн үйл ажиллагаа тодорхой болж, нотариатаар заавал гэрчлэгдэхээс бусад нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхгүй болсон нь эд хөрөнгийн улсын бүртгэлийн үйл ажиллагааг чирэгдэлгүй, хөнгөн шуурхай болголоо.
Зарим үйлчилгээний хураамжийн хэмжээг бууруулах арга хэмжээг авсан. Тухайлбал анх удаа газар өмчлөх эрхийн бүртгэл үнэ хураамжгүй, банк санхүүгийн байгууллагад үл хөдлөх хөрөнгө барьцаалахад зээлийн үнийн дүнгийн 0,1 хувиар тооцож хураамж авч байсныг 50 хувиар бууруулан үнийн дүнгийн 0,05 хувь болгосон. Ийнхүү журам заавруудыг өөрчилж, үнэ хураамжийг бууруулж, улсын бүртгэлийн үйлчилгээний шат дамжлагыг хөнгөвчилсөнөөр бүртгэлийн хамрах хүрээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад үл хөдлөх хөрөнгийн анхны бүртгэл 39,5 хувиар, барьцааны гэрээний бүртгэл 43,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ арга хэмжээ нь бүртгэлгүй эд хөрөнгийг бүртгэлжүүлэх, далд эдийн засгийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулсан ач холбогдолтой арга хэмжээ болсон гэж үзэж байна. Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг бууруулах чиглэлээр:
Бүтэц зохион байгуулалтын хувьд нэгдсэнээр улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсийг нэг дансанд төвлөрүүлэх санхүүгийн нөхцөл боломж бүрдсэн боловч иргэний улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсийг нийслэлд Нийслэлийн иргэний бүртгэл, мэдээллийн алба /Хуучнаар/ -ны даргын тушаал, орон нутагт аймгийн Засаг даргын захирамж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргын тушаал зэрэг нийт 26 төрлийн тушаал шийдвэрээр тус тус тогтоон мөрдөж байсан юм. Иргэний улсын бүртгэлийн чиглэлээр авч байгаа үйлчилгээний хөлсийг олон тушаал, шийдвэрээр харилцан адилгүй тогтоосон нь иргэн бүр хуулийн өмнө эрх, тэгш байх Үндсэн хуулийн зарчим алдагдахад хүрч байв. Тухайлбал: иргэн гэрлэлтээ бүртгүүлэхэд Дундговь аймагт 3625 төгрөг, Өмнөговь аймагт 250 төгрөг, Улаанбаатар хотод 2500 төгрөг үйлчилгээний хөлсөнд төлж байгаа нь улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсийг яаралтай шинэчлэн тогтоож, эрх зүйн нэгдсэн актаар зохицуулах шаардлагатай байгааг харуулж байсан.
Иймд Засгийн газрын 2010 оны 237 дугаар тогтоолоор Улсын бүртгэлийн чиглэлээр 128 нэр төрлийн үйлчилгээнд авч байсан харилцан адилгүй олон төрлийн төлбөр хураамжийг багцалж, үйлчилгээний төрлийг нэгтгэн 53 үйлчилгээ болгон багасгаж, үйлчилгээний хөлсний хэмжээг бууруулж, зарим үйлчилгээг үнэ төлбөргүй болгосон. Үүнд:
Иргэний улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсийг шинээр тогтоохдоо улс орны санхүү, эдийн засгийн байдал, хүн амын амьжиргааны түвшин доогуур байгаа зэргийг харгалзан одоо мөрдөж байгаа үнэ хураамжийн хэмжээг хэвээр мөрдөх, зарим үйлчилгээг үнэ төлбөргүй болгох чиглэлийг баримталсан. Тухайлбал: - хүүхдэд төрсний гэрчилгээг Хууль зүй дотоод хэргийн сайдын 2007 оны 25 дугаар тушаалаар үнэ төлбөргүй олгож, бүртгэхээр тогтоосныг хэвээр үлдээж, үнэ төлбөргүй; - нас барсныг бүртгэж гэрчилгээ олгоход үйлчилгээний хөлсний хэмжээ 1000-3000 төгрөг байгааг эрх зүйн этгээд байх чадвараа алдсан байхад үйлчилгээний хөлс хураан авах нь зохимжгүй тул үнэ төлбөргүй; - улсын бүртгэлийн үйлчилгээний бүх төрлийн мэдүүлгийн хуудас, маягтын үнэ 100-200 төгрөг байгааг үнэ төлбөргүй; - аймаг, хотоос насанд хүрсэн иргэн шилжихэд 3-4 шат дамжлагаар 12000-12500 төгрөг үйлчилгээний хөлсөнд төлж байгааг өөрчилж, зөвхөн шилжин ирсэн газар үйлчилгээний хөлсийг авах ба иргэний нийслэлээс аймаг руу, аймгаас аймаг руу шилжин ирэх хөдөлгөөнийг бүртгэхэд 2500 төгрөг, аймгаас нийслэлд шилжин ирэх хөдөлгөөнийг бүртгэхэд 5000 төгрөг, аймаг хот дотор шилжилт хөдөлгөөнийг бүртгэхэд 1500 төгрөгөөр тогтоон тус бүр багасгаж, 16 насанд хүрээгүй хүүхдийн шилжилт хөдөлгөөнийг үнэ төлбөргүй; Иргэний улсын бүртгэлийн үйлчилгээний хөлс буурсанаар иргэний улсын бүртгэлд хамрагдах идэвхи санаачлага нэмэгдэх, иргэдэд үзүүлж байгаа нийгмийн халамжийн үйлчилгээнд иргэн бүр хамрагдах, иргэн шилжилт хөдөлгөөнөө цаг хугацаандаа бүртгүүлэх, иргэний үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зэргээр улсын бүртгэлийн үйл ажиллагаа үнэн зөв, бодитой хөтлөгдөх эерэг өөрчлөлт гарна гэж үзэж байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр үйлчилгээний төлбөр хураамжийн хэмжээг Засгийн газраас 2003 онд тогтоосон бөгөөд 2009 он хүртэл инфляцийн өсөлттэй уялдуулан тооцвол үйлчилгээний хөлс 68 хувиар нэмэгдэхээр байгаа боловч тус байгууллага нь улсын төсвийн орлогыг бүрдүүлэх үүргийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, иргэдийн амьжиргааны түвшин, бодит байдал, хэрэгцээ, шаардлагыг үндэслэн зарим үйлчилгээний хөлсийг бууруулах чиглэлийг баримтласан. Тухайлбал: Засгийн газрын “Журам батлах тухай” 2003 оны 213 дугаар тогтоолын хавсралтаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд анхны удаа бүртгэхэд гэрчилгээ, дэвтрийн үнэ 7500 төгрөг, Төрөөс үнэ төлбөргүй хувьчилсан газар өмчлөх эрхийг баталгаажуулахад 10000 төгрөгөөр тогтоосныг иргэдийн өмчтэй байх эрхийг баталгаажуулах, үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүрэн хамруулах зорилгоор үнэ төлбөргүй;
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрээ хэлцэл дуусгавар болгох, цуцлах, урьдчилсан болон тусгай тэмдэглэлийг хүчингүй болгох, эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн хувийн хэрэг хаахад үйлчилгээний хөлс тус тус 3000 төгрөг байгааг үнэ төлбөргүй; Үл хөдлөх эд хөрөнгийн худалдах, худалдан авах, бэлэглэх, арилжааны гэрээг бүртгэхэд 3 шатлалаар 13000 - 65000 төгрөгөөр тогтоосныг өөрчилж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжсэнийг бүртгэхэд зөвхөн 20 000 төгрөгөөр тогтоов. Байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах ажлын хүрээнд:
Ерөнхий газрын хэмжээнд “Өнгөний систем”-ийг нэвтрүүлж үйлчилгээний танхимыг тохижуулсанаар үйлчилгээ иргэдэд ойлгомжтой болж, ачаалал буурч, иргэдийн цаг хугацааг ихээхэн хэмнэж, иргэдийн бухимдал, санал гомдол багассан.
Төрийн үйлчилгээний байгууллагуудаас анх удаа “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэх үйлчилгээнд тавих шаардлага” буюу “Байгууллагын үйлчилгээний стандарт /CS11-0063:2009/-ыг батлуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хэмжээнд мөрдөн ажиллаж байна.
“Нээлттэй хаалганы өдөр”-ийг сар бүрийн 2 дахь долоо хоногийн Бямба гаригт тогтмол зохион байгуулж хэвшүүлсэн бөгөөд уг өдрүүдийн хүрээнд бүртгэлийн байгууллагын танилцуулга болон байгууллагын үйлчилгээний стандарт, үйлчилгээний талаарх мэдээ мэдээлэл гарын авлага, байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээллийн самбар зэргийг тогтмол ажиллуулж, бүртгэлийн үйлчилгээг үзүүлж байна. “Мягмар” гаригийг дотоод ажлын өдөр байсныг өөрчилж, ажилтнуудын өдрийн цайны цагт ээлжийн хуваарь хийсний үндсэн дээр иргэдэд хүрэх үйлчилгээг тасралтгүйгээр явуулж хэвшээд байна.
Мөн үйлчилгээний танхимд орчин үеийн үйлчилгээний дугаарлалтын системийг нэвтрүүлж, гадаадад зорчих эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэл, архивын лавлагаа олгох үйл ажиллагаанд байнга ашиглаж байна. Тус газрын www.registrationmongolia.com, www.burtgel.mn вэб сайтуудыг тогтмол ажиллуулж, мэдээ мэдээллийг байнга шинэчилж иргэдэд бүртгэл, бүртгэлийн байгууллагатай холбоотой мэдээллийг тасралтгүй хүргэж байна.
Мөн иргэдэд цахим хэлбэрээр бүртгэлийн үйлчилгээний талаарх бүхий л мэдээллийг өгөх зорилгоор “1890” онлайн лавлах, онлайн чат үйлчилгээг нэвтрүүлсэн. Иргэдийн бэлэн болсон гадаад паспорт, эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг гар утсанд нь мессежээр мэдээлдэг болсон. Үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор үйлчилгээний танхимд цахим дэлгэц /touchscreen/ суурилуулж, иргэдэд лавлагаа, бүртгэлтэй холбоотой мэдээллүүдийг өөрсдөө авах боломжийг бүрдүүлж өгсөн.
Үйлчилгээний танхимд “Үйлчилгээ, лавлагааны цэг” /ресепшн/ -ийг ажиллуулж байна. Эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг бэлнээр хурааж зохиомлоор үйлчлүүлэгчдийн бөөгнөрөл үүсгэж байсныг зогсоож, үйлчилгээний төлбөр, хураамжийг банкаар дамжуулан хийдэг болгосон,
Ажлын цаг ашиглалтыг сайжруулах зорилгоор цагийн бүртгэлийн төхөөрөмжийг шинэчлэн хурууны хээгээр бүртгэж, цалинг цагийн цахим бүртгэлийг үндэслэн тооцож олгодог болсон. Мөн тус газраас иргэдэд үзүүлдэг үйлчилгээний талаар үзүүлэн, нугалбар, гарын авлага тараах материалыг тарааж, баримт бичиг хадгалах, эзэмших журмын талаар болон иргэний бүртгэл, гадаад паспорт, шилжилт хөдөлгөөн, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой бүхий л асуудлаар үйлчлүүлэхээр ирсэн иргэддээ мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч бүртгэлийн үйл ажиллагааг явуулж байна.
Байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний албан хаагчдын зан харьцаанд хөндлөнгийн 2 байгууллагаар нийт 4 удаагийн мониторинг хийлгэв.
Улсын бүртгэгчийн үйл ажиллагаа, ёс зүйн асуудалтай холбоотой иргэдийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зорилгоор “Иргэнд ээлтэй утас” ажиллуулж байна. Тус газар байрладаг 100 айл орчмын авто зам ачаалал ихтэй байдаг тул энэ асуудлыг шийдвэрлэхээр Нийслэл хотын удирдлагуудтай ярилцаж байна.
Улсын бүртгэлийн үйл ажиллагааг орон нутагт бэхжүүлэх чиглэлээр:
21 аймагт улсын бүртгэлийн үйл ажиллагааг Улсын бүртгэлийн хэлтэс, улсын бүртгэгч нар гүйцэтгэж байгаа бөгөөд тэдгээр нь бүртгэлийн байгууллагын гол тулгуур суурь болж байдаг. Иймд бид орон нутгийн бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, албан хаагчдынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр олон үйл ажиллагаа зохион байгуулсаар ирлээ. Тус газар байгуулагдсан цагаас хойш улсын бүртгэгч нарын төрөлжсөн семинар сургалтыг нийслэлд жилд 2-3 удаа, бүсчилсэн сургалтуудыг 4 бүсэд тус бүр 2 удаа зохион байгуулаад байна. Орон нутгийн Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, улсын бүртгэлийн үйлчилгээний орчинг сайжруулах зорилгоор Улсын бүртгэлийн хэлтсийн жишиг байрны зургийн хийлгэж, Хөвсгөл, Увс, Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн байрыг шинээр бариулахаар барилгын ажлыг эхлүүлээд байна. Улсын бүртгэлийн үйлчилгээг орон нутагт түргэн шуурхай хүргэх, бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх зорилгоор автомашинаар хангах ажлын хүрээнд одоогийн байдлаар Хөвсгөл, Сүхбаатар, Булган, Увс, Сэлэнгэ, Дорноговь, Архангай, Говь-Алтай аймгийн улсын бүртгэлийн хэлтэст улсын төсвийн хөрөнгөөр, Өвөрхангай, Хэнтий, Орхон, Дархан-Уул, Завхан, Ховд, Төв, Дорнод аймгийн улсын бүртгэлийн хэлтэст Монголын Мянганы Сорилтын Сангийн Хөрөнгийн эрхийн төслийн санхүүжилтээр тус тус автомашины асуудлыг шийдвэрлээд байна. Мөн “Хөрөнгийн эрхийн төсөл”-ийн хүрээнд Төв, Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Ховд, Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Чингэлтэй, Багануур, Сонгинохайрхан дүүрэг болон тус газрын 1, 3 дугаар байрны засвар, тохижилтын ажлыг гүйцэтгээд байна. Улсын бүртгэлийн үйл ажиллагааг төв, орон нутагт бэхжүүлэх, үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх, анхан шатны нэгж дэх бүртгэлийн үйл ажиллагаа, хяналтыг сайжруулах зорилгоор Засгийн газрын 2011 оны 20 дугаар тогтоолоор сум, дүүрэг, хороонд ажиллаж байсан бүртгэлийн ажилтныг УБЕГ-ын орон нутаг дахь салбар нэгжид шилжүүлэн орон тоо бүтцийн асуудлыг шийдвэрлээд байна. Энэхүү ажлын хүрээнд Монгол Улсын Тэргүүн шадар сайдын 2011 оны 70 дугаар тушаалаар тус газрын орон тооны дээд хязгаарыг 1288 байхаар тогтоосноос сум, тосгонд 358, дүүрэгт 71, хороонд 152 улсын бүртгэгч /анхан шатны нэгжид нийт 581/ ажиллах боломжтой болж байгаа юм. Иргэний цахим үнэмлэх олгох бэлтгэл ажлын хүрээнд: Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан «Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого»-д төрийн бүртгэл, мэдээллийн тогтолцоог шинэтгэж, бодитой цахим мэдээллийн тогтолцоо, сан байгуулах зорилгоор төрийн бүртгэлийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлж, төрийн бүртгэлд бүртгүүлсэнийг батлах баримт бичгийг компьютерт уншигдахаар болгон, бусад төрлийн цахим баримт бичигтэй хоршин хэрэглэдэг болгох, иргэний баримт бичгийг цахимжуулах, аймаг, нийслэл, томоохон төв суурин газрын хаягийн бүртгэлийг шинэчлэн бүртгэл, мэдээллийн тогтолцоог богино хугацаанд бүхэлд нь боловсронгуй болгох арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, мөн Засгийн газрын 2008 оны 78 дугаар тогтоолоор баталсан «Монгол Улсад бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр»-т тусгагдсаны дагуу «Монгол Улсын иргэний эрхийг баталгаажуулах, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн үйлчилгээний шинэ орчныг бүрдүүлэх зорилгоор иргэний цахим мэдээлэл бүхий Монгол Улсын иргэний үнэмлэхийг бий болгон иргэдэд олгох арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна. “Иргэний үнэмлэхийн загвар, нууцлал, тодорхойлолт, дүрмийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Засгийн газрын энэ оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулав. Монгол Улсын иргэний цахим үнэмлэхийг энэ оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хооронд иргэний шинэчилсэн бүртгэлийн мэдээлэлд суурилан 484 бүртгэлийн анхан шатны нэгжээр дамжуулан Монгол Улсын иргэн бүрт шууд олгохоор төлөвлөж байна. Иргэний үнэмлэх шинэчлэн олгох бэлтгэл ажлын хүрээнд дараах ажлууд хийгдэж байна.
Тус газраас 2010 онд Хүний хөгжил сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд иргэний шинэчилсэн бүртгэлийг явуулж иргэний төрсний, иргэний үнэмлэхийн, байнгын оршин суугаа хаягийн бүртгэлийг шинэчлэн бүртгэж, иргэний биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/ -ийн болон иргэний дижитал зургийн санг үүсгэн «Иргэний үнэмлэх» олгох мэдээллийн дэд бүтэц, суурийг бүрдүүлсэн. Мөн Монгол Улсын 2.7 сая иргэний 15 483 773 архивын баримтыг иргэн бүрээр хувийн хэрэгжүүлэх томоохон ажлыг дуусгаад байна. Эдгээр бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр иргэдэд иргэний цахим үнэмлэх олгох боломжтой боллоо. Цахим мэдээлэл бүхий Иргэний үнэмлэхийг иргэнд олгосноор дараах үр дүнд хүрнэ.Үүнд: Төрийн үйлчилгээг иргэд цахим хэлбэрээр түргэн, шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломж бүрдэнэ; Бүртгэл, мэдээллийн үнэн бодит сан бий болон мэдээллийн давхардал, бүртгэлийн зөрүү арилна; Цахим Засгийн газрын үндсэн цөм систем буюу цогц бүртгэл, мэдээллийн систем бий болно; Иргэний мэдээллийг агуулсан цахим ой санамж бүхий иргэний үнэмлэх нь мэдээллийн системд нэвтрэх түлхүүр болно. Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ Одоогийн байдлаар иргэний бүртгэлийн мэдээллийн санг ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, ГИХАЭА, ҮТЕГ, байнгын ажиллагаатай хилийн 25 боомт, 21 аймгийн улсын бүртгэлийн хэлтэс, Нийслэлийн бүртгэлийн газар, 9 дүүргийн иргэний бүртгэлийн тасаг зэрэг 61 нэгж холбогдон VPN /Virtual Private Network/ сүлжээгээр холбогдон харилцан мэдээлэл солилцон ажиллаж байна.
Цаашид иргэний шинэчилсэн бүртгэл, иргэний цахим үнэмлэхийн бэлтгэл ажлын үр дүнд бий болсон бүртгэлийн үнэн бодит мэдээллийн санд суурилсан бүртгэлийн мэдээллийг бусад төрийн байгууллага, иргэд байгууллага ашиглаж болох дундын өгөгдлийн системийг бий болгохоор ажиллаж байна.
Энэхүү дундын өгөгдлийн системийн үндсэн мэдээлэл нь Улсын бүртгэлийн мэдээлэл байх бөгөөд энэ санд нийгмийн даатгал, татвар, халамж гэх мэт бусад төрийн байгууллага холбогдон мэдээлэл оруулж тухайн иргэний зөвшөөрлөөр мэдээлэл солилцох боломжтой болох юм.
Ингэснээр бүртгэлийн нэгдсэн тогтолцоо бий болж, үйл ажиллагаа нь төгөлдөршиж, төрөөс иргэд байгууллагад үзүүлэх төрийн үйлчилгээ шинэ шатанд гарч, хүнд суртал чирэгдэл, шат дамжлага багасан цаг хугацаа, орон зайнаас үл хамаарсан бүртгэлийн орчин үеийн цогц систем бий болно. Анхаарал тавьсанд баярлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ